ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путин өчигдөр шинэ коронавирусээр өвчилсөн хүмүүсийг эмчилж буй Москва хотын эмнэлэгт зочилж, нөхцөл байдалтай танилцжээ.
Ингэхдээ тэр вирусийн халдвараас хамгаалах иж бүрэн хувцас өмссөн байна. Эмнэлэгт зочлохоосоо өмнө Путин коронавирусийн тахалтай тэмцэх хорооны гишүүдтэй Кремльд хуралдсан юм. Хуралд Москва хотын дарга Сергей Собянин, шадар сайд Татьяна Голикова, эрүүл мэндийн сайд Михайл Мурашко зэрэг албаныхан оролцжээ.
Хурлын дараа Путин өвтчөнүүдийг эмчилж байгаа эмнэлэгт зочилж, нөхцөл байдалтай газар дээр нь танилцах санал гэнэт гаргасан байна. “Коммунаркад очиж, нөхцөл байдалтай танилцацгаая” гэж хэлсэн Путин албаны хүмүүсийг дагуулан эмнэлэгт иржээ.
Эмнэлгийн ерөнхий эмч Денис Проценко коронавирусийн тахал Орос улсад хоёр хувилбар замаар дэгдэж болзошгүйг энэ үеэр Путинд хэлсэн байна.
Нэг бол Азид дэгдсэн шиг богино хугацаанд тархаад буурах, үгүй бол Италийнх шиг хүчтэй дэгдэлт гарах гэж тэр тайлбарлажээ.
Хэрвээ Орос дахь дэгдэлт Хятадын хувилбараар явагдаж дөрөв, тавдугаар саруудын аль нэгэнд өндөрлөвөл эмч мэргэжилтнүүдийн хувьд азтай тохиолдол болно гэж Проценко хэлсэн байна.
Өчигдрийн байдлаар ОХУ-д шинэ коронавирусийн халдварын 495 тохиолдол илэрсэн бол хүний амь эндсэн ганц ч тохиолдол бүртгэгдээгүй байгаа юм.
0 cэтгэгдэлтэй