Өнгөрсөн долоо хоногийн тойм

2020-02-10 62 0
Нийслэлийн Засаг даргын Тамгын газар болон Нийслэлийн харьяа газар, агентлагуудын зүгээс 2020 оны хоёрдугаар сарын 03-наас хоёрдугаар сарын 7-ны өдрүүдэд Улаанбаатар хотын хэмжээнд хийсэн томоохон ажлууд болон хотын Захирагч С.Амарсайханы оролцсон арга хэмжээ, өгсөн үүрэг даалгавар, бүтээн байгуулалтын ажлуудтай холбоотой мэдээ мэдээллийг тоймлон хүргэж байна.
Хог ачилтын компаниудын үйл ажиллагааг цахимаар хянадаг болно
Нийслэлийн удирдах ажилтнуудын шуурхай зөвлөгөөн боллоо. Хуралдааны эхэнд НЗДТГ-ын Хяналт, шинжилгээ үнэлгээний хэлтсийн дарга Х.Гантулга өмнөх шуурхай зөвлөгөөнд хотын Захирагчаас өгсөн үүрэг даалгаврын биелэлтийн талаар мэдээлэл өглөө. Өнгөрсөн 14 хоногийн хугацаан дахь нөхцөл байдлын талаар нийслэлийн Тээврийн цагдаагийн алба, Онцгой байдлын газар, Цагдаагийн газраас мэдээлэл хийхдээ гэмт хэргийн гаралт өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 31 хувиар буурсан ч, ослын дуудлага 6 хувиар өссөн талаар мэдээллэв. Мөн иргэдийн эрүүл мэнд, аюулгүй байдлыг хангах үүднээс нийслэлийн Засаг даргын 108 дугаар захирамжийн хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахад өнөөдрийн байдлаар ямар нэгэн зөрчил дутагдал илрээгүй байна. Харин Чингэлтэй, Сүхбаатар дүүргүүдийн зарим хороодын нутаг дэвсгэрт хөрсний ус гарч, халиа дошин үүссэнийг холбогдох албаныхан шуурхай арга хэмжээ авч ажилласан талаар тайлагналаа. Хотын Захирагч С.Амарсайхан цаг үеийн нөхцөл байдалтай холбогдуулан хийж гүйцэтгэж байгаа ажлын явцыг нийслэлийн нутгийн захиргааны байгууллагын зарим удирдлагуудаас тодруулж, хэд хэдэн чиглэлээр үүрэг даалгавар өглөө. Тэрбээр “Хоггүй амьдарцгаая” аяны биелэлт хангалтгүй байгаа учраас нийслэлийн Мэдээлэл, технологийн газар, Захирагчийн ажлын алба хамтран дүүргүүдийн ТҮК-ийн ажлыг нэгдсэн системд холбож, цахимаар хянах боломжтой болгохыг үүрэг болголоо. Нийслэлийн хэмжээнд ариутгал халдваргүйжүүлэлтийг яаралтай зохион байгуулахыг үүрэг болголоо
Нийслэлийн онцгой комиссын хуралдаанаар шинэ коронавирусийн халдвараас урьдчилан сэргийлэлт, түүнд тавих хяналт зохион байгуулалтын ажлын явц зэрэг асуудлыг хэлэлцлээ. Улаанбаатар хотын ерөнхий менежер Л.Гантөмөр нийслэлийн Засаг даргаас өгсөн үүрэг чиглэлийг комиссын гишүүдэд танилцууллаа. Тэрбээр “Засаг даргаас өчигдөр нийслэлийн хэмжээнд үйл ажиллагаа явуулж буй зах худалдааны төв, орон сууц, гэр хорооллуудад ариутгал, халдваргүйжүүлэлт хийх ажлыг яаралтай зохион байгуулах үүрэг өглөө. Энэ дагуу ариутгал халдваргүйжүүлэлт хийх төлөвлөгөө гарсан. Гуравдугаар сар дуустал ариутгал халдваргүйжүүлэлтийг нийслэлийн хэмжээнд хийхээр болсон. Тусгай зөвшөөрөл бүхий 41 аж ахуй нэгж энэ ажлыг хийж гүйцэтгэнэ, Захирагчийн ажлын алба, Мэргэжлийн хяналтын газар хяналт тавин ажиллана” гэсэн юм. Нийслэлийн онцгой комиссын гишүүн, нийслэлийн Засаг даргын нэгдүгээр орлогч Ж.Батбаясгалан онцгой комиссын гишүүдэд үүрэг чиглэлийг өглөө. Мөн тэрбээр “Улаанбаатар хот руу орж, гарч байгаа хөдөлгөөн төмөр зам, орон нутгийн агаарын тээвэр, авто тээвэр зэрэгт тавих хяналтыг сайжруулах шаардлагатай байна. Нийслэлийн хэмжээнд урьдчилан сэргийлэх ажил сулрах ёсгүй. Иргэдэд хандсан уриалга заавар зөвлөмжийг цаг тутам хүргэж ажиллах хэрэгтэй. Гадуур амны хаалт зүүх, урьдчилан сэргийлэх иргэдийн хариуцлага сул байна. Урд хөршид шинэ төрлийн вирусийн тархалт буурахгүй байгаа учраас хяналт, урьдчилан сэргийлэлтийг тэр хэрээр дээшлүүлэх шаардлагатай байна. Нийслэлийн онцгой комиссын зарим гишүүн хариуцлагатай байх ёстой. Төрийн алба түшмэлээр дутахгүй. Онцгой нөхцөл байдал үүсчихээд байхад хариуцсан ажилдаа эзэн болж чадахгүй, ажил хийдүүлж байгаа албан тушаалтнуудад хатуу анхааруулж хариуцлага тооцно” гэдгийг сануулаад вирусийн тархалт буурах хүртэл хариуцлагатай ажиллахыг бүх гишүүнд онцгой анхаарууллаа. Дархан хотод короновирусийн халдвар илрээгүй
Сайжруулсан шахмал түлштэй холбоотой болон бусад цаг үеийн нөхцөл байдалтай холбогдуулан НОБГ-ын Гамшгаас урьдчилан сэргийлэх хэлтсийн дарга, хурандаа Г.Нэргүй, нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын дэд дарга С.Даваасүрэн, НЗДТГ-ын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтсийн дарга Ц.Мөнхбаатар, Агаарын бохирдолтой тэмцэх газрын ахлах мэргэжилтэн Г.Даваажаргал, НЭМГ-ын Нийгэм эрүүл мэндийн бодлогын хэлтсийн дарга О.Энхзаяа нар мэдээлэл хийлээ. Он гарснаас хойш угаарын хийнд хордож нас барсан тохиолдол гараагүй бөгөөд дуудлага өгч байгаа байдлаар нь авч үзвэл Сонгинохайрхан, Баянзүрх дүүрэгт их байгаа талаар НОБГ-ын Гамшгаас урьдчилан сэргийлэх хэлтсийн дарга, хурандаа Г.Нэргүй хэллээ. Угаарын хийнд хөнгөн хэлбэрээр хордлоо гэх дуудлагын дагуу мэргэжлийн байгууллагынхан очиж шалгалт хийхэд яндангийн сойлтоо хаасан, зуух ханан пийшингийн холбоос засвартай, битүүмжлэл муу, яндангаа хөөлөөгүй, үнс дүүрсэн зэрэг иргэдийн өөрсдийн аюулгүй байдлаа хангаагүй байдлаас үүдэж угаарын хийнд хордох шалтгаан болж байгааг мөн дурдлаа. Сүүлийн өдрүүдэд угаар мэдрэгчийг хэрэглэх заавар зөвлөмжийг уншиж танилцаагүйн улмаас дуугарсан тохиолдолд унтраах, агаар сэлгэх арга хэмжээг авалгүй хордлогын шинж тэмдэг илрэх тохиолдол гарч байгаа учраас иргэдийг эрүүл мэнд, амь насаа хамгаалж аюулгүй байдлаа бүрэн хангахыг албаныхан сануулсан юм. Томуу, томуу төст өвчлөл болон короновирусийн халдвартай холбогдуулан эх сурвалжгүй, худал мэдээлэл цахим орчинд тараагдаж байгаа нь нийгэмд эмх замбараагүй байдал үүсгэж болзошгүй учраас хэвлэл мэдээллийн байгууллагуудыг эх сурвалжтай, бодит мэдээллийг хүргэж хамтарч ажиллахыг НЗДТГ-ын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтсийн дарга Ц.Мөнхбаатар уриаллаа. Нийтийн эдэлбэрийн газрын байршлыг нэмнэ
Нийслэлийн Засаг даргын зөвлөлийн хуралдаанаар Нийтийн эдэлбэрийн газрын байршил, хэмжээг тогтоох тухай асуудлыг хэлэлцэв. Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчийн 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн хэрэгжилтийг хангах ажлын хүрээнд нэг хүнд ногдох ногоон байгууламжийн хэмжээг нэмэгдүүлэх зорилгоор нийслэлийн нутаг дэвсгэрт бичил цэцэрлэг, ногоон байгууламжийг шинээр байгуулах, ногоон байгууламж бүхий газруудын арчлалт хамгаалалтыг сайжруулахаар 2019 онд 126 тогтоолоор 32 байршил баталсан байдаг. Нийслэл хотын барилгажилт, нягтрал нэмэгдэж байгаа энэ үед гудамж талбай, ногоон байгууламжийг хэвээр хадгалж үлдэх, амралт зугаалгын талбайг нэмэгдүүлэх шаардлагыг харгалзан дүүргүүдийн иргэдийн Төлөөлөгчдийн хурал болон Засаг даргын Тамгын газруудаас ирүүлсэн саналыг үндэслэн нэмж 38 байршлын 130 га газрыг нийтийн эдэлбэр газраар тогтоохоор болжээ. Тодруулбал, Баянгол дүүрэгт 2 байршилд 0.49 га, Баянзүрх дүүрэгт 10 байршилд 26.69 га, Сонгинохайрхан дүүрэгт 6 байршилд 4.83 га, Сүхбаатар дүүрэгт 3 байршилд 3.6 га, Хан-Уул дүүрэгт 9 байршилд 2.65 га, Чингэлтэй дүүрэгт 8 байршилд 92.2 га газрыг хамруулах аж. Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Амарсайхан тусгай хэрэгцээнд авч нийтийн эдэлбэр газарт орсон байршлуудын мэдээллийг тухайн дүүрэг хороодын иргэдэд өгч ажиллах үүргийг нийслэлийн Газар зохион байгуулалтын албанд даалгалаа. Зөвлөлийн гишүүд хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан санал хэлж, дэмжсэнээр НИТХ-ын Тэргүүлэгчдийн хуралдаанд оруулахыг дэмжлээ. С.Амарсайхан: Нийслэлийн эх хүүхдийн нэгдсэн эмнэлгийн барилгыг энэ оны хоёрдугаар улиралд ашиглалтад оруулахад анхаарч ажиллана
Хотын Захирагч С.Амарсайхан Яармагт баригдаж буй Нийслэлийн эх хүүхдийн нэгдсэн эмнэлгийн барилгын явцыг шалгаж, газар дээр нь очиж ажиллав.  Учир нь төсөв хөрөнгөний улмаас дэлхий нийтийн жишигт нийцсэн энэхүү нэгдсэн эмнэлэг ашиглалтад орох хугацаа удаашрах эрсдэлтэй байна. Анх Үндэсний хөгжлийн газарт концессын тендер зарласнаар 2017 оны долоодугаар сард “Томо Бюлдинг” ХХК-тай 25 тэрбум 724 сая 600 мянган төгрөгийн гэрээ хийсэн байна. Тус компани өөрсдийн хөрөнгөөр барьж дуусгаад 2020 онд улсын төсвөөс санхүүжилтээ авах байж. Гэвч үйл ажиллагаа явуулж байх хугацаанд захиалагч тал болох Эрүүл мэндийн яам нэмэлт ажил хийх хэрэгтэй гэж үзсэн ч шаардлагатай нэмэлт зардлын асуудлыг шийдээгүй байгаа учраас “Томо Бюлдинг” ХХК нь үйл ажиллагаагаа явуулах боломжгүй байдалд оржээ. Энэхүү эмнэлгийг ашиглалтад оруулснаар төрөх эмнэлгүүдийн ачаалал тодорхой хувиар буурах чухал ач холбогдолтой. Тус нэгдсэн эмнэлэг нь олон улсын стандартад нийцсэн бөгөөд хүүхдийн 140 ортой, төрөхийн 160 ортой байх аж. Эмнэлэг ашиглалтад орсноор нийслэлчүүд олон улсын стандартад нийцсэн улсдаа тооцогдох эмнэлэгтэй болох юм. Хотын Захирагч эмнэлгийн барилгыг энэ оны хоёрдугаар улиралд багтаан ашиглалтад оруулахаа мэдэгдлээ. Нийтийн эзэмшлийн гудамж талбайд нус цэрээ хаясан, бие зассан иргэнд Зөрчлийн хуулийн дагуу хариуцлага хүлээлгэнэ
Нийслэлийн Онцгой комиссын дарга С.Амарсайхан нийслэлийн Онцгой комиссын гишүүд болох  нийслэлийн Засаг даргын Хөгжлийн бодлогын асуудал хариуцсан нэгдүгээр орлогч  Ж.Батбаясгалан, нийслэлийн Онцгой байдлын газрын дарга, хурандаа Ж.Чүлтэмсүрэн, нийслэлийн Эрүүл мэндийн газрын дарга Л.Төмөрбаатар, нийслэлийн ЗДТГ-ын Хууль эрхзүйн хэлтсийн дарга А.Даваажаргал, Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтсийн дарга Ц.Мөнхбаатар нарыг албан өрөөндөө дуудаж, нийслэлчүүдийг коронавирусаас сэргийлэх ажлыг эрчимжүүлэх чиглэлээр тодорхой арга хэмжээг авч хэрэгжүүлэх тухай Нийслэлийн Засаг даргын захирамжийг танилцуулж, захирамжийн хэрэгжилтийг хангаж ажиллахыг үүрэг болголоо. Хотын захирагч С.Амарсайхан “Манай улсад хэдийгээр шинэ коронавирус бүртгэгдээгүй боловч эрсдэлтэй орны тоонд бид багтаж байгаа. Та бидний үүрэг бол нийслэлчүүдийнхээ аюулгүй байдлыг хангах, эрүүл мэндийг аливаа эрсдэлд оруулахаас хамгаалах явдал. Коронавирусаас сэргийлэх үйл хэрэгт иргэдээсээ эхлээд назгайрах, маск амны хаалтаа зүүхгүй байх тохиолдол гарах боллоо. Тиймээс сэрэмжлүүлэг мэдээллийг бүхий л чиглэлээр иргэдэд олгох нь чухал байна. Мөн ариутгал, халдваргүйжүүлэлтийн ажлыг төрийн болон хувийн хэвшлийн байгууллагууд, худалдаа үйлчилгээний газрууд хэрэгжүүлнэ. НОК-ын даргын тушаал шийдвэр гарч байгаа. Тус шийдвэрийн хүрээнд шинэ коронавирусаас сэргийлэхтэй холбоотой бүхий л арга хэмжээг тусгасан, шуурхай штаб байгуулахыг үүрэг болгосон байгаа. Мөн Зам тээврийн сайд Л.Энх-Амгаланд хандан Нийслэлийн Засаг даргаас  албан бичиг хүргүүлнэ. Албан бичгийн хүрээнд нийслэл хотруу чиглэж байгаа авто замын шалган нэвтрүүлэх постууд дээр шуурхай штаб байгуулан ажиллахад дэмжлэг үзүүлэх, орон нутгаас хотруу ирж байгаа зорчигчдод эрүүл мэндийн анхан шатны шалгалт явуулах зэрэгт хамтран ажиллах саналыг хүргүүлсэн. Түүнчлэн Халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх зарим арга хэмжээний тухай захирамж гарч байгаа. Захирамжийн хүрээнд коронавирусаас сэргийлэх, хариу арга хэмжээг шуурхай авч ажиллахыг НЭМГ, НМХГ, НЦГ, НОБГ, ТЦГ, НМЭГ, Захирагчийн ажлын алба болон  дүүргийн Засаг дарга нарт тус тус  үүрэг болгосон. Дээр нь нэгдүгээр орлогч аймгийн дарга нартайгаа ойрхон мэдээллээ солилцож хамтран ажиллах ёстой” гэв. Гэр хорооллын дахин төлөвлөлт хэрэгжүүлэх 11 байршилд сонгон шалгаруулалт зарлажээ
Нийслэлийн Хот байгуулалт хөгжлийн газрын  Барилга, байгууламжийн хяналтын хэлтсийн дарга Д.Жүрмэддорж, Хот төлөвлөлтийн хэлтсийн ахлах мэргэжилтэн Д.Хан-Уул, хэвлэл мэдээлэл хариуцсан ажилтан Г.Мөнхтуул нар барилгын загвар зурагт тавигдах ерөнхий шаардлага болон гэр хорооллын дахин төлөвлөлийн хүрээнд сонгон шалгаруулалт зарласан талаар мэдээлэл хийлээ. Барилга, байгууламжийн хяналтын хэлтсийн дарга Д.Жүрмэддорж “Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Амарсайхан 2020 оныг стандарттай хот болгох зорилт дэвшүүлсэн. Энэхүү зорилтын хүрээнд орчны аюулгүй байдлыг хангаж барилгын хашаа хатгах А даалгавар буюу зөвшөөрлийг  заавал авах ёстой. Үүний дараагаар барилгыг эхлэх гэрчилгээг авдаг. Журмаар зохицуулсан зохицуулалтаар түр хашаатай байх нөхцөл шаардлагуудыг Хот байгуулалт хөгжлийн газрын вэб сайтнаас авах боломжтой. Стандарттай хот болгох зорилтын хүрээнд орчны аюулгүй байдлыг хангах шаардлагуудыг барилгын ажил эрхэлж байгаа иргэн, хуулийн этгээдүүдэд хяналтыг байнга тавина” хэмээн хэллээ. Нийслэлийн Хот байгуулалт хөгжлийн газраас 2020 онд ашиглалтын шаардлага хангахгүй барилгуудыг дахин барилгажуулах, гэр хорооллыг дахин төлөвлөлтөд оруулж барилгажуулах гэсэн үндсэн хоёр чиглэлд онцгой анхаарч ажиллах аж. Гэр хорооллын дахин төлөвлөлтийн хүрээнд гурван дүүргийн 11 байршилд төсөл хэрэгжүүлэгчийн сонгон шалгаруулалтыг энэ сарын 20-ныг хүртэл зарлажээ. Дэлгэрэнгүй мэдээллийг Нийслэлийн Хот байгуулалт хөгжлийн газрын WWW.UDA.UB.GOV.MN вэб сайтаас авч болох аж. Төрийн болон хувийн өмчит компаниудтай хамтарч ажиллана
Хотын Захирагч С.Амарсайхан нийслэлийн онцгой комиссын зарим гишүүнтэй коронавирусаас урьдчилан сэргийлэх ажлыг эрчимжүүлэх болон томуу, томуу төст өвчлөлийн үед эмнэлгийн ачааллыг бууруулах чиглэлээр ярилцлаа. Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Амарсайхан “Томуу, томуу төст өвчлөлийн үеэр эмнэлгийн ачаалал ихсэж буй энэ үед Баянзүрх, Сүхбаатар дүүргийн нэгдсэн эмнэлэг, Эх хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төвд очиж ажиллалаа. Эмнэлгийн эмч, албан хаагчид байгаа нөхцөл боломжиндоо тохируулж, хүн хүчээ хуваарилж ажиллаж байна.  Эх хүүхдийн эрүүл мэндийн төв л гэхэд 40 ортой хүүхдийн тасагт 70 хүүхэд хэвтэж эмчлүүлэх, ашиглалтын шаардлага хангахгүй өрөө тасгийн асуудлаас эхлээд хүндрэлтэй зүйл их байна. Тиймээс боломж бололцоогоо ашиглан эмнэлгийн барилгыг шинэчлэн өргөтгөх шаардлагатай байна. Мөн Хан-Уул дүүрэгт баригдаж байгаад “царцсан” нийслэлийн Эх хүүхдийн нэгдсэн эмнэлгийг яаралтай ашиглалтад оруулах ажлыг эрчимжүүлэх хэрэгтэй. Үүний тулд заавал Засгийн газарт хандаж, хөрөнгө мөнгө нэхэхээсээ илүүтэйгээр төрийн өмчит болон хувийн өмчит аж ахуйн нэгжүүдийг татан оролцуулъя. Би ирэх долоо хоногт Оюутолгой, Эрдэнэставантолгой компанийн удирдлагуудтай уулзаж, нийгмийн хариуцлагын хүрээнд хөрөнгө оруулалт хийж иргэдийн эрүүл мэнд амь насыг сахин хамгаалах ажилд дэмжлэг үзүүлэх асуудлаар ярилцах болно” хэмээн хэллээ. Төрийн болон хувийн өмчит компаниудын хөрөнгө оруулалтаар нийслэлийн Эх хүүхдийн нэгдсэн эмнэлгийн барилгыг энэ оны хоёрдугаар улиралд багтан ашиглалтад оруулах аж.
Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтэс 

Холбоотой мэдээ

СХТТШ-ЫН БҮРТГЭЛД БҮРТГҮҮЛЭХ ХҮСЭЛТЭЙ ИРГЭДИЙН АНХААРАЛД

БНСУ-аас 2024 онд Монгол ажилтан сонгон шалгаруулж авах цахим бүртгэлийн үйл ажиллагааг 2024 оны 02

2024-02-29

Иргэн та 1800-0724 дугаарт хандаж зөвлөгөө аваарай

Иргэн та Хөдөлмөр, нийгмийн хамгааллын салбарын дуудлагын нэгдсэн төв 1800-0724 утсанд хандаж өөрт т

2024-02-29

Метроны үнэ 1000 төгрөг байх тооцоо гарчээ

Улаанбаатар хотод их багтаамжийн нийтийн тээврийн хэрэгсэл буюу метрог байгуулах төслийн зөвлөх үйлч

2024-02-29