
Монгол Улсын Засгийн газрын шийдвэрийн дагуу жил бүрийн тавдугаар сарын хоёр дахь долоо хоногт “Татвар төлөгчдийн өдрүүд”-ийг зохион байгуулдаг. Энэ удаагийн татвар төлөгчдийн өдрүүдийг “Татвар- Хөгжлийн үндэс” уриан дор тэмдэглэн өнгөрүүлэх бөгөөд татварын хууль тогтоомжоо сурталчлах, шинэ үйлчилгээг танилцуулах, татварын боловсрол олгох сургалт, татварын сэдэвт уралдаан тэмцээн зохион байгуулах болон шилдэг татвар төлөгчдийг шалгаруулж алдаршуулах ажил өнөөдрөөс эхэлж байна.
Өнөөдөр ТЕГ-аас “Татвар-Хөгжлийн үндэс” хэвлэлийн бага хурал зохион байгуулж, ТЕГ-ын дарга Б.Заяабал, ТЕГ-ын газар, хэлтсийн дарга, ГТСМТТ УҮГ-ын захирал, НТГ-ын дарга, удирдлагууд оролцлоо. ТЕГ-ын дарга Б.Заяабал Татварын албанд хийгдэж буй шинэчлэлүүд болон Татварын багц хуульд орсон онцлох зүйл, заалтуудыг танилцуулж, Татварын удирдлагын нэгдсэн систем нэвтрүүлснээр иргэн, хуулийн этгээд цахимаар татвар төлөгчөөр бүртгүүлэх, цахимаар татвар төлөх тухай дэлгэрэнгүй танилцуулж, ГТСМТТ-ийн УҮГ-ын захирал Т.Батбилэг Ebarimt 2.0 хувилбарын талаар тус тус танилцууллаа.
Татварын алба нь татварын хууль тогтоомжийг сурталчлан таниулах, хэрэгжилтэд хяналт тавих, төсвийн орлого бүрдүүлэх үндсэн чиг үүрэгтэй бөгөөд Монгол улсын татварын орлогыг 100 хувь гэж авч үзвэл 55 хувийг дангаараа бүрдүүлдэг байгууллага юм.
Татварын хууль тогтоомжийг сурталчлан таниулах чиг үүргийн хүрээнд “Татвар төлөгчдийн өдрүүд”-ийн арга хэмжээг 2000 оноос хойш 20 дахь жилдээ улсын хэмжээнд ирээдүйн татвар төлөгч оюутан сурагчдад татварын боловсрол олгох, татвар төлөгч иргэн, аж ахуйн нэгжид татварын хууль тогтоомжийг сурталчлан таниулах сургалт, мэдээлэл, үйлчилгээг хүргэж ирлээ. Тухайлбал, сүүлийн хоёр жилд 518 ерөнхий боловсролын сургуулийн 85,104 сурагч, 56 их дээд сургуулийн 7638 оюутан нээлттэй хичээлд хамрагдсан бол 69,140 татвар төлөгчдөд татварын хууль, тогтоомжийн талаар сургалт сурталчилгаа хийж, 7,862 ахмад настанд и-баримтын системд бүртгэхэд туслалцаа үзүүлж, татварын үйлчилгээг үзүүлжээ.
0 cэтгэгдэлтэй