
Нийслэлийн онцгой комисс өнөөдрийн хуралдаанаар шинэ коронавирусийн халдвараас урьдчилан сэргийлэлт, түүнд тавих хяналт зохион байгуулалтын ажлын явц зэрэг асуудлыг хэлэлцлээ. Хуралдааны эхэнд Нийслэлийн эрүүл мэндийн газрын дарга Л.Төмөрбаатар шинэ коронавирусийн халдвараас урьдчилан сэргийлэх талаар авч хэрэгжүүлсэн арга хэмжээний талаарх танилцуулгыг хийлээ.

Тэрбээр “БНХАУ-д шинэ коронавирусийн халдвараар нийт 28251 хүн өвчилж, 564 хүн нас барсан, дэлхийн 24 улсад өвчний тохиолдол бүртгэгдлээ. Нийслэлийн онцгой комиссын даргаас өчигдөр Улаанбаатар хот руу нэвтрэх товчоодод урьдчилан сэргийлэх, халдваргүйжүүлэлт ариутгал хийх үүрэг чиглэл өгсөн. Үүний дагуу урьдчилан сэргийлэх, авч хэрэгжүүлэх арга хэмжээтэй холбоотой журмын төсөл боловсруулж эхэлсэн. Нийслэлийн хэмжээнд иргэдийн хөдөлгөөнийг багасгаж хязгаарлахын тулд эрүүл мэндийн байгууллагуудад иргэдэд зөвлөгөө өгөх утас ажиллуулах зэрэг шаардлагатай арга хэмжээ авч ажиллаж байна. Шинэ коронавирусийн талаарх иргэдэд зориулсан мэдээлэл, зөвлөмж, сэрэмжлүүлгийг телевиз, хэвлэл мэдээллийн байгууллага, олон нийтийн цахим сүлжээгээр тогтмол түгээж байна” гэлээ.


Хуралдааны төгсгөлд Нийслэлийн онцгой комиссын гишүүн, нийслэлийн Засаг даргын нэгдүгээр орлогч Ж.Батбаясгалан онцгой комиссын гишүүдэд үүрэг чиглэлийг өглөө. Мөн тэрбээр “Улаанбаатар хот руу орж, гарч байгаа хөдөлгөөн төмөр зам, орон нутгийн агаарын тээвэр, авто тээвэр зэрэгт тавих хяналтыг сайжруулах шаардлагатай байна. Нийслэлийн хэмжээнд урьдчилан сэргийлэх ажил сулрах ёсгүй. Иргэдэд хандсан уриалга заавар зөвлөмжийг цаг тутам хүргэж ажиллах хэрэгтэй. Гадуур амны хаалт зүүх, урьдчилан сэргийлэх иргэдийн хариуцлага сул байна. Урд хөршид шинэ төрлийн вирусийн тархалт буурахгүй байгаа учраас хяналт, урьдчилан сэргийлэлтийг тэр хэрээр дээшлүүлэх шаардлагатай байна. Нийслэлийн онцгой комиссын зарим гишүүн хариуцлагатай байх ёстой. Төрийн алба түшмэлээр дутахгүй. Онцгой нөхцөл байдал үүсчихээд байхад хариуцсан ажилдаа эзэн болж чадахгүй, ажил хийдүүлж байгаа албан тушаалтнуудад хатуу анхааруулж хариуцлага тооцно” гэдгийг сануулаад вирусийн тархалт буурах хүртэл хариуцлагатай ажиллахыг бүх гишүүнд онцгой анхаарууллаа. НЗДТГ-ын Хэвлэл мэдээлэлтэй,харилцах хэлтэс
0 cэтгэгдэлтэй