ДЭМБ-ын тэргүүн Тедрос Адхан Гебрейесус COVID-19 шинэ коронавирус Хятадаас өөр газарт хүнээс хүнд халдварласан нь батлагдсан 100-аад тохиолдол өнөөдрийн байдлаар бүртгэгдсэн талаар мэдээлжээ. Ингэхдээ вирусын халдвар хүнээс хүнд шууд халдварласан тохиолдлууд Японы эрэгт зангуугаа хаян хөл хорионд байгаа Diamond Princess хөлөг онгоцон дээр ихэвчлэн илэрсэн гэж мэдэгдсэн байна.
ДЭМБ-ын тэргүүний мэдээлж байгаагаар COVID-19 хүнээс хүнд халдварласан 92 тохиолдол Хятадаас өөр газарт буюу дэлхийн 12 улс оронд бүртгэгдээд байна. ДЭМБ, вирусын халдварт өвчний тохиолдол илрээд байгаа улс орнуудтай нягт хамтран ажиллаж, коронавирусын дэгдэлтээс сэргийлэхийн тулд шаардлагатай бүхий л арга хэмжээг авч байна гэжээ. Түүнчлэн Тедрос Адхан Гебрейесус хэвлэлийнхэнд хийсэн мэдэгдэлдээ өнөөдөр ДЭМБ-аас дэлхийн 21 улс оронд хамгаалалтын хэрэгсэл, оношлуур илгээж, ойрын хугацаанд дахин 106 улс орон луу илгээхээр төлөвлөж байна гэжээ. Энэ долоо хоногийн сүүлч гэхэд Африкийн 40-өөд улс, Хойд болон Өмнөд Америкийн 29 улс оронд шаардлагатай оношлуур, хамгаалалтын хэрэгсэл илгээхээр төлөвлөж байна гэжээ.
0 cэтгэгдэлтэй