АНУ 8.3 тэрбум төгрөгийн төслийг Монгол Улсын тогтвортой хөгжлийн зорилтын хүрээнд хэрэгжүүлнэ

2020-05-04 280 0

Монгол Улсын Сангийн яам, АНУ-ын Олон Улсын Хөгжлийн Агентлагийн (ОУХА) хооронд байгуулсан хоёр талт тусламжийн хэлэлцээрийн хүрээнд 8.3 тэрбум төгрөг (гурван сая ам.доллар)-ийн нэмэлт тусламжийг Монгол Улсын тогтвортой хөгжлийн зорилтын хүрээнд хэрэгжүүлэхээ АНУ-ын Засгийн газар өнөөдөр мэдэгдэв. Уг тусламж нь сайн засаглалыг бэхжүүлэх, иргэний нийгмийн оролцоог нэмэгдүүлэхэд чиглэсэн төслийг үргэлжлүүлэн хэрэгжүүлэх, мөн энэ чиглэлээр шинэ төсөл хөтөлбөрүүдийг хэрэгжүүлэхэд чиглэх аж. ОУХА-аас Монгол Улсын тусгаар тогтнол, ардчиллыг дэмжих чиглэлээр 2004 оноос хойш үзүүлж буй дэмжлэгийн нийт дүн 342 тэрбум төгрөг (123 сая ам.доллар) болж байгаа билээ.

Монгол Улсад суугаа АНУ-ын Элчин сайд Майкл Клечески “АНУ болон Монгол Улс нь Монгол Улсын, мөн цаашлаад Номхон далайн бүс нутгийн энх тайван, ардчилал, хөгжил цэцэглэлтийн төлөө хамтран ажиллах хүчирхэг түншүүд билээ” гэв. “Коронавирус цар тахлын үед Монгол Улсын ардчилал, тусгаар тогтнол, бүх талын оролцоот хувийн хэвшлийн тогтвортой хөгжилд АНУ урьдынхаас илүүтэйгээр дэмжлэг үзүүлэхэд бэлэн байна” хэмээн Элчин сайд нэмж хэллээ.

Бүс нутгийн хэмжээнд энэхүү цар тахлын үед ардчилал, ил тод байдал нь ард түмний аюулгүй байдал, эрүүл ахуйг хамгаалах суурь үндэс болж байна. Урьд өмнө амжилттай хэрэгжүүлсэн ОУХА-ны төсөл хөтөлбөрүүдэд суурилсан энэхүү нэмэлт тусламжийн гэрээний хүрээнд Монгол Улсын Засгийн газрын засаг захиргааны шинэчлэлийг сайжруулах, оролцоот, хүртээмжтэй засаглалыг хөгжүүлэхэд дэмжлэг үзүүлэх юм. Уг нэмэлт тусламж нь иргэдийн оролцоог нэмэгдүүлэх, хариуцлага болон ардчиллын туршлагыг дэмжин ажиллаж буй төрийн үйлчилгээний байгууллагуудын чадавхийг мөн бэхжүүлнэ.

Түүнчлэн АНУ-ын Засгийн газар нь иргэний нийгмийн чадавхыг бэхжүүлэх, зөвшилцлийн үйл явцыг ОУХА-аар дамжуулан дэмжих болно. Тус агентлаг нь дотоодын аж ахуйн нэгж, хувийн хэвшил болон бусад донор байгууллагатай хамтран хүний эрх, нэр төрийг дээдэлдэг, тусгаар тогтнол, бие даасан байдлыг сайжруулахад чиглэсэн, иргэд нийтэд тулгуурласан хөгжлийг бий болгоход чиглэн ажиллана.

АНУ болон Монгол Улс нь хамтын хөгжлийн зорилтод хүрэхээр олон жилийн нягт түншлэлийг бий болгон ажиллаж ирсэн билээ. ОУХА-аас хэрэгжүүлж буй төсөл, хөтөлбөрүүд нь үр дүнтэй, хариуцлагад тулгуурласан сайн засаглалыг бий болгох, дэмжих, Монгол Улсын эдийн засгийг төрөлжүүлэн өсгөх зорилгоор жижиг, дунд бизнесүүдийг дэмжих, сонгуулийн болон улс төрийн үйл явцад эмэгтэйчүүдийн болон залуучуудын оролцоог нэмэгдүүлэх шинэ үеийн ардчиллын манлайлагчдыг бэлтгэх, бий болгох чиглэлээр ажиллаж байна.

Эх сурвалж: АНУ-ын ЭСЯ

Холбоотой мэдээ

Имартын хамт олон ISO 14001:2015, ISO 45001:2018 стандартыг амжилттай нэвтрүүллээ

Скай Хайпермаркет ХХК нь ISO 14001:2015, ISO 45001:2018 стандартыг нэвтрүүлэн баталгаажуулалтын гэ

2024-10-23

БЗД-ийн Засаг даргаар Г.Жаргалсайханыг томилуулах саналыг гаргажээ

Нийслэлийн хамгийн олон хүн амтай Баянзүрх дүүргийн 9 дэх удаагийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын анх

2024-10-18

Баянзүрх дүүргийн ИТХ-ын даргаар Ч.Мэндсайхан томилогдлоо

Нийслэлийн хамгийн олон хүн амтай Баянзүрх дүүргийн 9 дэх удаагийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын анх

2024-10-16