УИХ-ын сонгууль хаяанд ирж, нэр дэвшигчид арав хүрэхгүй хоногийн дараа тодорхой болох цаг тулчихсан энэ үед Ардчилсан нам сонгуульд оролцох эсэх нь эргэлзээтэй болоод эхэллээ. Учир нь, тус намын дарга С.Эрдэнэ өнгөрсөн хугацаанд Баянгол дүүрэгт хэрэгжүүлдэг байсан сонгуулийн хандив мөнгө босгох схемээ төв намдаа хэрэгжүүлж эхэлсэн нь УИХ-ын дарга асан М.Энхболдын зурсан гэгддэг 60 тэрбум төгрөгийн хэрэгтэй адилхан нөхцөл байдал үүсгээд байгаа юм. С.Эрдэнэ даргын хувьд өнгөрсөн хугацаанд Баянгол дүүргийг өөрийн эзэмшлийн вант улс болгоод зогсохгүй хот, дүүргийн сонгуульд багаа авч орохдоо урьдчилсан байдлаар хандив, удаад нь сонгуулийн зардлаа намдаа төвлөрүүлэх гэх мэт шат дараатай мөнгө босгох зохион байгуулалт хийдэг байсан түүхтэй. Хэдийгээр энэ нь нэг дүүргийн тухайд хэн хүний анзаараад байх асуудал биш байсан ч том нам, тэр дундаа Монголын хамгийн том хоёр улс төрийн хүчний нэгт хэрэгжүүлсэн гэдэг утгаараа олны анхаарлаас ангид байж чадсангүй.
Тэр дундаа, ердөө дөрвөн жилийн өмнөх УИХ-ын сонгуулийн үеэр МАН-ын дарга асан М.Энхболд, нийслэлийн МАН-ын дарга асан Ц.Сандуй нар ялалтандаа тулгуурлан төрийн албыг хэрхэн зарах тухай, тэндээсээ хэрхэн 60 тэрбум төгрөг босгох тухай ярилцсан бичлэг нь задарч, улмаар хэн хэн нь намын болон хуулийн хариуцлага хүлээгээд буй энэ үед Ардчилсан намын дарга С.Эрдэнэ улаан цайм нэр дэвших эрхийг бэлэн мөнгөний наймаа болгон зарласан гайхмаар үйл явдал байлаа. Түүний хувьд одоогийн байдлаар 181 хүнээс тус бүр 100 сая төгрөгийн хандив урьдчилсан байдлаар аваад байгаа бол тэдгээр нэр дэвшихийг хүсэгчид нь энэ сарын 10-ны дотор Сонгуулийн ерөнхий хорооноос тухайн тойрогт зарласан нийт зардлын 50 хувийг аймаг, дүүргийн намынхаа данс руу эцэслэн хийсэн байх ёстой. Эс бөгөөс УИХ-ын сонгуульд нэр дэвших эрхгүй болох бөгөөд урьдчилж хандив хэлбэрээр тушаасан 100 сая төгрөгөө ч, сүүлд нь нэмж тушаасан төлбөрөө ч эргүүлэн авах боломжгүйгээр намдаа хандивласан, намаа дэмжсэн, намдаа тусалсан болоод өнгөрнө гэж байгаа. Харин УИХ-ын сонгуульд Ардчилсан нам ялбал тэрхүү хандив дэмжлэгийг нь “Шалгуур хангах боломжгүй болсон гишүүний үзэл бодол итгэл үнэмшлийг хүндэтгэн татвар болон хандив төлөлт намын гишүүний үүргийг нь манлайлал гүйцэтгэлд хамруулан тооцно” хэмээн горилогч болон С.Эрдэнэ нарын гарын үсэгтэй гэрээнд заасан байгаа юм. Энэ нь товчхондоо, хэдийгээр УИХ-д нэр дэвших боломжгүй болсон ч та хандив, дэмжлэг үзүүлсэн бол дараа дараагийн төрийн том албан тушаалд очих боломж тань нэмэгдэнэ гэдгийг илэрхийлж буй хэрэг бөгөөд жинхэнэ утгаараа төрийн албыг наймаалцсан, үнэлж зарсан хэрэг болж байгаа юм. Ингэснээр Ардчилсан нам ч, С.Эрдэнэ ч Улс төрийн намын тухай хуулийн 18.3 дугаар заалт болох “Намд зориулж нэг удаа өгөх хандивын дээд хэмжээ хуулийн этгээдээс арван сая, иргэдээс нэг сая төгрөгөөс хэтэрч болохгүй бөгөөд нэг хандивлагч намын нэг байгууллагад жилд хоёроос дээш удаа хандив өгөхийг хориглоно” гэсэн заалтыг зөрчсөн нь нотлогдож байгаа бөгөөд мөн хуулийн 23.2-т заасанчлан Үндсэн хуулийн бус аргаар төрийн эрхийг авах гэдэг заалтын болзлыг ч дээрх үйлдлээрээ хангасан гэсэн үг.
Дашрамд дуулгахад, Авлигатай тэмцэх газар иргэдийн өргөдөл гомдлын дагуу энэ асуудлыг шалгаж байгаа бөгөөд НИТХ-ын дарга асан Ц.Сандуй, “Шинэ Монгол Хаад” группийн ерөнхийлөгч А.Ганбаатар нарын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 82 дугаар зүйлийн 82.1 дэх хэсэгт заасны дагуу төрийн эрхийг хууль бусаар авах хуйвалдаан зохион байгуулсан хэрэгт дөрвөн жилийн хорих ял оноосныг мартаж болохгүй. Учир нь, С.Эрдэнэ Ц.Сандуй тэргүүтний өдүүлсэн хэрэг нэг арга барил, нэг арга зам, нэг зорилготой бөгөөд энэ нь эргээд Ардчилсан намын сонгуулийн эрхийг хасах, нэр дэвших хүсэлтээ илэрхийлж мөнгө тушаасан тэрхүү 181 хүн бүгдээрээ хууль шүүхийн байгууллагад дуудагдах гээд тоймгүй олон сөрөг үр дагавар учруулах гэмтэйг мартаж боломгүй. Гол нь, Ардчилсан нам ч, Ардчилсан намын нэр дэвшигчид ч гагцхүү С.Эрдэнэ гэж хувь улстөрчийг сонгосныхоо төлөөсөнд дээрх гэмийг үүрэхдээ тулна гэж бодохоор харамсалтай хэрэг шүү.
0 cэтгэгдэлтэй