Өвөр Монголын дуучин, бүжигчин Аянгын дуулсан “Шар талын эхэнд” дууг сонсоод бахдаж шагшсан хүмүүсийн давалгаа интернэтэд өрнөжээ. Тэрээр Лигдэн Хутагт Хаан Шар талд тэнгэрт халих үед цахар цэргүүдийн дуулсан дууг морин хуурчийн хамтаар дэлхийд таниулж гайхууллаа. Интернэт дэх түүний бичлэгийг дэлхий даяараа үзэж, шагшиж, сэтгэгдлээ хэлж байна.
Аянга “Шар талын эхэнд сар гартал суулаа даа, садан төрлөө бодохоор санаа зовохдоо дуулсан юм. Цаас нь үгүй газар цамцан дээрээ бичлээ, бэх нь үгүй газар цусаараа бичлээ…” гэж дуулахдаа дуундаа бүрэн автаж хашхирч, цөхөрч, уужирч дуулсан. Түүний дуулахыг сонссон хүн бүхэн энэ дуунд, Аянгад автаж байна. “Шар Талын эхэнд” дууг сонсохоор, дуучин Аянгыг харахаар монголчуудыг, тэр дундаа тасарч холдсон Өвөр Монголчуудаа бодохгүй байхын аргагүй. Ямар ч сайхан дуулав, яасан ч мундаг дуучин юм бэ Аянга. Түүнийг дуулахад үзэгчид амьсгаа даран чагнадаг, түүнд уусдаг, зүрхнээсээ дуулдаг хэмээн шүтдэг. Ийнхүү Монгол дуучин, бүжигчин Аянга сайхан хоолой, эрэмгий царайлаг төрх, бүжгийн хэмнэлээрээ гайхуулж явна.
Аянга багаасаа дууч хүү байжээ
Аянга, 2014 оны өвөл Хятадын төв телевизээс зохион байгуулсан “Дундад улс сонирхон үзэж байгаа” нэртэй томоохон дууны уралдаанд оролцож гуравдугаар байрт шалгарч Өвөр Монголчуудыг баярлуулж байжээ.
Тэр үеэр Өвөр Монголын хэвлэлүүд “Он солигдохын зааг дээр Монгол түмнийг баярлуулан догдлуулсан нэгэн сайхан явдал бол Ордос нутагтай залуу дуучид “Дундад улс сонирхон үзэж байгаа” уралдаанд оролцож Аянга гуравдугаар, Мөнгөнхуар тавдугаар байранд шалгарлаа. Өнгөрсөн жилүүдэд Амгалан, Уудам гээд олон монгол хүүхдүүд Өвөр Монголын төдийгүй Дундад улсын дуу хөгжмийн ертөнцөд авьяасаа гайхуулж, үндэсний аялгуу дууг дэлхийн сонорт хүргэж байсан. Тэдний араас Аянга, Мөнгөнхуар нар гарч ирлээ” хэмээн бичиж байжээ.
Аянга хүү түүнээс өмнө 2013 онд “Улаанцав”-ын нэрэмжит Өвөр Монголын залуу дуучдын телевизийн уралдаанд тэргүүн байранд шалгарч анх олны танил болж байв. Дараа жил нь Аянга улам их амжилт гаргасан бөгөөд 2014 онд “Анхүй” телевизийн зохион байгуулсан “Suреr Мr” тэмцээнд оролцож авьяас, өвөрмөц дуу хоолой, монгол эрийн омог зоригоороо хамгийн өндөр үнэлгээг авч тэргүүлжээ. Тэгээд тэр ондоо Хятад улсын төв телевизийн “Дундад улс сонирхон үзэж байгаа” шоу нэвтрүүлэгт гуравдугаар байранд шалгарсан билээ. Түүнээс хойш Аянга хүү Өвөр монголчууд, нутгийнхныхаа сэтгэлийг догдлуулсан олон сайхан монгол дуу дуулж, үндэсний дуу, бүжгээ дэлхийн үзэгчдийн хүртээл болгов. Ийнхүү эгэл хөдөөний бор хүү Аянга богино хугацаанд жинхэнэ “Од” болжээ.
Дуучин Аянга Ордос хотын Отог хошуу нутагтай. Түүнийг гуравхан настай байхад аав нь зүрхний өвчнөөр өөд болсон гэнэ. Аав нь гурван утаст хуур, хоёр утаст хуур, морин хуур зэрэг олон хөгжим тоглодог ардын авьяастан уран бүтээлч байсан бөгөөд Аянга аавынхаа авьяасыг өвлөсөн, бага наснаасаа дуу хөгжимд дуртай хүүхэд байжээ.
Тэрээр Өвөр Монголын жирийн малчин айлын хүүхэд бөгөөд гэртээ байгаа ганц цахилгаан хэрэгсэл болох радиогоо таван жил гараасаа салгалгүй хажуудаа байлгаж, Өвөр Монголын алдарт дуучин Тэнгэрийн болон бусад дуунуудыг бүгдийг нь дуулж сурсан гэнэ. Аянга хөдөөний монгол хүүхдүүдийн адилаар өглөө бүр ээжийнхээ бэлтгэж өгсөн борцтой сүүтэй цайг аваад хонь хариулах ажилдаа гардаг. Бүтэн өдөр хонио хариулаад үдэш гэртээ ирэх хүртлээ хээр хөдөө цангинатал дуулж явдаг хүүхэд байжээ.
Дуучин, бүжигчин Аянга “Өдөржин дуулчихаад, өөрийнх нь үнэнч сонсогч фенүүд болох хонин сүргээ туугаад гэртээ харьдаг байсан балчир насны өдрүүд минь миний хамгийн жаргалтай хоногууд байсан. Ээжийнхээ чанасан цайг уугаад жаргалтай гүйж явсан тэр өдрүүдэд би дуу дуулж сурсан” гэж дурсан ярьдаг. Тэр үед нутгийнхан нь Аянгыг өхөөрдөн “Бяцхан поп дуучин” гэдэг байж.
Урлагийн замаар алхсан нь
Аянгыг долоон настай байхад ээж нь хүндээр өвдөн бурхан болж хүү өнчрөн үлджээ. Ийнхүү амьдралын хатуу бэрхийг дэндүү нялхаараа үзсэн хүү дуугаа хурааж, сэтгэл гонсгор явах болсон байна. Түүний уйтай, гунигтай, дуугаа хураасан байдлыг хараад төрөл саднууд нь санаа зовсондоо Аянгыг урлагийн сургуульд оруулсан гэнэ. Арав гаруйхан настай Аянга ийнхүү урлагийн зам руу эргэлт буцалтгүй оржээ.
Ингээд Өвөр Монголд бүжгийн мэргэжлээр хэдэн жил сурсан Аянга 2009 онд Бээжингийн бүжгийн сургуульд элсэн орж оюутан боллоо. Хятадын нутаг нутгийн бүжгийн урлагт сонирхолтой хүүхдүүдийн мөрөөдөл болсон энэ сургуулийн босгыг хэр баргийн хүн давж алхдаггүй бөгөөд Аянгын хувьд ч амаргүй даваа байжээ. Аянга Бээжингийн бүжгийн сургуульд элсэхийн тулд дөрвөн жилийн турш Бээжин хотод ажиллаж, суралцаж, бэлтгэж байж шалгалт өгч тэнцсэн юм байна.
Аав, ээж нь эрт бурхан болсон түүнд олигтойхон туслах ах дүү хамаатан байхгүй учраас Аянга их сургуулийн төлбөрөө төлөхийн тулд хоолны газар бүжигчнээр ажиллаж, зочид буудалд дуу дуулах зэргээр олон ажил хийжээ.
Ингээд оюутан болсныхоо дараа бүжиг сурахын зэрэгцээ дуулаачийн урлагт суралцаж, мэргэжлийн багшаар удирдуулж байв. Аянга сургуулиа төгсөнгүүтээ Бээжингийн үндэсний дуу бүжгийн чуулгад орж ажилласан. 2014 онд нэгэн сайн найзынхаа хүсэлтээр Хятадын нэрт шоу нэвтрүүлэг “Suреr Мr”-д оролцон тайзны ур авьяас, дуу хоолой, зүс царай, бие галбираараа олноос онцгойрон үзэгчдийн сайн танил болжээ. Түүний дараа “Дундад улс сонирхон үзэж байгаа” уралдаанд оролцон шилдэг уран бүтээлч гэдгээ харуулж, нэр алдар нь олноо түгэв.
Хятадын хамгийн том тайзан дээр дуулсан “Шар талын эхэнд” дуу нь түүнийг улам алдаршуулж, олны хараанд, дэлхийн дэвжээнд аваачсан юм. Дуучин, бүжигчин Аянга монгол, хятад, англи хэл дээр дуулдаг. Дуулсан дуу бүр нь хит болдог. Одоо тэрээр интернэтэд хамгийн их хандалттай дуучдын нэг болжээ.
0 cэтгэгдэлтэй