Бүжигт хайртай хэн бүхний хувьд энэ хавар нэгэн сайхан мэдээ дуулдсан нь “Хаврын баяр” бүжгийн наадам дахин сэргэж, зохион байгуулагдсан үйл явдал байлаа. МЗХ-оос санаачлан 1984 оноос жил бүрийн хавар хүүхэд, өсвөр үе, оюутан, залуучууд, ахмадуудын дунд “Хаврын баяр” бүжгийн наадмыг зохион байгуулж ирсэн түүхтэй. Сүүлийн 8 жил зохиогдоогүй тасарсан байсан энэхүү наадмыг энэ жил Цэнгээнт бүжиг, Латин америк бүжиг, Нийтийн цэнгээнт бүжиг,Зохиомжит бүжиг, Ардын бүжиг гэсэн төрлүүдээр 2019 оны 05-р сарын 22-ны өдөр “Монгол бөхийн өргөө”-нд амжилттай зохион байгуулсан бөгөөд 21 аймаг, Нийслэлээс шалгарсан 70 багийн 1000 гаруй бүжигчид оролцлоо.
“Хаврын баяр-2019” наадмын ерөнхий зохион байгуулагчаар “Монголын Залуучуудын Холбоо”, хамтрагч байгууллагаар “Монголын Бүжгийн Зөвлөл”, “Натурданс продакшн”, дэмжигч байгууллагаар Соёл Урлагийн газар, Гэр бүл, хүүхэд залуучуудын хөгжлийн газар, Нийслэлийн Соёл Урлагийн газар, Монгол бөхийн өргөө , Монголын сурагчдын холбоо хамтран ажилласан.
Ерөнхий шүүгчээр СТА Монголын бүжгийн зөвлөлийн Ерөнхий Нарийн Бичгийн дарга А.Амармэнд , шүүгчдээр МУГЖ Ц.Алтангэрэл, МУГЖ Ш.Одонтуяа, СТА Мөнгөнцэцэг, СТА МБЗ-ийн Нийтийн цэнгээнт бүжгийн хэлтсийн дарга Б.Булганбаяр, СТА Б.Буянжаргал, СТА МБЗ-ийн Мэргэжлийн хэлтсийн дарга Д. Ганбаяр, Монголын бүжгийн зөвлөлийн тэргүүлэгч гишүүн, улсын шүүгч Д.Ганцог, СТА Сувдаа, СТА Алтантуяа, СТА Дэлгэрмаа нар ажиллалаа.
Насны ангиллын хувьд Цэцэрлэгийн нас, Бага нас, Сургуулийн бага нас,Сургуулийн дунд нас, Сургуулийн ахлах нас,Оюутан залуучуудын нас, Ахмадын нас гэсэн ангилалтай явагдсан юм.
Оролцогчид:
Аймаг: Сэлэнгэ аймаг, Орхон аймаг, Дархан-уул аймаг, Төв аймаг, Баянхонгор аймаг, Булган аймаг, Дорнод аймаг, Дорноговь аймаг, Өмнөговь аймаг
Дүүрэг: Баянгол дүүрэг, Баянзүрх дүүрэг, Чингэлтэй дүүрэг, Хан-Уул дүүрэг, Багануур дүүрэг, Налайх дүүрэг, Сонгино хайрхан дүүргийн нийт 1015 бүжигчид оролцлоо.
Тус наадмын Гала тоглолтын үеэр МЗХ ны Ерөнхий нарийн бичгийн дарга Б.Бэлгүдэй нийт оролцсон хамтлаг бүжигчдэд амжилт хүсч, “Хаврын баяр” наадмыг цаашид жил бүр үргэлжлүүлэн зохион байгуулахаа мэдэгдсэн юм. Мөн амжилт гаргасан дасгалжуулагч багш Б.Сэлэнгэ, Б.Урантогос, Н.Мөнх-Эрдэнэ нарыг МЗХ-ны “Хөдөлмөрийн алдар”, энэ жилийн “Хаан Хатан”-аар шалгарсан бүжигчин Л.Болорчулуун, С.Оюунчимэг нарыг “ Тэргүүний залуу” медалиар тус тус шагнаж урамшууллаа.
0 cэтгэгдэлтэй