О.Баасанхүү АН-д аль хэдийнэ 100 сая төгрөгөө тушаачихсан бололтой

2020-04-23 288 0

Өөрийгөө хамгийн шударга, хуульч гишүүн хэмээн өргөмжилсөн УИХ-ын гишүүн О.Баасанхүүг АН-д элссэн тухай олон нийт шуугиж, шүүмжилж эхлэв. Тэгэхээс ч аргагүй. Ялангуяа Орхон аймгийн 74 дугаар тойргийн сонгогчдын нүд нь орой дээрээ гарч, хэлэх үггүй үлдэв. Тэд 2016 оны сонгуулиар О.Баасанхүүд итгэл хүлээлгэж, УИХ-д илгээсэн боловч эцэст нь тэр ийм шийдвэр гаргаж, тойргынхныгоо хөсөр хаялаа. Гэхдээ энэ нь түүний хувьд тийм ч чухал бус. Маш жижиг асуудал.

АН-ын удирдлагууд сонгуульд нэр дэвших эрхийг мөнгөөр үнэлж, сонгогдож чадаагүй тохиолдолд улс төрийн дэмжлэг үзүүлэхээ мэдэгдэж, унах нүхээ өөрсдөө малтчихаад сууж байхад хаалгыг нь татаж буй нь ямар учиртай вэ. АН сонгуульд өрсөлдөх боломжгүй, өрсөлдсөн ч гарч ирэхгүй нөхцөл байдал үүссэнийг шударга, хуульч хүний хувьд хэнээр ч хэлүүлэлтгүй мэдэж баймаар. Ёстой л орогнох газраа хайсан бололтой. Учир нь, 2016 оны сонгуулиар МАХН-аас нэр дэвшиж, УИХ-д үлдэж чадсан ч түүнийг намынхан нь хөөсөн. Гэсэн үүнийг өөрөө хүлээн зөвшөөрөхгүй явсаар өдийг  хүрээд буй. Харин УИХ-ын ээлжит сонгууль хаяанд ирсэн энэ цаг үед орогнох газар хайж ийм шийдвэрт хүрсэн нь илт. Үүнийгээ өөрөө ч хэлээд амжсан. Тодотговол, тэр “Сонгуульд зайлшгүй орох шаардлага байна” гэж мэдэгдсэн удаатай.  Тэрбээр “АН-д санал тавьж, авлига хээл хахуультай холбоотой хүмүүсээ нэр дэвшүүлэхгүй гэх юм бол ардчиллын төлөө хамтран ажиллахад бэлэн гэсэн” хэмээн өөрийгөө том харагдуулаад амжсан.

УИХ-ын гишүүн О.Баасанхүү өнөөдөр АН-ын даргаас үнэмлэхээ гардан авч байхыг бодоход түүний хэлсэн саналыг тэд хүлээн авчээ. Тэгвэл АН-ын төдийгүй шинэхэн гишүүн О.Баасанхүүгийн хүсэлт, шаардлагын дагуу тус намын дарга С.Эрдэнээс өгсүүлээд томчууд нь бүгд нэр дэвших эрхгүй болж таарав. Үнэн хэрэгтээ үүн шиг худал зүйл байхгүй.  УИХ-ны гишүүн О.Баасанхүүгийн үг, үйлдэл зөрж буйн нэг баталгаа ердөө л энэ.

Нөгөө талдаа АН-аас УИХ-ын сонгуульд нэр дэвших хүсэлтэй хүмүүсээс 100 сая төгрөгийн дэнчин авч буйгаа тус намын дарга мэдэгдсэн. Гэтэл 100 сая төгрөггүй гэж байсан О.Баасанхүү УИХ-ын сонгуульд нэр дэвшихийн тулд тус намын босгоор алхав. Аль хэдийнэ 100 сая төгрөгөө тушаачихсан бололтой. Сонгуульд нэр дэвшихээр 100 сая төгрөгийн дэнчингээ тушаачихсан гэгдэж буй 181 хүний дунд түүний нэр байсан нь ийм учиртай байж. Түүний үг, үйлдэл хоёр зөрдгийн хоёр дахь баталгаа энэ.

Эрх мэдэл, ашиг хонжооны төлөө яахаас ч буцахгүй, элсэн орж буй намынх нь дарга өөрийг нь хэрхэн дүгнэдгийг ч үл тоов. Учир юу гэвэл, шинэ намынх нь дарга С.Эрдэнэ түүнийг мэдрэл муутайгаар нь дуудаж,  “УИХ мэдрэл муутай хүмүүсийн байх газар биш” хэмээж байсан цаг саяхан. Чуулганы танхимд нэгнээ хэмэлж суусан хоёр энэ удаагийн сонгуулиар хамтарч, зүтгэх гэнэ шүү. АН-д бүх зүйлийг улстөржүүлж, харлуулж, хардаж сэрддэг, хошуу нэмэхээс хуруу нэмдэггүй, мэдрэл муутай хүн хэрэгтэй байсан бололтой. Харин О.Баасанхүү гишүүнд бүх зүйлийг мөнгөөр үнэлж, албан тушаал, эрх мэдлийг наймаалцдаг шударга бус, хууль бус үйл ажиллагаа явуулдаг мэргэшсэн авлигачидтай нам хэрэгтэй байж л дээ. Уг нь хамгийн шударга, хуульч гишүүн хэмээн өөрийгөө өргөмжилсөн хүнд ийм намын хаалгыг нь татаж, үнэмлэхийг нь халааслах байтугай нэрийг нь дуурсаж, нэг нүдээрээ ч харах хүсэлгүй баймаар даа.

Холбоотой мэдээ

Имартын хамт олон ISO 14001:2015, ISO 45001:2018 стандартыг амжилттай нэвтрүүллээ

Скай Хайпермаркет ХХК нь ISO 14001:2015, ISO 45001:2018 стандартыг нэвтрүүлэн баталгаажуулалтын гэ

2024-10-23

Баянзүрх дүүргийн ИТХ-ын даргаар Ч.Мэндсайхан томилогдлоо

Нийслэлийн хамгийн олон хүн амтай Баянзүрх дүүргийн 9 дэх удаагийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын анх

2024-10-16

Хосбаярын ХОСЦЭЦЭГ: Бусдыг үргэлж сайн сайханд уриалж, үлгэрлэхийг хичээдэг

Та өөрийгөө манай уншигчдад товч танилцуулаач? -Би 1982 онд Улаанбаатар хотод төрсөн. Аав минь Бу

2024-09-30