Хотын Захирагч “Халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх, өндөржүүлсэн бэлэн байдлын энэ үед болгоомжгүйгээсээ болж гал түймэр гаргаж, алба хаагчдын ачааллыг улам нэмэгдүүлэхгүй байхыг иргэд та бүхнээсээ хүсье. Анхаарал болгоомжтой байж, бие биедээ хяналт, шаардлага тавих хэрэгтэй” гэлээ. Түүнчлэн Богд ууланд гарсан гал түймрийг унтраахад авто мотоциклийн клубууд, сонирхогчид, иргэд, залуучууд олноороо ирж, онцгой байдлын алба хаагчдад эх оронч сэтгэлээр, нийгмийн хариуцлагаа биелүүлж тусалсанд чин сэтгэлийн талархал илэрхийлж байгаагаа хэллээ.
Гэр хорооллын 196.600 гаруй нүхэн жорлонг ариутгах ажлыг хийж байна
Коронавирусын тархалтын үед дэлхийн бусад хотуудын хэрэгжүүлж буй арга хэмжээний талаар мэдээлэл өгөх үеэрээ Москва хот тавдугаар сарын 1 хүртэл тавьсан хорио цээрийн дэглэмээ цаашид сунгахаар болсон. Бээжин хот хог болон нус цэрээ ил задгай хаяж буй иргэдэд хариуцлага хүлээлгэх хуулийн төсөл боловсруулж байна. Харин Токио хотын хувьд гурван хоногт нэг удаа хоол хүнсээ цуглуулж, дэлгүүр гарах боломжийг бүрдүүлсэн болохыг хэллээ. Нийслэлийн хэмжээнд ариутгал, халдваргүйтгэлийг эрчимжүүлэн ажиллаж байна. Өнгөрсөн долоо хоногт нийслэлийн 9 дүүрэгт 14 аж ахуйн нэгж, 4734 газарт ариутгал, халдваргүйтгэлийн ажлыг хийжээ. Улаанбаатар хотын хэмжээнд 196,600 гаруй нүхэн жорлон, 53500 метр квадрат талбайд ариутгал, халдваргүйтгэлийн ажлыг хийж байна.
Халдварт өвчнийг тархаахгүй байх, урьдчилан сэргийлэх, иргэдийн эрүүл мэндийг хамгаалахын зэрэгцээ эдийн засгийг сэргээх асуудлыг Засгийн газар болон нийслэлийн хэмжээнд ярьж байгаа гэдгийг хотын Захирагч мэдээллийнхээ үеэр хэллээ.
Мөн ирэх тавдугаар сарын 5-7-ны өдрүүдэд Чингэлтэй дүүргийн хэмжээнд гамшгаас хамгаалах сургалтыг зохион байгуулах аж.
Зөвшөөрөлгүй газар барилга барьсан аж ахуйн нэгжүүдэд хууль журмын дагуу ажиллах боломжийг бүрдүүлнэ
Барилга байгууламж дуусаагүй байхад барилгыг хүлээж авдаг, тохижилт, үйлчилгээ нь болоогүй байхад худалдан борлуулдаг, иргэд байраа хүлээж авсны дараагаар ашиглалтын шаардлага хангахгүй байдаг явдалд хяналт тавьж ажиллаж байгааг нийслэлийн Засаг дарга хэлэв. Түүнчлэн шаардлага хангаагүй барилгыг ашиглалтад хүлээж авснаас үүдэн иргэд хохирол хүлээсэн тохиолдолд тухайн аж ахуйн нэгж байгууллага барагдуулдаг байх асуудалд анхаарч ажиллаж байна. Мөн хотын Захирагч хэлэхдээ “Орон сууцны хороолол дундах хүүхдийн талбай, авто зогсоол, сургууль, цэцэрлэгийн хүрэлцээ, орц, гарцны асуудлыг нийтлэг байдлаар шийдвэрлэхэд онцгой анхаарч байгаа. Тухайлбал, Хавдар судлалын үндэсний төв 5 орц, гарцтай байх ёстой атал саяхныг хүртэл ганцхан гарцтай байсан. Энэ асуудлыг шийдвэрлэж, эхнээсээ орц, гарцыг нэмэгдүүлсэн. Мөн нарны гүүрний орц, гарцын асуудлыг шийдвэрлээд ажиллаж байна” хэмээсэн юм.
Нийслэлийн хэмжээнд зөвшөөрөлгүй барилга барьсан 97 аж ахуйн нэгж бий. Зөвшөөрөлгүй газар барилга барьсан аж ахуйн нэгжид хариуцлага тооцохоос илүүтэй зөвшөөрөл олгосон албан тушаалтанд хариуцлага тооцно. Коронавирусын халдварын үед, эдийн засгийн нөхцөл байдал хүндрэлтэй байгааг харгалзан үзэж нэг удаадаа үйл ажиллагааг нь хууль журмын хүрээнд явуулах, бичиг баримтыг нь цэгцлэх боломжийг нь бүрдүүлнэ. Харин цаашид нийслэл хотод зөвшөөрөлгүйгээр барилга байгууламж бариулахгүй байхад анхаарч ажиллана гэдгийг нийслэлийн Засаг дарга С.Амарсайхан онцгойлон анхаарууллаа.
Дашрамд дурьдахад, Боловсрол, соёл, шинжлэх ухааны яам болон Хөдөлмөр нийгмийн хамгааллын яамтай хамтран ирэх тавдугаар сарын 1-ний өдрөөс эхлэн танхимаар сургалт явуулдаг цөөн хүнтэй сургалтын төвүүдийн эрхийг нээх талаар ярилцаж байна. Уг асуудлыг улсын Онцгой комиссоор оруулж, шийдвэрлэхээр сургалтын төвүүдийн үйл ажиллагаа хэвийн явагдах боломжийг бүрдүүлнэ гэдгийг хотын Захирагч мэдээллийнхээ төгсгөлд хэллээ.
Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтэс
0 cэтгэгдэлтэй