-Ер нь бүгдийг тоо, материалтай тулгаж харж судлахгүй бол хамаагүй ярихад хэцүү. Зарим хүн “Гадаад оронд бүх НӨАТ-ыг нь буцаагаад олгодог. Манайх 2-хон хувийг өгч байна” гэж ярьдаг. Гэтэл гадны оронд жуулчлалаар очоод өндөр үнэтэй дэлгүүрээс бараа худалдаж авахад, НӨАТ-ын буцаалтын баримтаар гааль дээрээс бүх татварыг буцааж олгодгийг л тэд тэгж ойлгож яриад байна . Түүнээс биш дотоодын иргэддээ бүх хураасан татвараа 100 хувь эргүүлэн өгдөг улс байхгүй. Гадаадын иргэн, жуулчдад яагаад НӨАТ буцаан олгож байгаа вэ гэхээр тэр чинь экспортын борлуулалт болчхож байгаа юм. Гадаадынхан тэр барааг аваад шууд гадагшаа явдаг. Тэгэхээр тэр барааг борлуулсан худалдаачин экспорт хийсэн болж байгаа юм. Экспортын татвар нь 0 хувь. Түүнийг буцаан олгох замаар тухайн аж ахуйн нэгжийг 0 хувийн татвартай борлуулалт хийсэн гэдгийг илэрхийлж байгаа юм. Үүний учрыг гүйцэд сайн тунгаахгүй хүн олон байгаа учраас нийтэд буруу зөрүү мэдээлэл их тарж байна.
Дэлхийн бүх орон буцаан олголт хийдэггүй, огт буцааж өгдөггүй орон ч бий. Цөөн хэдэн орон буцаан олголт хийдэг.
–Иргэд НӨАТ-ын асуудлыг буцаан олголт өгдөг болсноос хойш их сонирхоод байгаа?
-Иргэд 2016 оны хуулиас өмнө НӨАТ-ыг эцсийн хэрэглэгч, худалдан авалтандаа төлж байгаа, тэр хүн нь өөрөө гэдгээ мэддэггүй байсан. Одоо буцаан олголт, НӨАТ-ын урамшууллын системээр дамжуулаад мэддэг болж татвар төлөгчдийн татварын боловсрол нэмэгдэж байна. Мөн өрхийн төсвөө хянах боломжтой боллоо.
Энэ буцаан олголт бол татвар төлдөггүй иргэдээс бараа бүтээгдэхүүнийхээ үнээр дамжуулж хурааж авсан НӨАТ-аа төсөвт төлдөг болгох талын л хөшүүрэг шүү дээ. НӨАТ-ын урамшууллын системийн үр дүнд жил бүр татварын орлого нэмэгдвэл буцаан олголтын хувийг нэмэх, эсвэл цахилгаан дулаан, өргөн хэрэглээний зүйлсийн НӨАТ нь 10 хувиас доош байх зэрэг асуудлыг судалж ярьж болох юм.
–НӨАТ-ын хувь хэмжээ ер нь л 10 хувь байсан бил үү?
-Худалдааны татварыг 1993 онд анх хэрэгжүүлэхэд 15 хувьтай байсан. 1998 оноос НӨАТ 13 хувьтай, 2006 оноос “дөрвөн арвын бодлого” гэдгээр 10 хувьтай болсон. Ер нь НӨАТ-ын хувь байнга бууж, иргэдийн ачаалал багасч, бодит байдал дээр бол 8 хувь болчхоод байна.
–Хүмүүсийн цалингаас авдаг татварын талаар тодруулж яриач. Тэр татвар арай өндөр байгаа юм шиг санагдаад байдаг л даа?
-Хувь хүн бүх орлогоосоо 10 хувийн татвар төлж байгаа. Бага орлоготой иргэдээс бага татвар, их орлоготой иргэдээс их татвар хураах дэлхий нийтийн хандлага байдаг. Өөрөөр хэлбэл татвар орлогыг тэгшитгэн хуваах зорилготой. Гэтэл 500, 600 мянга, нэг сая төгрөгийн цалинтай буюу бага орлоготой хүнээс 10 хувийн татвар авна гэдэг бол тухайн хүний гар дээр үлдэх мөнгөнд маш их хэмжээгээр нөлөөлж байгаа. Харин 20, 30, 50 сая төгрөгийн цалинтай хүний хувьд дарамт биш юм. Ингэж харьцуулахаар бага орлоготой иргэдийн татварын хувь хэмжээг бууруулах боломжийг судлах шаардлагатай санагддаг.
Бас хөнгөлөлтийн дүнг нэмэгдүүлэх шаардлагатай. Сая он гаруут 240, 220 мянга гээд жилийн хөнгөлөх дүн гарч ирлээ. Үүнийг тогтмол дүнгээр тогтоох нь өөрөө хэсэг хугацааны дараа ач холбогдолгүй, маш бага дүн болж хувирдаг.
Татварын хувь хэмжээг тогтоохдоо тухайн цалингаар хэдэн хүнийг тэжээж байгаа болон гэр бүлийн бүтцээс хамаарч өөр өөр байх ёстой. Ийм шинэчлэлүүдийг хувь хүний албан татварын хуулинд оруулсан бол, угаасаа орлого багатай, бас банкны зээл, лизингтэй байгаа иргэдийн маань бодит орлогод нэмэр болохуйц, ядаж орлогыг нь бууруулахгүй байх өөрчлөлт шинэчлэлт болж чадах байсан байх.
Дээрээс нь татварын хувь хэмжээг тогтоохдоо тухайн цалингаар хэдэн хүнийг тэжээж байгаа болон гэр бүлийн бүтцээс хамаарч өөр өөр байх ёстой. Ийм шинэчлэлүүдийг хувь хүний албан татварын хуулинд оруулсан бол, угаасаа орлого багатай, бас банкны зээл, лизингтэй байгаа иргэдийн маань бодит орлогод нэмэр болохуйц, ядаж орлогыг нь бууруулахгүй байх өөрчлөлт шинэчлэлт болж чадах байсан байх. Сая хувь хүний албан татварыг бараг өөрчилсөнгүй. Энэ нь иргэдийн оролцоо маш муу байгаатай холбоотой. Иргэд, иргэний нийгмийн байгууллагуудаар дамжуулж дуу хоолойгоо нэгтгээд, өөрсдийн бодит орлого ямар байгааг хууль боловсруулж байгаа ажлын хэсэг, хууль тогтоогчдод хүргэх боломжтой атал нэг ч хүн дуугараагүй. Харин аж ахуйн нэгжүүд бизнес эрхлэгчдийн зөвлөл, худалдаа аж үйлдвэрийн танхим, ажил олгогчдын холбоо гэх мэт байгууллагуудаар дамжуулан санал бодлоо хэллээ. Мөн бизнес эрхлэгчид хууль тогтоох байгууллагад олноороо байдаг. Тэр нөлөөллөөрөө дамжуулаад аж ахуйн нэгжийн орлогын албан татварын хуулинд маш олон санаа тусгуулж байгаа нь харагдаж байсан. Иргэд өөрийнх нь гар дээр очих мөнгө, цалингийн байдалд шууд нөлөөлөх асуудал хэлэлцэж байхад Хувь хүний албан татварын хуулинд анхаарч, дуугарч байх ёстой юм шүү дээ.
–Жирийн иргэдийг яаж мэдээллээр хангах вэ?
-Татварын ерөнхий газраас татвар төлөгчдөд зориулсан сурталчилгаа, төрөл бүрийн арга хэмжээ явуулдаг. Харин дунд сургуулиар дамжуулж иргэд, сурагчдад татварын боловсрол олгох асуудал их дутмаг байна. Нийгмийн ухааны хичээлд татварын талаарх нэг сэдэв байдаг юм билээ. Нийгмийн ухааны багш нар татварын тухай хэр ойлголттой байх бол? Өөрөө сайн ойлголтгүй хүн хичээл заахаар төдийлөн үр дүнтэй биш шүү дээ.
Эдийн засгийн боловсрол олгох, өрхийн төсөв хөтлөх, хувь хүн өөрийн санхүүг зохион байгуулах, тэр дотроо татварын асуудлыг хамруулсан иргэний боловсрол олгох хэрэгтэй байна. Эрүүл мэнд, эдийн засгийн асуудал бол иргэний боловсрол шүү дээ. Иргэний боловсрол олгох асуудалд анхаарч, мөн дунд сургуулийн математикийн сургалтын материал, бодлогод энэ чиглэлийн жишээ бодлого оруулж байж л иргэдийн татварын боловсролыг дээшлүүлэх байх. Манай иргэд жилийн эцэст байшин худалдаж авахаар, хүүхдийнхээ сургалтын төлбөрийг төлөхөөр мөнгө буцааж авдаг гэж л татварын албанд хандаж байна. Бусад үед нь яг татвартай нүүр тулахаараа, магадгүй торгууль шийтгэлд орох болохоороо татварын тухай санадаг, татвар төлөх талаар бодож эхэлдэг. Цалингаасаа татвар суутгуулдаг хэрнээ жилийн эцэст татварын буцаалтаа авахаас бусад тохиолдолд татварын талаар судалдаггүй, цалингаасаа хэдэн төгрөг суутгуулж байгаагаа ч сонирхдоггүй, мэддэггүй. Энэ байдлуудыг татварын бодлогоор дамжуулж өөрчлөх ёстой байх.
–Татварын суутгалаа мэдэхгүй байгаа хүн буцааж авч болох хөнгөлөлтүүдээ бас алддаг байх нь ээ?
-Татвар төлөгчид бие биенээсээ дам сонсоод буцаан авах мөнгөө хөөцөлдөж эхэлдэг. Манайд хүмүүсийн орлого, цалин маш бага байгаа болохоор 10 хувийг нь аваад явчихаар тухайн хүний хувийн амьдрал, эдийн засагт их дарамт үүсгээд байна л даа. Цалингийн орлого дээр хувь хэмжээг нь 10 биш, 2, 3, их өндөр цалинтай бол 10 хувиар тогтоогоод, иргэдийг иргэний үүргээ биелүүлдэг, татварын тайлангаа бэлтгэдэг, улсдаа хэр орлого олж, юу хийснээ тайлагнадаг дадал соёлд сургах хэрэгтэй.
Монгол Улсын уурхайн баялаг шавхагдана. Уурхайн баялаг шавхагдахаар иргэн хүн гол татварыг бүрдүүлэгч болно. Иргэд өөр төрлийн орлогоос татвар төлж эхэлнэ. Тийм учраас одооноос татварын талаарх мэдлэгтэй болгох, гэр бүлээр нь дамжуулж хүүхдүүдэд татварын боловсролыг олгох ёстой гэж боддог.
–Та татварын тайлан хийдэг үү. Яаж хийх ёстой юм бэ?
-Хийдэг. Би 2007 оны хуулиар орон сууцны хөнгөлөлт эдэлж татварын тайлан бэлтгэсэн. Түүнээс хойш тогтмол хийж байгаа. Түрүү жил хүүхдийн сургалтын төлбөрийн хөнгөлөлт эдлэх гэж татварын тайлан хийсэн.
Миний ойр тойрны хүмүүс ихэвчлэн хөнгөлөлт, чөлөөлөлт эдлэхдээ татварын тайлан бэлтгүүлэхийг хүсч туслалцаа авдаг. Хөнгөлөлт эдлээд л татварын тайлан хийхээ больдог. Хуульд иргэн бүр тайлан бэлтгэх ёстой эсэх нь тодорхойгүй, үүрэгжүүлж өгөөгүй байдаг. Харин хувиараа бизнес эрхлэгчид татварын албанд бүртгүүлсэн бол жил бүр тайлангаа тавих шаардлагатай болдог. Тэгээд татварын боловсрол нь хүрэлцэхгүй учраас мэргэжлийн хүмүүст ханддаг. Татварын тайлан бэлтгэхэд туслалцаа үзүүлдэг мэргэжлийн байгууллага хангалттай байгаа. Татварын мэргэшсэн зөвлөхийн нийгэмлэг гэж бий. Тэр нийгэмлэгийн гишүүн компаниуд байдаг. Тэнд татвараар мэргэшсэн нягтлан бодогч нар татварын тайлан бэлтгэж өгдөг. Тэгэхээр заавал өөрөө хийнэ гэхгүй мэргэжлийн хүмүүст хандах хэрэгтэй.
Уг нь татварын хөнгөлөлт маань сар бүр цалингаас тодорхой цөөхөн тооны мөнгө хөнгөлөөд байгаа. Татварын тогтолцоо нь сайн хөгжсөн орнуудад иргэн татварын тайлангаа бусдаар бэлтгүүлэх гэж гаргасан зардлыг нь ч тэр хөнгөлөлтийн мөнгөөр шийдсэн байдаг. Өөрөөр хэлбэл татварын тайлангаа бэлтгэлээ гээд улсаас 240 мянган төгрөг буцааж аваад, тодорхой хувиар нь татварын тайланг нь бэлтгэж өгсөн хүнийг цалинжуулна гэсэн үг юм.
–Татварын тайлангаа хийгээд сурчихвал хөнгөлөлт мөнгө авна гэсэн үг мөн үү?
-Тэгж мөнгө олж авдаг байдлаар зохицуулалт хийж байж иргэн бүр үүргээ биелүүлж татварын тайлангаа бэлтгэнэ. Гэтэл манайхан цалингаа авахдаа ажил олгогчдоо суутгуулах байдлаар хуульчилчхаад байна. Хүн нэг бүртэй хөөцөлдөж байснаас цөөн тооны аж ахуйн нэгжтэй ажиллахыг чухалчилсан гэсэн үг. Ингэж дундуур нь суутгах нь зөв. Харин эцсийн тооцоо хөнгөлөлтийг иргэн хүн өөрөө ухамсарлаж, тайлангаа өгч байж эдэлдэг байхаар зохицуулалт хийх нь иргэдийн татварын боловсролд чухал нөлөөтэй.
–Иргэдийн бүх олж буй орлогоос 10 хувийн татвар авдаг. Бидний хамгийн сайн мэдэж байгаа татвар бол цалингаас авч байгаа 10 хувь. Нийгмийн даатгалыг нэмэхээр нийт 20 хувийг нь суутгадаг л даа?
-Ажил хийж буй хүн нийгмийн даатгалын шимтгэлээс гадна цалингаасаа 10 хувь суутгуулж байгаа. Цалингаас 10 хувийг суутгасан учраас улсаас, татварын хуулиар жилд хамгийн ихдээ 240 мянган төгрөг хөнгөлж өгч байна. Тэр хөнгөлөлтийг хүмүүс мэддэггүй.
–Би жилийн 240 мянган төгрөгийн хөнгөлөлтөө ерөөсөө ойлгохгүй, яаж авч байгаагаа мэдэхгүй байна л даа. Надаас татвар л аваад байгаа гэж ойлгодог?
-Уг нь хувь хүний орлогын албан татварыг цалингаас суутгах процесс нь зөв. Харин хөнгөлөлтийг буцааж эдлүүлэхдээ ажил олгогчоор нь дамжуулаад, ажилтан өөрөө мэдэхгүй өнгөрч байна. Тэгэхээр ажилтан интернэтээр татварын тайлангаа илгээгээд, илгээснийхээ төлөө хөнгөлөлтөө буцааж авдаг механизмд л шилжмээр байгаа юм. Тэгвэл татварын талаарх иргэдийн мэдлэг дээшилнэ, гэр оронд нь татварын тухай яриа хөөрөө өрнөнө. Бас яг Дорж, Дулмаа, Долгорт биш иргэн хүн хүсвэл гэр бүлээрээ орлогоо нийлүүлээд татварын тайлангаа бэлтгэж, хөнгөлөлтөө ч авдаг байвал оновчтой санагддаг. Ажилгүй, хөгжлийн бэрхшээлтэй хүн байна уу, ганц бие үү, хоёулаа зэрэг орлого олж байна уу гэх мэт гэр бүлийн бүтэц, чанараас хамаарсан татварын өөр өөр хувь хэмжээтэй баймаар байгаа юм. Энэ бол дэлхийн олон оронд нэвтэрсэн ажил. Ингэж өөрчилж байж гэр бүлийн боловсрол, хариуцлага, иргэний бүртгэл, гэр бүлийн бүртгэл ч татварын тогтолцоогоор дамжаад сайжрах боломжтой гэж бодож байна.
Г.Пүрэвсүрэн
0 cэтгэгдэлтэй