М.Чинбат, С.Алиманцэцэг нарыг УЕП-ын орлогчоор томилохыг дэмжлээ

2019-04-18 394 0

М.ЧИНБАТ, С.АЛИМАНЦЭЦЭГ НАРЫГ УЕП-ЫН ОРЛОГЧООР ТОМИЛОХЫГ ДЭМЖЛЭЭ

Пүрэв гаригийн чуулганы үдээс хойших хуралдаанаар Захиргааны ерөнхий хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүд, Өмгөөллийн тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг хэлэлцсэнээр өнөөдрийн чуулганыг хаалаа.

Хуулийн төслүүдийг баталлаа

Захиргааны ерөнхий хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийг  хэлэлцэн баталлаа.

Үндсэн хуулийн цэцийн 2018 оны 15 дугаар дүгнэлтээр Захиргааны ерөнхий хуулийн 3 дугаар зүйлийн 3 14 дэх заалт, 37 дугаар зүйлийн 37.1 дэх хэсгийн холбогдох заалт, түүнчлэн Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.3, 112 дугаар зүйлийн 112.9 дэх хэсгийг Үндсэн хуулийн цэцэд маргаан хянан шийдвэрлэх ажиллагааны тухай хуулийн 32 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасны дагуу түдгэлзүүлэхээр шийдвэрлэсэн. Уг дүгнэлтийг УИХ хүлээн авсантай холбогдуулан Захиргааны ерөнхий хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийг боловсруулсан байна.

Өмгөөллийн тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг хэлэлцэхийг дэмжлээ

Үргэлжлүүлэн Өмгөөллийн тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг хэлэлцэх нь зүйтэй гэж гишүүдийн  67.9 хувь нь дэмжсэн тул  анхны хэлэлцүүлэгт бэлтгэхээр Хууль зүйн байнгын хороонд шилжүүллээ.

 “Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрийг хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөө батлах тухай Монгол Улсын Засгийн газрын 2016 оны 121 дүгээр тогтоолын хавсралтын 5.4 дэх хэсэгт заасан “Чанд сахилга бат, дэг журамд суурилсан хүнлэг, иргэндээ ээлтэй, улсдаа түшигтэй, хууль хэлбэрэлтгүй мөрдөгдсөн хуулийн байгууллагыг бэхжүүлэх зарчмыг баримтлах” зорилгын хүрээнд “Өмгөөллийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг боловсруулах” арга хэмжээг тусгасан хэмээн УИХ-ын гишүүн, Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.Нямдорж танилцуулгадаа дурдсан юм. Тэрбээр, Өмгөөллийн тухай 2002 оны хуулийг хүчингүй болгож, өмгөөлөгчдийн өөрөө удирдах ёсны байгууллагын эрх зүйн байдал зохицуулалтгүй болсон. Энэхүү хуулийн зохицуулалтыг сайжруулах, боловсронгуй болгох зайлшгүй шаардлага байгаа талаар дурдав. Гишүүдийн зүгээс уг хуулийн төслийг чамбай боловсруулж оруулж ирэх хүссэн юм.


УИХ-ын чуулганы үдээс хойшхи хуралдаанаар Монгол Улсын Ерөнхийлөгчөөс ирүүлсэн Улсын ерөнхий прокурорын орлогч нарыг томилох тухай асуудлыг хэлэлцэж, 86.2 хувиар М.Чинбат, С.Алиманцэцэг нарыг Монгол Улсын Ерөнхий прокурорын орлогчийн албан тушаалд томилохыг дэмжлээ.

УИХ-ын гишүүн О.Батнасан:

-Нэр дэвшигчдийг дэмжиж байна. Дэмжиж байгаагийн гол шалтгаан нь системийн хүмүүс орж ирснийх. Прокурорын тухай хуульд өөрчлөлт оруулах цаг нь болсон, анхаарна биз. Бид эрх зүйт төрд ажиллаж байгаа. Шүүхийн засаглалд итгэнэ. Үүнийг бий болгох гол хүмүүс нь прокурорууд. Та нар хариуцлагатай ажиллаарай. Өнөөдөр нийгэмд цахим хэрэгслээр гарсан  мэдээллээр ялладаг болсон. Ийм эрх зүйт төр байхгүй шүү. Эцсийн цэгийг хуулийнхан тавина. Шүүхийн шийдвэрийн тогтоолоор хүнийг яллана. Үүнд гол үүрэг гүйцэтгэдэг хүмүүс нь прокурорууд. Энэ талд анхаарч ажиллаарай. Та нар гүйцэтгэх ажил хийдэг хүмүүс.

УИХ-ын гишүүн Д.Хаянхярваа:

-Хууль шүүхийн байгууллагын нэр хүнд унасныг хүн бүхэн ярьж байгаа. Шүүх, прокурорын байгууллага Монголд оршин тогтнохын аргагүй болсон мэтээр ч ярих болсон. Хууль шүүхийн байгууллагын систем бүхлээрээ чадамжгүй болсон гэдэгтэй би санал нийлэхгүй. Унасан нэр хүндээ сэргээхийн төлөө та бүхэн сайн ажиллаарай. Улстөрчид бид ч гэсэн анхаарах хэрэгтэй. Бид та бүхний ажилд дэм болж ажиллах ёстой. Улс төрөөс ангид ажиллах ёстой. Улс төрчдөөс ангид байж чадаагүйн улмаас хууль шүүхийн байгууллагын нэр хүнд унасан. Цаашид улс төрчидтэй та бүхний нэр холбогдоод эхлэх л юм бол унасан нэр хүндээ сэргээх боломжгүй шүү. Олны анхааралд байгаа хэргүүдийн талаар мэдээлэл өгч баймаар байна, хуулийнх нь хүрээнд хэргийн явцыг мэдээлдэг  байх ёстой. Шударга ёс зүйтэй, хараат бус байдлаа хадгалж ажиллахыг хүсье.

УИХ-ын гишүүн Б.Энх-Амгалан:

-Дэмжиж байна. Прокурорын орлогчид анх удаа цагдаагийн бус хүн томилогдох гэж байна. Эрүүгийн хэргийг үүсгэх үндэслэлүүдээ сайн хараарай. Захиалгат мэдээллээр гүтгэлгийн шинжтэй мэдээллээр, иргэний гомдлоор хэрэг үүсгэчихдэг шүү. Энэ байдлыг өөрчлөөрэй.  

Холбоотой мэдээ

Цэргийн бүртгэлийг нэгдүгээр сарын 4-19-ний хооронд зохион байгуулна

Монгол Улсын Цэргийн албаны тухай хуулийн 34 дүгээр зүйл, Батлан хамгаалах яамны сайдын 2017

2024-01-04

С.Баярмаа: Нутгаа өнгөтэй, өөдтэй авч явахыг хүсэж ажилладаг болохоос газрыг нь зарах бодол надад байхгүй

Төв аймгийн Баянхангай сумын Засаг дарга С.Баярмааг “Ярилцах танхим” буландаа урьж ярилцлаа. Түүнийг

2023-12-25

Энэ сард нийт 136 мянган литр АИ-92, дизель түлш нийлүүлжээ

УОК-ын Шуурхай штабаас газрын тосны бүтээгдэхүүн импортлогч, худалдаа эрхлэгч аж ахуйн нэгжийн удирд

2023-12-24