Улсын Их Хурлын дарга Г.Занданшатарт Монгол Улс, Олон улсын хөгжлийн ассоциацийн Санхүүжилтийн хэлэлцээрийг соёрхон батлах тухай хуулийн төслийг Сангийн сайд Ч.Хүрэлбаатар өргөн барьжээ.
Дэлхийн банкны буцалтгүй тусламжийн санхүүжилтээр 2013-2017 онд амжилттай хэрэгжсэн “Хөдөө аж ахуйн маркетинг” төслийн хоёрдугаар үе шат болох “Мал аж ахуйн эдийн засгийн эргэлтийг нэмэгдүүлэх төсөл”-ийг хэрэгжүүлэх аж. Төслийг Улаанбаатар хот болон 14 аймгийн 150 суманд хэрэгжүүлэх бөгөөд төслийн хүрээнд малын гоц халдварт өвчнийг 25 хувиар бууруулах, мах сүүний гарцыг 15 хувиар нэмэгдүүлэх, малын үнэ цэнийг 20 хувиар нэмэгдүүлэх, 20 мянган малчныг шууд хамруулах зэрэг бодлогын томоохон зорилтууд хэрэгжүүлэхээр тусгажээ.
Уг төсөлд зориулж Дэлхийн банкнаас Олон улсын хөгжлийн ассоциацийн 30 сая ам.долларын зээлийг 1.25 хувийн хүүтэй, 30 жилийн хугацаатай, эхний 5 жил үндсэн зээлийн төлбөрөөс чөлөөлөх нөхцөлтэйгөөр олгох юм байна.
Мөн “Улаанбаатар хотын цэвэр агаар төсөл”-ийн нэмэлт санхүүжилтийн тухай хуулийн төслийг өргөн барьсан байна. Уг амжилттай хэрэгжиж байгаа бөгөөд нийслэлд шилжин ирэгсдийн тоо, тээврийн хэрэгслийн тоо жил тутам нэмэгдэж байгаа. Дээрх төслийн хэрэгжилтийн хугацаанд гарсан сайн үр нөлөөг өргөтгөх зорилгоор 12 сая ам.долларын хөнгөлөлттэй зээлийн нэмэлт санхүүжилт олгох юм байна.
0 cэтгэгдэлтэй