С.Даваасүрэн:Дэлхий дахинаараа маш тодорхойгүй нөхцөл байдалтай нүүр тулчихаад байна

2020-04-10 520 0

Монгол Улсын Санхүүгийн зохицуулах хорооны дарга асан, эдийн засгийн ухааны доктор (Ph.D) С.Даваасүрэнтэй цаг үеийн асуудлаар ярилцлаа.

-Дэлхий нийтийг хамарсан цар тахал “COVID-19” вирусийн халдварын нөлөө маш хүнд нөхцөл байдалтай хүн төрөлхтнийг учруулаад байна. Үүнийг эдийн засгийн төдийгүй эрүүл мэндийн хямрал гэж үзэж, нэрлэж байгаа бололтой. Та энэ талаар судлаачийн хувьд үзэл бодлоо бидэнтэй хуваалцана уу?

-Дэлхий нийтийг хамарсан коронавирусийн халдвар зөвхөн Монгол Улс төдийгүй бүх ертөнцийг хамарсан гамшиг, эдийн засгийн хямрал болоод байна. Тийм болохоор эдийн засагч, судлаач хүний хувьд улс орнуудад авч хэрэгжүүлж байгаа бодлого, шийдвэрийн талаар харьцуулан судалж байна. Томоохон аж ахуйн нэгжээс эхлээд жирийн иргэн, гэр бүлийн хувьд ямар хариу үйлдэл үзүүлж байгааг ч харж л байна. Хамгийн гол нь энэ шок ямар хугацаанд үргэлжлэх, ямар шинж тэмдэгтэйг бид төдийгүй дэлхийн томоохон, хөгжингүй улсууд ч тодорхойлж, ойлгож чадахгүй байна шүү дээ. Тийм ч учраас ДЭМБ үүнийг “Эрүүл мэндийн хямрал-цар тахал” гэж зарлалаа. Тус байгууллагаас гаргасан статистикийн мэдээллээс үзэхэд 210 шахам улсад коронавирус  тархаж,1.4 сая хүн халдвар авч, 70 гаруй мянган хүн нас бараад байна. Энэ өвчний тохиолдол анх бүртгэгдсэнээс  хойш нэгэнт дөрвөн сар өнгөрлөө. Тиймээс зарим улс орон “COVID-19”-ийн эсрэг эдийн засгийн хоёр дахь арга хэмжээний багцаа задалж байна.

-Тэгэхээр байдал улам л хүндэрч байна гэсэн үг байх. Танд байгаа хоёр дахь багцын мэдээллээс хуваалцаж болох уу?

-ДЭМБ-ын мэдээлж байгаагаар дөрвөн төрлийн вакцин бэлдэж байгаа боловч туршилт нь 12 сарын дараа үр дүнгээ харуулна гэж мэдэгдэж байгаагаас харахад нөхцөл байдал хүнд байна. ОУВС-гийн мэдээллээр 2009 оны дэлхий санхүүгийн хямралаас ч том цохилт болно гэж таамаглаад байгаа юм. Дээр нь хөгжиж буй орнууд энэ хямралыг даван туулахад эдийн засгийн чадамж нь дутагдалтай бөгөөд хожмоо хөдөлмөрийн зах зээл нь нуралтад орох нь илүү хохирол авчирна. Энэ нь наанаа хэдэн хүний ажлын байр мэт боловч цаанаа улс орны эдийн засаг, хэрэглээ, хөрөнгө оруулалтыг дэмжиж байдаг том зах зээл юм шүү дээ. Саяхан МҮХАҮТ-аас 1500 аж ахуйн нэгж, компанийг хамруулсан судалгаа хийхэд тэдний гуравны нэг нь ажиллагсдаа цомхотгож эхэлсэн тухай мэдээлсэн байна. Гэтэл дэлхийн ДНБ-ий 25 хувь (дөрөвний нэг)-ийг дангаараа гаргадаг АНУ-д ажилгүйдлийн түвшин энэ оны II улиралд 13 хувьд хүрэх тооцоо гаргажээ.

-Австрали, Сингапурын эдийн засгийг хүчирхэг, тогтвортой гэж үздэг ч энэ удаагийн коронавирусийн цохилтод ганхаж байна гэсэн. Энэ талаар та тодорхой тоо баримт хэлнэ үү?

-Австрали бол маш сонирхолтой эдийн засаг. Гэвч тус улсын эдийн засаг сүүлийн 90 жилд байгаагүйгээр унах төлөвтэй байна. Уг нь сүүлийн 30 жил Австралийн эдийн засаг тогтвортой буюу байнга өсөлттэй байсан цорын ганц эдийн засаг юм. Гэтэл одоо эдийн засаг нь 10 гаруй хувиар агшиж, ажилгүйдэл 12 хувьд хүрнэ гэж таамаглаж байна. Тиймээс Австралийн Засгийн газар ажлын байрыг хадгалах, нэмэгдүүлэхийн тулд 80 тэрбум доллар нийлүүлж, цалингийн тэтгэмжийн хөтөлбөр хэрэгжүүлэхээ мэдэгдсэн. Тус улс 2009 оны дэлхий нийтийг хамарсан санхүүгийн хямралд өртөөгүй цөөхөн улсын нэг бөгөөд харин одоогийн эрүүл мэнд, эдийн засгийн шуурганд өртөж байгаагаас харахад нөхцөл байдал амаргүй байна.

Ер нь дэлхийн бүх улс орон мөнгөний зөөлөн бодлого баримталж бодлогын хүүгээ бууруулах, Төв банкууд нь Засгийн газрын болон компаниудын бонд худалдаж авах замаар зах зээл рүү мөнгө нийлүүлэх сонголтыг хийж байна. Үүнээс гадна улс орон бүрийн Засгийн газар таны дээр асуусанчлан эдийн засгаа аврах дараагийн багц (package)-аа танилцуулж эхлээд байгаа юм. Төсөвтөө тодотгол хийж, нэмэлт санхүүжилт гаргах гэх мэтээр. Тухайлбал, өнгөрсөн долоо хоногт АНУ-ын Конгресс хоёр их наяд ам.долларын хөтөлбөр танилцуулсан нь ажлын байрыг хэвээр хадгалахад дэмжлэг үзүүлэх зэрэгт зарцуулагдах юм.

2009 оны дэлхийн эдийн засгийн хямралд түүртээгүй Азийн ганц орон Сингапурын хувьд коронавирусын нөлөөг бууруулах, хөдөлмөрийн зах зээлээ хамгаалахын тулд 3.6 тэрбум ам. долларын 3 дах багцаа задлаад байна. Товчхондоо, дэлхий нийт ямар том аюул заналтай тулгарч байгаагаа, цаашид нөхцөл байдал хэрхэн өөрчлөгдөхийг урьдчилан таамаглах, тооцоолох боломжгүй тийм л нөхцөлтэй тэмцэж байна. Энэ нөхцөлд дэлхийн улс орнуудын эрүүл мэндийн салбарын зардал маш ихээр нэмэгдэж байна. Гэхдээ, хуучны социалист системийн орнуудад “COVID-19”-ийн тархалт, нас баралт аль аль нь (Хятадыг эс тооцвол)  зэргэлдээ баруун Европийн орнууд, Хойд Америктай харьцуулахад харьцангуй бага байна. Баруун Европын Итали улсад нас баралтын түвшин 12, Испанид 10, Германд нас баралт бага ч өвчний тархалтын хурдац өндөр, харин АНУ-д хамгийн олон хүн халдвар аваад байна.

-Дэлхийн олон улс орныг хамарсан янз бүрийн өвчин, ханиад тахал цөөнгүй гарсан байдаг юм билээ. Түүнээс дэлхий ертөнц дээрх долоон тэрбум хүн ямар сургамж авдаг юм бол. Коронавирус “COVID-19”-ийн хувьд бас л огцом дэлгэрч, олон зуун мянган хүнд халдварлаж байна. Урьдчилан сэргийлэх арга нь энгийн юм шиг мөртлөө аймшигтай хурдацтай тархаж байна шүү, тийм ээ?

-Одоогоос 100 гаруй жилийн өмнө 1918 онд “Испани ханиад” гэж өвчин дэлгэрч, 500 сая хүнд халдварласан байдаг. Түүнээс  25-50 сая нь нас барсан гэх харьцангуй их зөрөөтэй статистик байдаг. Түүнээс хойш Хонконгод 1968 онд халдварт вирус тархаж,  нэг сая орчим хүн нас барсныг эс тооцвол дэлхий ертөнц харьцангуй тайван байжээ. Сүүлийн 50 жилд дэлхийн хүн амын нягтаршил ихэсч, мега-сити олноор бий болсон, амьдралын хэв маягт ихээхэн өөрчлөлт орсон зэрэг нь дэлхий нийтийг хамарсан цар тахлын тархалт, хурдцад нөлөөлж байгааг ажиглаж болохоор байна. Түүгээр ч зогсохгүй хөгжиж байгаа орнуудын өвчлөлийн тархалт, хурдац бага мэт харагдавч цаашдаа тэдний эдийн засгийн агшилт нь дэлхийн эдийн засагт сөргөөр нөлөөлж, дэлхийн эдийн засгийг тэр чигт нь томоохон хямрал руу татан оруулахаар байгааг ОУВС онцолж байна. Тэгвэл Азийн эдийн засгийн өсөлт 2020 онд 2.4 дахин агших таамгийг Азийн хөгжлийн банк танилцуулаад байна. 2019 онд 5.2 хувийн өсөлттэй байсан бол энэ онд 2.2 хувь болохоор байна.

-Тэрхүү хямрал нь мөн л хөдөлмөрийн зах зээлийн хомсдол, ажлын байрны тоо хэмжээтэй шууд хамааралтай байдаг юм биш үү?

-Нэг үгээр хэлбэл, эдийн засгийн хямралын тод ул мөр, уршиг нь хөдөлмөрийн зах зээл дээрээ илэрдэг гэж ойлгож болно. Дэлхийн банкнаас ядуурлыг бууруулахын тулд ирэх 10 жилд 600 сая ажлын байр шинээр бий болгож, ажилгүйчүүдийг орлоготой, цалинтай, эдийн засагт байр сууриа эзлэх боломжийг олгох зорилтыг жил гаруйн өмнө дэвшүүлсэн. Гэвч дэлхий дахиныг хамарсан 2009 оны санхүү эдийн засгийн хямралын нөлөөгөөр 22 сая ажлын байр үгүй болж  байсан бол “COVID-19”-ийн уршгаар 25 сая ажлын байр хумигдах нь гэж тооцоолж байна. Өмнөх хямралын хор уршиг 10-аад жил үргэлжилж, 2018 оноос л АНУ-ын хөдөлмөрийн зах зээл тогтворжих хандлагатай болж байсан бол дахин маш том, хүчтэй цохилтод өртөх нь тодорхой боллоо.

-Хэдийгээр багахан зах зээл боловч манайд сүүдрээ тусгасан л байх даа?

-Тэгэлгүй яахав. 2008 онд 2.8 хувьтай байсан ажилгүйдлийн түвшин хоёр жилийн дараа 11.6 болж, даруй 4.2 дахин өссөн байдаг. Үүнийг дагаад ядуурлын түвшин 39 хувьд хүрч, дөрвөн пунктээр өсчээ. Өнөөдөр ядуурлын дүр төрх 28.9 хувьтай байгаагаас үзэхэд 20-оод жилийн хугацаанд ядуурал найм орчим пунктээр л багассан нь хангалттай үзүүлэлт биш бөгөөд энэ нь нөгөө л хөдөлмөрийн зах зээлийн уналт, үүнтэй холбогдон өрхийн амьжиргаа эрс буурсантай уялдаж байгаа хэрэг. Аз болоход 2011 онд байгалийн баялаг, эрдэс түүхий эдийн үнэ дэлхийн зах зээлд өсч, гадаадын шууд хөрөнгө оруулалт огцом нэмэгдсэнээр эдийн засгийн өсөлт 17.5 хувьд хүрснээр уналтыг богино хугацаанд илааршуулсан. Дээр нь ОУВС-тай хамтран хэрэгжүүлсэн богино хугацааны хөтөлбөр 2009 оны хямралыг даван туулахад ихээхэн эерэг нөлөө үзүүлсэн байдаг.

-Одоо маш тодорхойгүй нөхцөл байдлын өмнө бид тулж ирчихээд байна гэдгийг та олонтаа дурдлаа. Энэ цаг үед Засгийн газраас авч хэрэгжүүлж буй арга хэмжээг та хэрхэн үнэлж дүгнэж байна вэ?

-Манай улсын эдийн засагт уул уурхай, эрдэс баялагийн экспорт давамгайлж байгаа нь үнэн. Жижиг эдийн засаг боловч жижиг, дунд үйлдвэрлэл эрхлэгчид олноор үүд хаалгаа баривал нөхцөл байдал улам хүндэрнэ гэдгийг Засгийн газар тооцож НДШ-ийг зургаан сарын хугацаанд тэглэх, аж ахуйн нэгжүүдийн орлогын албан татварыг чөлөөлөх зэрэг арга хэмжээ авч байгаа нь маш чухал алхам гэж үзэж байна. Дэлхийн томоохон эдийн засгууд энэ удаагийн хямралын эсрэг 2,3 дах багцаа задалж байгаагаас харахад Монгол Улсын Засгийн газар дараагийн арга хэмжээнд ч бэлэн байх шаардлага байна.

Коронавирусийн эсрэг авч буй гол үйл ажиллагаа нь хөл хорио тогтоох явдал боловч үүнийг дагаад үйлдвэрлэл, үйлчилгээний салбарын бүтээмж, ашиг, орлого маш хурдан агшиж байна. Гэтэл ард иргэд хэрэглээгээ танаж, хасаж байна уу, үгүй юу, хаана санхүүжилт нэн шаардлагатай байна гэдгийг эрэмбэлэх хэрэгтэй.

Макро түвшинд мөнгө болон сангийн хосолсон бодлого баримтлах ёстой гэдгийг олон улсын практик хэлж байгаа. Энэ дагуу Монголбанк бодлогын хүүгээ нэг пунктээр багасгаж, одоогоор 10 хувь болгосон. Үүнээс гадна зээлийн үндсэн төлбөр болон хүүний хугацааг тодорхой хугацаагаар хойшлуулах гэж байна. Тэдгээрийг албажуулж богино хийж хэрэгжүүлэхгүй бол өөр төрлийн хүлээлт үүсэх, иргэдийн итгэл үнэмшил алдрах, аж ахуйн нэгж, компанид сөрөг үр дагавар үүсэх эрсдэлтэй. Тиймээс дээрээсээ доошоо бүх байгууллага, компани, иргэд хамтран ажиллаж байж энэ нөхцөл байдлыг даван туулах итгэл үнэмшилтэй болохын дээр зөвхөн ҮСХ-ны сар, улирлын тоон мэдээллээс илүү нөхцөл байдал маш хурдан өөрчлөглөж байгаатай холбогдуулан суурь болон түүвэр судалгааг хийж, дүн шижилгээг гаргах шаардлагатай байна. Коронавирусийн тархалт, нөхцөл байдал маш хурдацтай өөрчлөгдөж байна шүү дээ.

-”Бизнесийн хэрэглэгчийн индекс” гэх судалгааг зөвхөн манайд төдийгүй бусад оронд ч хийдэг юм билээ. Дээрх нөхцөл байдалтай уялдаад “итгэлгүй” талдаа л болж байгаа байх даа?

-Герман, Франц зэрэг баруун Европын хөгжилтэй орнуудад бизнесийн итгэлийн индекс сүүлийн 30 жилийн түүхэн доод түвшинд хүрсэн судалгаа гарсан байна. Хүмүүс, хэрэглэгчдийн итгэл найдвар ийнхүү унаж байгаа нь, бодит байдлыг улам л доош чирнэ. Гэсэн ч нөхцөл байдал, бодит мэдээ мэдээлэлтэй болохын тулд интернэт тэр дундаа фэйсбүүк  хэрэглээний хэмжээ дэлхий дахинаа 70 орчим хувиар өссөн байна. Энэ үед харин ч үүнийг боломж хэмээн харж, интернетээр судалгаа хийх, үнэлэлт дүгнэлт өгөх судлаачдын багтай хамтарч ажиллах хэрэгтэй байгаа юм.

-Судалгаа мэдээж чухал байх. Гэхдээ төр, засгаас явуулж буй ноос ноолуурын салбарт 300 тэрбумын зээл олгох, ажлын байраа хадгалж байгаа компани, үйлдвэрлэгчдийн ажилтан, ажилчин бүхэнд сар бүр 200 мянган төгрөгийг урамшуулал болгож өгөх зэрэг нь хэр оновчтой арга зам юм бол. Та энэ талаар ямар бодолтой байгаа вэ?

-Эдийн засгийн шок ямар хугацаанд үргэлжлэх, хэр “өвдөлт” мэдрэхээ бид тодорхой мэдэхгүй байна шүү дээ. Гэхдээ Монгол Улсын экспортын гол бүтээгдэхүүний нэг алтны үнэ тогтвортой байгаа ч зэсийн ханш 2009 оноос хойших хамгийн бага түвшинд хүрч 20гаруй хувиар уначихаад байгаа юм. Оны эхний хоёр сард өмнөд хөршийн коксжих нүүрсний экспортын 10-аад хувийг манай улс, 70 гаруй хувийг Австрали хийсэн байна.

Оны эхний хоёр сарын байдлаас харахад манай улсын эдийн засаг энэ жил хоёр хувийн өсөлттэй байх нь гэж Монголбанк төсөөлсөн. Харин, Дэлхийн банкнаас манай улсын эдийн засаг 2020 онд суурь төсөөллөөр 2.4 хувь, харин сөрөг төсөөллөөр 1 хувь өснө гэж таамагласан. Коронавирустэй холбоотой хүнд нөхцөл байдал оны эхний хагас жил хүртэл үргэлжлэх юм бол гэж таамагласан нь тэр шүү дээ. Гэтэл хорио цээрийн дэглэмийг дөрөвдүгээр сар дуустал сунгалаа, түүнээс цааш бодит байдал яаж өөрчлөгдөхийг таахад бэрх байна. Үүнтэй уялдуулж ажилтай иргэн урьдын адил бүтээмжтэйгээр хаанаас ч ажлаа хийх боломж бололцоог нээх шаардлага тулгарлаа. Товчхондоо, 2009 оны эдийн засгийн хямралын дараа Монголын аж ахуйн нэгжүүдийн үйл ажиллагаа эрхлэх,  хөдөлмөрийн зах зээлийн бүтэц нь өөрчлөгдөж байсан тэр хэлбэр манайд давалгаалах шинжтэй байна. Өөрөөр хэлбэл, коронавирусийн халдвараас сэргийлэхийн тулд иргэдийг гэрийн хорионд байхыг шаардаж байгаа ч нөгөө талдаа IT технологийг ашиглах, шийдвэр гаргах түвшний хариу үйлдлийг хурдтай болгох гээд эерэг нөлөө байгааг ч үгүйсгэх аргагүй юм. Манай улсын Засгийн газар ирэх зургаан сарын хугацаанд 5.1 их наяд төгрөгийн санхүүжилт коронавирусийн эсрэг арга хэмжээнд зарцуулахаа мэдэгдээд байна. Цаашид ч хөдөлмөрийн зах зээлийн хамгаалах, иргэдийн амьжиргааг баталгаажуулах чиглэлээр  шат дараатай арга хэмжээ авч хэрэгжүүлэх шаардлага үүсэхээр байна. Тиймээс тэвчиж болох зардлыг хязгаарлах, зайлшгүй хэрэгтэй санхүүжилтийг нэмэгдүүлэх зэрэг төсвийн санхүүжилтийг эрэмбэлэх асуудал үүснэ гэж үзэж байна

-Үүний нэг нь ОУВС-гийн “Өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөр”-ийн дараагийн шатны хөрөнгө оруулалт байж болох уу. Уг нь энэ хөтөлбөр өнөө жилийн тавдугаар сард дуусах ёстой байх аа?

-ОУВС-аас дэлхий дахин маш хүнд нөхцөл байдалтай нүүр тулж байгааг,ингэхдээ манайх шиг хөгжиж буй олон оронд санхүүгийн томоохон хүндрэл бий болохыг, хүндрэлийг санхүүжүүлэх нөөц боломж хомс байгааг мэдэгдээд байна. Гэхдээ нэгэнт гурван жил гаруй “Өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөр”-т хамрагдаад байгаа Монгол Улсын хувьд шаардлагатай гэж үзвэл ОУВС-ийн хөтөлбөрийн дараагийн шатны хөрөнгө оруулалт авах боломж байгаа гэж найдаж байна.

Эх сурвалж: Үнэн сонин

 

Холбоотой мэдээ

Имартын хамт олон ISO 14001:2015, ISO 45001:2018 стандартыг амжилттай нэвтрүүллээ

Скай Хайпермаркет ХХК нь ISO 14001:2015, ISO 45001:2018 стандартыг нэвтрүүлэн баталгаажуулалтын гэ

2024-10-23

Хосбаярын ХОСЦЭЦЭГ: Бусдыг үргэлж сайн сайханд уриалж, үлгэрлэхийг хичээдэг

Та өөрийгөө манай уншигчдад товч танилцуулаач? -Би 1982 онд Улаанбаатар хотод төрсөн. Аав минь Бу

2024-09-30

Олимпын мөнгөн медальт тамирчин Б.Баасанхүүд ‘‘Скай Хайпермаркет’’ ХХК, Скайтел Групп, болон ‘‘Баттүшиг-Цэлмүүн’’ сан хамтран 100,000,000₮ гардууллаа

‘‘Парис-2024’’ зуны олимпын наадамд Жудо бөхийн төрлөөр эмэгтэйчүүдийн -48кг-ийн жинд өрсөлдсөн Үндэ

2024-08-21