Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн БНХАУ-д хийж буй албан ёсны айлчлалын хүрээнд Монгол Улсын Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газрын дарга Б.Цэнгэл, БНХАУ-ын Төрийн өмчийн хяналт, зохицуулах хорооны /SASAC/ дарга Жан Юй Зуо нар 2023 оны 6 дугаар сарын 28-ны өдөр харилцан ойлголцлын Санамж бичигт гарын үсэг зурлаа. Тус санамж бичигт хоёр орны хүрээнд дараах үндсэн гурван чиглэлээр хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэх талаар тодорхой тусгасан юм. Үүнд:
1.Төрийн өмчийн нэгдсэн удирдлага, зохицуулалт болон төрийн өмчийн бүртгэл тооллого, төрийн өмчийн хяналт шалгалт, төрийн өмчит компанийн засаглал, нийгмийн хариуцлагын биелэлт, технологийн инновац зэрэг тодорхой чиглэлээр туршлага солилцох, харилцан суралцахыг эрчимжүүлж, хоёр талын болон харьяа бүхий төрийн өмчит компаниудын хооронд Нээлттэй форум, Чуулга уулзалт, Эрдэм шинжилгээний нэгдсэн бага хурлыг хамтран зохион байгуулах;
2.Боловсон хүчний мэргэжлийн сургалт, компанийн засаглал, төрийн өмчийн хяналт шалгалт болон өөр бусад шинэлэг чиглэлээр харилцан сургах;
3.БНХАУ-ын “Бүс ба зам” санаачилга, Монгол Улсын “Талын зам” үндэсний хөтөлбөр, “Шинэ сэргэлтийн бодлого”-ыг уялдуулах хүрээнд хоёр талын харьяа бүхий төрийн өмчит компаниудын хооронд олон салбарт харилцан ашигтай, бодитой хамтын ажиллагааг өрнүүлэхийг дэмжсэн юм.
Тухайлбал, Эрчим хүч, уул уурхай, цахим хөгжил харилцаа холбоо, байгаль орчин ногоон хөгжил зэрэг салбаруудад хамтран ажиллах талаар санал нэгтэй тохиролцож, харилцан ойлголцлын Санамж бичиг байгуулсныг тус уулзалтын үеэр хоёр тал онцолж байв.
Эх сурвалж: Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газар
0 cэтгэгдэлтэй