
Хотын Захирагч С.Амарсайхан “Нийслэлийн хэмжээнд хийгдэж байгаа зарим ажил удааширч байна. Жишээлбэл, Яармагт баригдаж буй Нийслэлийн эх хүүхдийн нэгдсэн эмнэлгийн барилгыг дурьдаж болно. Гэрээний дагуу 2018 оны 4 дүгээр сард ашиглалтад орж чадаагүй, дараа нь 2019 оны 11 дүгээр сард ашиглалтад орох байсан ч ороогүй хоёр удаа хойшилж байна. Энэ нь төсөвтэй холбоотой. Энэ асуудлыг Ерөнхий сайдад өөрийн биеэр танилцуулна. Эрүүл мэндийн сайдтай хамтарч асуудлыг Засгийн газарт оруулна гэж бодож байна. Төсвийн мөнгө болдоггүй юм бол өөр ямар эх үүсвэр байж болох вэ гэдгийг хайна. Ямар ч байсан энэ оны эхний нэг хоёр улиралд багтаан дөрөвдүгээр төрөх эмнэлгийг ашиглалтад оруулна гэж бодож байна” гэлээ. Ийнхүү хотын Захирагч үүсээд байгаа шаардлагатай төсвийн асуудлыг шийдвэрлэх хүртэл анхаарч ажиллахаа илэрхийллээ.
Энэхүү эмнэлгийг ашиглалтад оруулснаар төрөх эмнэлгүүдийн ачаалал тодорхой хувиар буурах чухал ач холбогдолтой. Тус нэгдсэн эмнэлэг нь олон улсын стандартад нийцсэн бөгөөд хүүхдийн 140 ортой, төрөхийн 160 ортой байх аж. Эмнэлэг ашиглалтад орсноор нийслэлчүүд олон улсын стандартад нийцсэн улсдаа тооцогдох эмнэлэгтэй болох юм.
НЗДТГ-ын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтэс


0 cэтгэгдэлтэй