
Монгол Улсын Засгийн газрын хуралдаанаар хэлэлцэн шийдвэрлэсэн Гадаадын иргэний эрх зүйн байдлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг УИХ-ын гишүүн, Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.Нямдорж УИХ-ын дарга Г.Занданшатарт өргөн барилаа.
Визийн ангиллыг хуулиар бус Засгийн газар тогтоох, ингэхдээ үндэсний аюулгүй байдлыг бататгах, эдийн засаг, нийгмийн хөгжлийг дэмжих гэсэн эрх ашгийн эрэмбийг алдагдуулахгүй байх зарчмыг баримтлахыг эрх олгосон заалтад тусгаж, визийг хэвлэмэл хуудас болон цахим хэлбэрээр олгож болох эрх зүйн үндсийг тусгажээ.
Мөн Монгол Улсын хилээр нэвтрэх гадаадын иргэдийн хурууны хээ, биеийн давхцахгүй өгөгдлийг хилийн боомтуудад авч, зорчих хугацаа, зорилгыг үл харгалзан тэднийг урьсан иргэн, хуулийн этгээд, байрлуулж буй зочид буудал, орон нутгийн байгууллагууд бүртгүүлэх зохицуулалтыг төсөлд шинээр тусгасан байна.
Түүнчлэн Виз мэдүүлгийн төв байгуулах, ажиллуулах зохицуулалт шинээр тусжээ. Визийн төв ажиллуулснаар виз олгож буй техник ажлыг дипломат төлөөлөгчийн газрын ажилтнууд хариуцахгүй болж, хэмнэсэн цаг, хүн, хүчийг монгол иргэдийн эрх ашгийг хамгаалах үйл ажиллагаанд түлхүү чиглүүлэх боломж үүсэх юм.
Эх сурвалж: УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс
0 cэтгэгдэлтэй