УУЛ УСНЫ Л ҮР, МИНИЙ ААВ

2018-11-29 1049 0

Өнөөдөр 11 дүгээр сарын 29-ний өдөр. Миний аавын төрсөн өдөр. Өнөө орой аавыгаа дурсан санагалзанхан зул барьчихаад зурагтын суваг эргүүлж суухнээ ТМ суваг дээр “Уул усны үр сад” гээд кино гарч байна. Байгал эхтэйгээ амин холбоотой аавыгаа дурсан дурсан үзлээ.

Миний багад аав минь намайг 2 удаа л кинотеатр дагуулж яван кино үзэж байсан юм. Нэг нь “Матар хочит Данди”. Бодвол тэр үедээ хит болж байсан киног үзмээр байсан биз, нөгөөтэйгүүр өөрөө Данди шиг л байгал амьтай эр хүн шиг эр хүн болохоороо дүү биднийг ийм л нэгэн болоосой гэж бодсоных биз. Харин энэ  “Уул усны үр сад” гэдэг киног бол зорьж дагуулан үзээд орой нь хүн байгал хоёр ямархан шүтэлцээтэй, газар дэлхий, байгал эхдээ алив мууг хийж үл болох талаар зөндөө ярьсан юм даг. Тэр үед 6-7 настай миний балчир оюун үйлийн үрийн талаар гүйцэд үл ойлгох ч тэнгэр эцэг, газар эхдээ муу муухайг үйлдвэл гэсгээн цээрлүүлнэ гэж бүүр түүрхэн ойлгож авсан юм.

Ер нь аав минь биднийг хар багаас өөрийн өссөн Хан Богд уулын Зайсан толгой, Хатан Туулын хөвөөнд ойрхон ойрхон аваачиж сайхан түүх домог ярьж өгдөг байсан билээ л. Аав минь хань, үр хүүхэд, ижий, өвөө нараасаа гадна Хан уул, Хатан Туул хоёртоо л хамгаас илүү хайртай байсан юм. Ямартаа л аавыгаа алдаад удаагүй арван дөрвөн насандаа би нэг ийм шүлэг бичиж суухав.

Буурал дэлхийн ширхэг чулуу Богд уулын Зайсан толгойд

Бууралтаагүй аавын минь хүйг дарсан чулуу буй

Мөнх дэлхийн мөнгөн эмжээр Хатан Туулын дээрх тэнгэрт

Мөнхрөөгүй аавын амиа даатгасан од буй

Хэрвээ хүний сүнс хорогддог гэж үнэн бол

Хань, Хан уул хоёртоо таны минь сүнс хорогдоо доо

Хэрвээ эрлэгийн эзэн гэж байдаг л бол

Хан уулын хамгаалагч савдагаар томилоо доо таныг минь…

Аав минь ойн инженер мэргэжилтэй. ХААДС-ыг онц төгсч чухамхүү л хүсэж дурласан мэргэжилээ эзэмшсэн юм. Оюутан байхаасаа онц сурдагынх орос инженерүүдийг даган Монголынхоо бүхий аймаг сум, уул нуруудаар явсан гэдэг. Сүүлд надад ярих нь ингэж явж байж л аав нь Монгол нутагтаа үнэнхүү догдлон дурлаж, энэ сайхан нутгийнхаа эх сайхан байгалийг хайрлах чинхүү эрмэлзэл тогтсон юм гэж байсансан.

Наяад оны дундуур аав минь Улаанбаатар хотын байгал хамгаалах газарт Хотын ногоон бүс хариуцсан байцаагчаар ажиллаж байлаа. Одоо ч хамт ажиллаж байсан хүмүүс нь Энхтөр нээрээ үйлийн үргүй шударга хүн байсан шүү гэлцэх.

Заримдаа хориотой үед загас барьж байсан оросуудын уургыг хураачихлаа дарга даамлууд юм байх, тэгэх байхаа та нар гэсээр хачин гоё уурганууд бариад ирэх. Хүүхэд юм болохоор би халган байж ааваа надад нэгийг нь өгчих гэхэд Битгий донгосоод бай гээд маргааш нь ажил руугаа аваад явчих.

Надад сайхан шүлэг олныг цээжлүүлдэг байлаа. Зургаахан настай надад Б.Лхагвасүрэнгийн “Учирлахын шүлэг”-ийг цээжлүүлэн ажлынхаа концерт дээр уншуулж байв. Би гэж нэг томхон бөхийн гутал шиг амьтан

…Дэлхий хэмээх аварга модны мөчир бүхэн дээр үүрээ зассан

Дээдийн заяат хүмүүн төрөлхтөн минь

Дээрээ бид нэг нартай

Дундаан бид ганцхан дэлхийтэй

Хоёр ганцын дунд бид олуулаа…гэх буюу

Гарцаагүй тэр нейтроныг чинь хүн дээр турших ёстой юм бол

Ганцхан над дээр дэлбэлээд аль гэж ирээд амьтны инээд өхөөрдлөөр хучуулж явлаа.

 

Газрын хөх судас бүдэг бадагхан цохилно

Гал дундуур урсах мэт бөг бөг шогшино

Агсал буурал Туултайгаа хатирч бэлчирлэдэг л усан

Адуу бараадан дагах тушаатай морь шиг дэгэнэ гэж гүн харамсалтайгаар уншиж

Тогтоол зарлиг дундуур урсаж байгаа хотын номхон голыг

Тогтоож ч чадалгүй уурга чиргүүлэн алдсан байж

Зэм халдаамгүй Алтайн цаадах

Зэрэглээ залгилсан халтар говийн

Бидэрээ гээтэл цалгилах эмнэг хуланг тогтоох юм гэнэ

Битгий сэрүүн зүүдэлж, сэрж мартацгаа.. хэмээн ууртайхан хэлж Ц.Чимиддоржийн “Сэлбэ” шүлгийг цээжлүүлж байсан нь одоо ч нүдэнд ив илхэн, сэтгэлд тов тодхон байна.

У.Мавлет сайд цагаан зээр агнах хориог цуцалсан тэр жил ажлынхаа шинэ жил дээр сайдынхаа тушаалыг эсэргүүцсэн шүлэг уншчихъя гээд мөнөөх Чимиддорж гуайтны “Цагаан зээр”-ийг

Би

Цуутай дорнын цагаан зээр

Цусаа үзсэн улаан зээр гэж агсамнанхан уншсан гэдэг. Байгал эхээ өмгөөлөн дарга даамлуудтай ч үзчихдэг нээрээ л та минь шударга хүн байж дээ.

Тэр жилийн зун манайх Төрхурахын сангийн аж ахуйд зуссан юм. Тэнд мод үржүүлэгийн газар байсан юм л даа. Тэнд л би нэг настай нарс сөөм хэрийтэй, хоёр настай шинэс төө хүрдэггүйг харсан юм. Тэгэхэд аав минь надад чи хар даа хоёр настай мод ийм гэхээр энэ сайхан модод ингэж ургах гэж хичнээн жил болсон байхав, хичнээн жил эх дэлхийнхээ тунгалаг агаарыг бий болголцсон байхнав. Тайраад хаяхад ганц цаг хүрэхгүйн л ажил шүү дээ гэж миний бяцхан ухаанд бодлогшрол нэмдэг байв.

1990 онд манайх тэр үеийнхээр Эрдэнэт хотын Хялганат хороонд сууршихаар нүүж ирсэн юм. Хялганатын модны үйлдвэр гэж Монголын томоохон мод бэлтгэлийн үйлдвэр байлаа. Аав минь тэнд мод үржүүлгийн инженэрээр ажиллаж байв. Заримдаа уулаар хэд хоног явж ирчихээд хөвөнтэй хүрэмээ ч тайлалгүй бодлогширон сууж Харцагатайн нурууны минь хайран сайхан моддыг хядаад дууслаа, хичнээнийг үржүүлээд, хичнээнийг суулгаад ч гүйцэх арга алга хэмээн бухимдал харуусал дүүрэн өгүүлж суудагсан.

Миний аав цэл залуухан гэхэд ч багадхаар 35-хан насандаа энэ хорвоогоос одсон юм. Өнөөдөр байсан бол та минь 60 нас хүрэх байж. Өөрийн эрхгүй хамрын самсаа шархирч, нулимасны сүв өргөсөөд байна. Нөгөөтэйгүүр та минь өнөөдрийн улаан халцгай болсон тал нутгаа, утаа униартаа бөглрөн амьсгаадах агаар тэнгэрээ, таг хуурай сайр үлдээн ширгэсэн нуур цөөрмөө, тасрах шахан амь гуйн бөгтөлзөх гол горхинуудаа, хожуулаар сорвижин нүцгэрсэн уул нуруудаа, хүний гараар сэндийлэгдэн сүйрсэн Монгол нутгаа харж сэтгэл зүрхээ эмтлэн, хүн гэгч байгал дэлхийдээ хичнээн харгис хандаж болдогийг үзэж цээжээ урж амь тэмцээгүйд чинь би гунигтайхан, нулимастайхан талархаж байна.

Та минь дандаа хэлдэг байсан. Байгал дэлхий мөнх оршино. Хүн төрөлхтөн биднийг гэсгээн цээрлүүлнэ. Нэг л сайн шилгээж хүн хэмээх шавьжийг сэгсэрч орхиод өөрийгөө эдгээнэ гэж. Таны минь энэ үг биелэнэ гэдэгт хүү нь итгэдэг ээ ааваа.

 

Сартай-Уул овогт Энхтөрийн Оюунболд

Холбоотой мэдээ

Төрийн өмчийн бүх музейг хүүхдүүд хэдий ч үнэгүй үзэх боломжтой

Музейн нээлттэй өдрүүд маргааш эхэлнэ Манай улс 0-16 насны бүх хүүхдэд төрийн болон орон нутгийн бү

2024-02-29

Хуврагууд 80 гаруй сая төгрөгийн өртөг бүхий өвс тэжээлийг хандивлалаа

Монголын Бурхан шашны төв-Гандантэгчэнлин хийдийн Тэргүүн их хамба, Хамба номун хан, гэвш лхаарамба

2024-02-25

МЭДЭГДЭЛ

Сүүлийн өдрүүдэд зарим хэвлэл мэдээллийн хэрэгсэл, цахим сүлжээгээр УИХ-ын гишүүн Сүхбаатарын Батб

2024-01-03