
Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар нь ХЗДХЯ, Цагдаагийн Ерөнхий газар, Дэлхийн Зөн ОУБ, НҮБ-ийн Хүүхдийн сантай хамтран “ЗӨВ ТУСГАЛ” хүүхдийн хөгжил, хүмүүжил, хамгааллын хөдөлгөөнийг улс орон даяар өрнүүлээд байна.
Энэ удаагийн хөдөлгөөн нь эцэг, эх, асран хамгаалагч руу чиглэж байгаа бөгөөд үр хүүхэддээ цаг зав гаргах, тэдэнтэй амьд харилцаа үүсгэж, ярилцаж, ойлгох нь аливаа гэмт хэрэг, хүчирхийллээс урьдчилан сэргийлдэг болохыг хүүхдийн сэтгэл зүйч нар тогтоосон байна. Учир нь хүүхдийн хүчирхийллийн дийлэнх хувийг хойд эцэг, эх, хамаатан садан, ойрын төрлийн хүмүүс үйлддэг болох нь өнгөрсөн хугацаанд тогтоогджээ.
Тухайлбал, Улсын хэмжээнд сүүлийн 3 жилийн байдлаар 2833 хүүхэд гэмт хэрэг үйлдэж, 4922 хүүхэд гэмт хэрэгт өртөж, хохирсон байна. Тухайлбал: хүүхэд ихэвчлэн Хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэрэг буюу зодолдох, танхайрах, Өмчлөх эрхийн эсрэг гэмт хэрэг болох хулгайлах, залилах, дээрэмдэх гэмт хэрэг үйлдэн шалгагдаж байгаагаас дийлэнх нь 14-17 насных байна.
Та хүүхэддээ өглөө, өдөр, оройд 3 хан минутыг зарцуулж чадвал санаанд оромгүй 9 үр дүнг харах болно.
Хүүхэд дөнгөж сэрсэн эхний 3 минут
Өглөө бүр хүүхэддээ хуваагдалгүй анхаарлыг хандуулан ямар зүүд зүүдэлсэн, сайхан амарсан уу гэх мэт асуултыг асуугаарай. Магадгүй дух нь дээр нь үнсэх, толгойг нь илэх, хамтдаа инээх, хөгжилдөх цагийг гаргаарай.
Хүүхэд Хичээл, цэцэрлэгээсээ тарж ирсэн эхний 3 минут
Миний хүү өнөөдөр цэцэрлэг, сургууль дээрээ хэнтэй найзлаж, хэнтэй тоглож, юу шинээр сурч, юу юу хийсэн вэ? Тэгээд хийсэн зүйлсийг нь магтаж, урамшуулаарай. Таны хүү таны урмын үгээр дамжуулан илүү ихийг сурч, илүү ихийг хийх хүсэлтэй болох болно.
Хүүхэд унтахаас өмнөх 3 минут
Орой бүр хүүхдэдээ хайртай гэдэг үгийг хэлж заншаарай. Таны хүүхэд өөртөө итгэлтэй, өөрийгөө бусдаас дор үнэлэхгүй байх боломжийг та энэ цагаар дамжуулан хүүхэддээ өвлүүлдэг.
Жишээлбэл: Миний хүү бүгдээс илүү биш гэхдээ бүгдээс онцгой. Учир нь аавынхаа, ээжийнхээ хайраас болоод чи бүгдээс онцгой шүү.
Та хэрвээ энэхүү 9 минутыг шалтаг гаргалгүй хэрэгжүүлж чадвал таны хүүхэд өөрийгөө хайрлагдсан, хүлээн зөвшөөрөгдсөн, үнэ цэнэтэй гэсэн тэр мэдрэмж, ойлголтыг бүрэн дүүрэн авч аав ээжийнхээ ачаар сэтгэл зүйн хувьд хүчирхэг тэр нэгэн хүн болж өсөх болно.
0 cэтгэгдэлтэй