“Байгаль хамгаалах говийн иргэдийн санаачилга” ТББ-ын тэргүүн, сэтгүүлч Х.Мандахбаяр Өмнөговь аймгийн Гурвантэс сумын Гоёот багийн нутаг дэвсгэр Алтан ууланд хууль бус үйл ажиллагаа явуулж, Торомхоны нүдний рашааныг ширгээн, уулын сайрыг хусч алт угаасан, малчдыг өвөлжөөнөөс нь хөөсөн БНСУ-ын 100 хувийн хөрөнгө оруулалттай “АГМ майнинг” ХХК-ийн талаарх мэдээлэл, шаардлагыг Монгол Улсад шинээр томилогдон ирсэн БНСУ-ын Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Ли Ё Хунд өөрийн биеэр гардуулж өгөв.
Өмнө нь “Байгаль хамгаалах говийн иргэдийн санаачилга”, “Хил хязгааргүй алхам” зэрэг ТББ, ТВ8 телевизийн “Экологийн цаг” нэвтрүүлгийн багийнхан Өмнөговь аймгийн Гурвантэс сумын Алтан уул орчмын байгаль, экологи уул уурхайн үйл ажиллагааны улмаас хэрхэн сүйдэж буйг газар дээрээс нь сурвалжилж, “АГМ майнинг” компанийн хууль зөрчсөн үйл ажиллагаатай танилцан, нутгийн иргэд, малчдын үгийг сонсож, аймаг орон нутгийн удирдлагад шаардлага хүргүүлсэн билээ. Тэгвэл энэ удаа БНСУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайдад ийнхүү хандан мэдээлэл, шаардлага хүргүүллээ.
БНСУ-ын 100 хувийн хөрөнгө оруулалттай “АГМ Майнинг” ХХК-ийн хууль зөрчсөн, хариуцлагагүй үйл ажиллагаанаас болж “Торомхон” хэмээх нүдний рашаан ширгэж, хайлаас мод олноороо усгүйдэн хатаж, Гурвантэс сумын малчид хэдэн үеэрээ нутагласан өвөлжөөнөөсөө хөөгдөж, орон нутгийн удирдлагуудын хүч мөхөсдөж буйг “Экологийн цаг” баримттайгаар дэлгэсэн юм.
“АГМ Майнинг” ХХК нь 2009 оноос Өмнөговь аймгийн Гурвантэс сумын нутаг дэвсгэрт шат дараалан 15.7 мянган га талбайд алтны 2, зэс, цайрын 1 тусгай зөвшөөрөл эзэмшиж, алтны уурхай ажиллуулж байгаа бөгөөд үйл ажиллагаагаа эхэлсэн цагаасаа хууль зөрчсөн олон үйлдэл гаргасныг Өмнөговь аймгийн мэргэжлийн байгууллагууд хяналт шалгалтаар тогтоож, үйл ажиллагааг нь зогсоох тухай албан хүсэлтийг БОАЖЯ-нд хүргүүлээд байгаа билээ. Эдгээрээс дурдвал, байгаль орчны менежментийн төлөвлөгөөг батлуулалгүй үйл ажиллагаа явуулсан, баяжуулах үйлдвэрлэлд зөвшөөрөлгүйгээр их хэмжээний ус ашиглаж, худаг гаргасан, Багийн Иргэдийн нийтийн хурлаар Байгаль орчны нөлөөллийн нарийвчилсан үнэлгээг хэлэлцүүлээгүй, зориулалтын хатуу хучилттай зам тавилгүй, шороон замаар ашигт малтмал тээвэрлэсэн, 2019 оны уулын ажлын төлөвлөгөөнд заагдсан газраас хэтрүүлэн их хэмжээний газарт олборлолт явуулсан зэрэг нь тус тус тогтоогджээ.
Иймд цаашид энэ мэт хариуцлагагүй компани, хувь хүнд хариуцлага тооцох, Монголд хөрөнгө оруулж байгаа иргэд, аж ахуйн нэгжид тавих шаардлагыг дээшлүүлж ажиллах шаардлагатайг дээрх нөхцөл байдал харуулж байгааг шаардлагад тусгалаа.
Мөн Монгол Улс, БНСУ-ын ард түмэн харилцан бие биеэ хүндэтгэн, хуулийн дор, тэгш эрхтэй хамтран ажиллахад Элчин сайдын зүгээс анхаарал хандуулж ажиллахыг хүссэн юм.
“АГМ майнинг” ХХК-ийн талаарх сурвалжлагыг хүлээн авч үзнэ үү
0 cэтгэгдэлтэй