У.Хүрэлсүх: Аюулт өвчний эсрэг амь нас, эрүүл мэндээрээ дэнчин тавин ажиллаж буй эмч нараараа Монгол Улс бахархаж байна

2020-03-30 29 0

Дэлхийн эмч нарын өдрийг тохиолдууулан эмч нартаа зориулсан Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн мэндчилгээг хүргэж байна. 

Ард түмнийхээ амь нас, эрүүл мэндийг сахин хамгаалах ариун тангарагтаа чин үнэнчээр зүтгэж буй эрхэм хүндэт эмч нар аа, Та нартаа эмч нарын өдрийн баярын мэндийг Монгол Улсын Засгийн газрын нэрийн өмнөөс болон хувиасаа өргөн дэвшүүлж аз жаргал, амжилт бүтээл, сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе.

Өвдөж зовсон хэн бүхний төлөө өөрийнхөө гэр бүлийг ч орхиод, нойр хоолыг умартан, сэтгэл зүрх, хөлс хүчээ дайчлан өдөр шөнөгүй ажилладаг буяны ундарга болсон хүмүүс бол эмч нар юм.
Дэлхий нийтийг нөмөрсөн Ковид-19 хэмээх аюулт цар тахлын эсрэг хүн төрөлхтөн даяараа тэмцэж байгаа хүнд цаг үеийг бид туулж байна.

Аюулт өвчний эсрэг амь нас эрүүл мэндээрээ дэнчин тавьж, галын шугамын тэргүүн эгнээнд бат итгэлтэй, чин зоригтой сөрөн зогсож байгаа нийт цагаан нөмрөгт баатруудаараа Монгол Улс бахархаж байна.

Эмч нар та бүхний бусдын төлөө гэсэн ариун сэтгэл, сурч мэдсэн авьяас чадвар, дундаршгүй хичээл зүтгэлийн ач гавьяагаар хилийн чанадаас авчирсан иргэдээ амжилттай эмчилж байгаад Улсын Ерөнхий сайдын хувьд туйлын их талархаж байгаагаа энэ дашрамд уламжилъя.

Хэдийгээр аюулт цар тахал өдрөөс өдөрт дэлхий даяар улам бүр хүчээ авч байгаа ч Монголын эмч нар хоёр иргэнээ эдгээсэн сайхан мэдээг дуулган ард түмнээ баярлуулж байгаад туйлын их баяртай байна. Алтан гартай, бурхан ухаантай ачлалт эмч нарынхаа хүчээр иргэдээ бүрэн эдгээн эрүүл саруул болгож чадна гэсэн итгэлийг улам сэргээлээ.

Нийт эмч нартаа дахин талархал илэрхийлж, анагаасан буян нь аадар мэт буух болтугай гэсэн өлзийтэй ерөөлийг өргөн дэвшүүлье.

Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх

Холбоотой мэдээ

Цэргийн бүртгэлийг нэгдүгээр сарын 4-19-ний хооронд зохион байгуулна

Монгол Улсын Цэргийн албаны тухай хуулийн 34 дүгээр зүйл, Батлан хамгаалах яамны сайдын 2017

2024-01-04

С.Баярмаа: Нутгаа өнгөтэй, өөдтэй авч явахыг хүсэж ажилладаг болохоос газрыг нь зарах бодол надад байхгүй

Төв аймгийн Баянхангай сумын Засаг дарга С.Баярмааг “Ярилцах танхим” буландаа урьж ярилцлаа. Түүнийг

2023-12-25