П.Н.Шастины нэрэмжит Улсын гуравдугаар төв эмнэлгийн сэтгэцийн эмч, сэтгэл засалч, анагаах ухааны магистр Ч.Ганцэцэгтэй уулзаж ярилцав. Тэрээр “Оддарьяа сан”-тай хамтран “Хүүхдээ эергээр хүмүүжүүлэх гарын авлага” бүтээн эцэг эхчүүдэд хүргэсэн билээ.
-Та их онцлог ажил хийдэг юм байна. Энэ талаараа яриач?
-Миний харьяалагддаг нэгж бол харвалтын тасаг. Хүн харвалаа гэдгээ мэдэхээрээ “Би үхэх нь дээ” гээд сэтгэл зүйн дарамт, танин мэдэхүй, оюун санааны алдагдалд ордог л доо. Оюун санааны заримдаг алдагдал буюу заримдаа зүгээр, заримдаа самуураад байдаг. Бас ар гэрийнхэн нь ойр дотны хайртай хүн нь харвачихаар айдас түгшүүртэй, яахаа мэдэхгүй тулгамддаг. Олон улсын практикт харвалтын тасагт ажиллах багт сэтгэцийн эмч байдаг. Манай харвалтын тасаг Мянганы сорилтын сангийн санхүүжилтээр байгуулагдсан юм. Гэхдээ бусад тасагт сэтгэл зүйн асуудалтай хүн байвал бүгдэд үйлчилнэ, эмнэлгийнхээ хэмжээнд сэтгэл зүйн тусламж үйлчилгээ үзүүлдэг.
Би АУДС-ийг төгсөөд 2002-2006 онд Англид байхдаа сэтгэл заслын сургалтад суусан юм. Тэгээд сэтгэцийн эмч болно гээд 2006 оноос эхлээд 14 дэх жилдээ сэтгэц, сэтгэл заслаар ажиллаж байгаа. 2012 онд Өмнөд Солонгосын Самсунг эрүүл мэндийн төвд сэтгэцийн чиглэлээр мэргэжил дээшлүүлсэн.
2018 онд Сингапурт халдварт өвчин судлалын үндэсний төвийнх нь зохион байгуулсан сургалтад суусан. Тэр үед SARS гарч, үй олон хүнийг хамарсан өвчний дэгдэлтийн үед хүмүүст сэтгэл зүйн тусламж яаж үзүүлдэг талаар сургалт явуулж, мэргэжил дээшлүүлсэн. Дараа нь Австри улсад Австри, АНУ-ын сангаас зохион байгуулдаг олон улсын эмч нарын семинарт сэтгэц, наркологийн чиглэлээр мэргэжил дээшлүүллээ. Сүүлд Жорж Вашингтоны их сургуулийн эмнэлэгт хүүхэд, өсвөр үеийнхний танин мэдэхүйн сэтгэл заслын талаар суралцаж ирээд “Хүүхдээ эергээр хүмүүжүүлэх гарын авлага”-ыг Оддарьяа сангийн залуустай хамтран гаргалаа. Гарын авлагад 0-8 насны хүүхдийн өсөлт хөгжлийн асуудлуудыг хөндөж бичсэн.
-Тухайлбал ямар асуудлыг хөндөж бичив?
-Энэ гарын авлагад 0-8 настай хүүхдийн өсөлт, хөгжил, нийтлэг ерөнхий чадвар, зан төлвийн онцлогийн талаарх олон жилийн судалгаа, шинжилгээний тайлан, онол мэдээллийг нэгтгэн, энгийн ойлгомжтойгоор хураангуйлан орууллаа. Тэгэхдээ монгол ахуй, соёл, амьдралын хэв маягтай уялдуулан бичсэн. Хүний сэтгэцийн хөгжлийн үе шатууд гэж бий. Тэр үе шат болгондоо байгалиасаа, хүний анхаарал нэг зүйл дээр төвлөрчихсөн байдаг. Энэ зүй тогтлыг мэдэх юм бол бид хүүхдийнхээ оюун санааны хөгжлийг удирдаж, чиглүүлж, дэмжиж чадаж байгаа юм. 0-8 насны хүүхдийн асуудал дотроо дөрвөн үе шатанд хуваагддаг. Үе болгон онцлогтой, том том үелзлэл, үерийн ус шиг шаагьсан өөрчлөлтүүдийг хүүхэд авч байдаг, хэцүү үе. Хэрэв та хүүхэдтэйгээ 10 нас хүртэл нь байнга ойр байж сайн ажиллах юм бол түүнээс хойш ажиллагаа чинь багассаар байгаад 20 нас хүрэхэд хүүхэдтэйгээ ажиллах шаардлагагүй болно. Тэгж чадвал хүүхэд чинь 20 наснаас хойш хажууд ньбөмбөг дэлбэрч, үер бууж, уул нурж байсан ч сэтгэл зүйн хувьд тогтвортой, зөв шийдэл гаргадаг, аливаа бэрхшээлтэй асуудлыг зөв даван туулдаг хүн болж төлөвшиж байгаа юм.
-Энэ номыг уншвал эцэг эхчүүд хүүхдийнхээ талаар мэдвэл зохих зүйлсийг олж авах нь ээ?
-Тийм, мэдэж авна. Хүүхэд бие бялдрын хувьд өсч том болох явцдаа хүрээлэн буй орчин, хорвоо дэлхийг танин мэдэж, тэдгээрт хариу үйлдэл үзүүлж сурна. Балчир хүүхдүүд өөрийнхөө хамгийн ойр, чухал хүмүүсээс үлгэр дуурайл авах замаар юмсыг сурч мэддэг учраас эцэг эх, ах эгч нар нь хамгийн нөлөөтэй багш юм.
-Хүмүүс, хүүхдүүд хүчирхийлэлд өртөж, аймшигтай гэмт хэргүүд гарч байгаа үед энэ гарын авлага гарсан нь сайшаалтай гэж байна. Хүчирхийллийн талаар ч оруулсан уу?
-Хүчирхийлэлт авир гэж юу вэ гэдэг талаар “Хүчирхийлэлгүйгээр хүүхдээ хүмүүжүүлэх авууштай санаанууд” гэсэн гарчгийн дор оруулсан байгаа. Хүмүүс хүүхдийн эрхийг яаж зөрчиж, хүүхдээ яаж хүчирхийлээд байгаа юм бэ гэдгээ мэддэггүй.
-Та жишээ хэл дээ. Тухайлбал нэг настай хүүхдийг хүчирхийлж буй хэлбэр гэвэл?
-Хүн бүрийн амьдралд тохиолддог энгийн жишээг хэлье. Хүүхэд аав, ээж томчууд руу тэмүүлээд авхуулах гээд байдаг шүү дээ. Гэтэл манайхан “Муу зан сурчихна” гээд хүүхдээ авахгүй, суулгачхаад “Би гэрээ цэвэрлэе” гэдэг ч юм уу өөр юм хийгээд явчихдаг. Гэртээ байгаа ээж нарыг эргэн тойрных нь хүмүүс “Ганцхан хүүхдээ арчилж чадахгүй, орой ирэхэд гэр орон нь навсайчхаад, аягаа ч угаахгүй, хоолоо ч хийгээгүй байх юм” гэж буруутгаж, дарамталдаг. Гэтэл хүүхэд ээжтэйгээ байхыг хүсдэг. Ээж нь гэрийнхээ ажлыг хийж цэгцтэй, ажилтай хүн болох гээд хүүхдээ уйлж байсан ч орхиж байгаа юм. Энэ үйлдэл бол хүүхдэд хүчирхийлэл үзүүлж байгаа хэрэг.
-Тэгэхээр хүүхэд “Ээж намайг тоохгүй байна” гээд гомдох уу?
-“Ээж намайг тоохгүй, хэцүү үед орхиж байна” гэсэн ойлголт далд ухамсарт нь суугаад үлдэнэ. Тэгээд том болсон хойноо аав, ээжийгээ тоохгүй байдалд орж байгаа юм. Хэчнээн “Ээж минь“ гээд байгаа ч энгийн үйлдэл дээрээ “Ээжид тэгээд хэлчихсэн, ээж яах вэ” гэсэн хэнэггүй зан гаргана. Эцэг эхчүүд хүүхэд нь яагаад тийм болсныг ойлгодоггүй.
Уг нь гэр цэвэрлэх, хоол унд хийхийг хамжаад бүгдээрээ хийчих л ажил. Ээжид хүүхдэдээ бүх цагаа зарцуулах боломж олгох хэрэгтэй. Тэгвэл хүүхэд чинь эцэг эхдээ ачлалтай, хүнийг энэрдэг, өөртөө итгэлтэй, ямар нэг асуудалд сэтгэл зүйн зөв хандлагатай, богино хугацаанд их ачааллыг аваад зөв шийдвэр гаргаж чадах потенциалтай зөв хүн болох суурь нь сайн тавигдана. Хүүхдээ сайн, зөв хүн болгохыг хүн бүр хүсдэг мөртлөө балчир үед нь тэр чанарыг суулгаж чадахгүй байна. Хүүхэд чинь таныг гомдоож, тавгүйтүүлж, муухай зан гаргаж байвал шалтгааныг нь өөрсдөөсөө л хайх хэрэгтэй.
-Гэр орноо зүлгээд, хүүхдээ уйлуулаад сууж байгаа ээж бол хэнэггүй, назгай нэгэн, харин аясаар нь босон суун хамт яваа ээж, жинхэнэ сайн ээж юм байна?
-Тийм, жинхэнэ сайн ээж. Хүүхэд ээждээ тэврүүлчхээд үүнийг авах, түүнийг ч барих гээд зүтгэхээр “Манай энэ аягүй хөдөлгөөнтэй, тэврээд байхад зүгээр суулгахгүй юм” гэж уцаарлах аав, ээж олон. Гэтэл аав, ээжтэйгээ хамт хийсэн үйлдэл бүхэн хүүхдийг өөртөө итгэлтэй болгодог, сайхан мэдрэмжийг үлдээдэг. Тэгээд том болохоороо “Ээж ээ хүү нь, охин нь ингэе” гээд буцаагаад тэр үзүүлж байсан хайр халамжийг гаргадаг. Харин томчууд балчир хүүхэд юу санах вэ, мартчихна гэж боддог.
Би сэтгэцийн эрүүл мэндийн чиглэлээр ажиллах явцдаа хүмүүст энэ талаар байнга ярьж хэлдэг. Гэхдээ хэвшүүлж, өөрчилж чадахгүй байсан. Гэтэл АНУ-д “Хүүхдүүдийг хүчирхийлэлгүй байлгая, чи хүүхдээ хүчирхийлээд байгаа юм биш биз, хүүхдээ сайн хүн болгоорой” гэсэн яриа, таниулга, мэдээлэл байнга явж, эцэг эхчүүдэд алхам тутамд нь “Хүүхэдтэйгээ ингэж харьцвал хүчирхийлэл шүү” гэж хэлж байна.
-Та жаахан тодруулж яриач. Манайхан тэр хүчирхийллийн хэлбэрүүдийг мэддэггүй шүү дээ?
-“Дуугүй бай, болохгүй, боль, холд” гэх чинь л шууд хүчирхийлэлд орно. Уг нь “Үүнийг авч болдоггүй юм. Яагаад гэвэл ийм, чи өөрөө үз дээ, болохгүй байгаа биз” гэж тайлбарлах, ойлгуулах ёстой. Манайхан бага насны хүүхдийг “Мөнгөгүй байхад юм нэхлээ” гээд загнадаг, айлын зөрүүдхэн дураараа хүүхдийг “Бөгсөн дээр нь алгадаач” гэж шууд шаарддаг. Энэ бүхэн хүчирхийлэлт харилцаа юм. Хүүхдийн амь нас, эрүүл мэндийн эсрэг үйлдэгдэж байгаа хүчирхийлэл энэ бүхнээс эхэлдэг. Томчууд энэ асуудлыг таньж мэдэх, өөрчлөлт хийх хэрэгтэй байна. Манайд хүүхдийн эсрэг хүчирхийллийн асуудал туйлдаа хүрч, дэндэж байна шүү дээ.
Хүүхдүүд унтахдаа зүүдлээд уйлдаг. Ханиад хүрвэл шууд маш том айдас түгшүүрт ордог. Бие нь өвдөх хүүхдэд их хэцүү байдаг. Гэтэл эцэг эхчүүд эм өгчихсөн, одоо гайгүй болно гээд зөнгөөр нь орхидог. Гэтэл аав, ээжийн халамж, чанартай асаргаа хүүхдийн бие, сэтгэхүйд маш чухал.
-ЭХЭМҮТ-ийн захирал Ш.Энхтөр “Хүүхэд хүнд ханиад хүрсэн ч ээж нь хамт байж, халамжилж арчлахад гэрийн нөхцөлд 100 хувь эмчлэгдэнэ” гэж байсан юм. Тэр чинь энэ байх нь ээ?
-Ээж хүүхдийнхээ сэтгэл зүйд нөлөөлдөг. Ээжтэйгээ хамт байгаа хүүхдийн сэтгэл тайвширч, өвчин эсэргүүцэх чадвар, дархлаа нь өсч, бат бөх болно. 0-18 сар хүртэл хугацааг “хүүхдийн амны үе” гэдэг. Энэ үедээ хүүхэд амаараа мэдэрдэг, бүх зүйлийг ам руугаа явуулдаг шүү дээ. Тэр үед ээж хажууд нь байж хоолыг нь, мээмээ өгч байвал хүүхдийн сэтгэл амгалан, дархлаа нь сайжирч байдаг. Хүүхдээ арван сар тээж, биеэ хувааж төрүүлчхээд, хэрхэн ямар хүн болгох вэ гэдэг бол аав, ээжийн гол асуудал.
-Монголчуудын сэтгэцийн эрүүл мэндийн асуудал нэлээн эмзэг, эвгүй байна гэж олон хүн ярих боллоо. Сэтгэцийн өвчлөл хэр их байдаг бол?
-Хүмүүс өвчин гээд ярихаар галзуу өвчин ч юм уу шизофренийг гэж ойлгоод сэтгэцдээ асуудалтай гэдэг. Гэтэл олон улсын өвчний ангилалд сэтгэцтэй холбоотой 680-аад өвчин бүртгэгдсэн байдаг. Түүний 20 нь л галзуу, солиотойгийн ангилалд буюу хүнд хэлбэрт хамаарна. Бусад нь, айдас түгшүүр, сэтгэл гутрал гээд бидний хувьд маш энгийн зүйлс өвчин гээд орчихсон байдаг. Дэндүү аймхай, тэнгэр чанга дуугарахад л “Яана аа” гээд айдаг, “Хичээлээсээ хоцрох нь, яана аа” гээд бодох ч сэтгэцийн асуудал. Тэгэхдээ айдас түгшүүр, сэтгэл гутрал, гэмших, санаа зовинох, гонсойх, гансрах гэх мэт сөрөг сэтгэл зүйн мэдрэмжүүд нь хэвийн зүйл. Эдгээр нь тодорхой хугацаанд үргэлжлэх юм бол сэтгэцийн асуудал болчхож байгаа юм. Хүн хэвийн асуудлуудаа шийдэж чадахгүй болчихвол өвчилнө. Бие, сэтгэл хоёрыг салгаж ойлгох аргагүй. Биеийн эс болгонд сэтгэл шингэсэн байдаг. Хүний хоолой өвдлөө гэхэд цаана нь сэтгэл бас өвдөж байдаг. Хүн ханиад хүрлээ гэхэд нэг, хоёр удаадаа эм уулгүй эдгэж болно. Түүний дараа халуун юм уугаад хөлрөх, эмчлэх шаардлага гарч ирдэг. Гэтэл сэтгэл ч ханиад хүрэх нь олон. Аав, ээждээ загнуулах, ангийн нөхдийнхөө өмнө буруу зүйл хийчхээд “Яана аа” гээд зовох чинь ч сэтгэлийн ханиад. Бас хатгаа шиг хүчтэй цочрол, цохилт авах үе ч байдаг. Тэр бүхнийг хүн сэтгэлийн тэнхээгээрээ л давдаг. Тэгж байтал 40-өөс дээш насанд тохиолддог амьдралын хожуу үеийн сэтгэцийн асуудал гараад ирнэ. Аав, ээж нь өнгөрөх, сургуулиасаа хасагдах, өөрийнхөө чадлаар хийнэ гэж бодсон, төсөөлчихсөн явсан зүйл нь өөрөөс нь шалтгаалахгүй гадны ямар нэг зүйлээр таслан цохигдох юм бол хүчтэй сэтгэлийн хатгаа авдаг. Тийм үе хүн бүрт байдаг. Энэ үедээ сэтгэлийн хатгааны эмчилгээ хийлгэх ёстой юм.
-Манайд бол ямар ч эмчилгээгүй орхидог юм биш үү?
-Үнэн л дээ. Хүмүүс ихэвчлэн маш их хүндэрсэн үедээ эмчид ханддаг. Сэтгэл засалч эмч ч төдийлөн олон биш байна. Хэрэв хүн “Миний сэтгэл нэг л эвгүй байна” гэж мэдэрч, бодвол сэтгэл засалч эмч дээр очих хэрэгтэй. Хүний сэтгэн бодох үйл явц шинжлэх ухаан талаасаа зургаан үе шаттай. Сэтгэл засалч эмчид хандвал, тухайн хүний сэтгэн бодох үйл ажиллагаа аль үе дээрээ гацаад байна вэ гэдгийг тогтооно. Тэгээд хоёр, гурван асуулт асуухад л гацаа нь гарч, түгшүүр зангилаа нь тайлагдаж хэвийн болно гэсэн үг л дээ. Тэгэхээр жирийн хүнд асуудлаа ярьж тайвшрах, сэтгэл засалч эмчтэй ярилцах их ялгаатай.
-Гэмт хэрэг, хүчирхийлэл үйлдэж байгаа хүмүүсийн асуудлыг тэдний эцэг, эхтэй холбож үзэх нь зүйтэй санагддаг. Хүн гэнэтхэн хүчирхийлэгч болохгүй шүү дээ. Яг социализм, ардчилал гэсэн зааг дээр бужигнах үест манайхан сэтгэл зүйн том эвдрэлд орчихсон юм шиг санагддаг. Та үүнтэй санал нийлэх үү?
-Нийгмийн хөгжлийн шилжилтийн үе, нийгмийн амьдрал хүний сэтгэл зүйд маш их нөлөөлдөг. Тэр “Зах зээлд шилжлээ, мөнгөний ханш уналаа, ажилгүйдэл боллоо” гэдэг байдлууд тухайн үедээ бүх хүнд сэтгэлийн том цохилт өгсөн байдаг. Тэр үед жаахан байсан хүүхдүүд аав, ээжийнхээ хэцүү байдлыг харж, сонсч , хамтдаа даван туулсан. Харин ямар байдлаар даван туулсныг таашгүй. Аливаа цохилтыг хүүхдүүд, томчуудаас 2-3 дахин хүчтэй тусгаж авдаг. Тэр нь эргэж гарахдаа яг тийм 2-3 дахин хүчтэй байдлаар илэрч харгис, догшин байдлаар тэсэрч, дэлбэрдэг. Нийгмийн бухимдал, амьдрал, ёс суртахууны доройтлын золиос нь хүүхдүүд болдог. Ялгаварлан гадуурхалт, хайхрамжгүй байдал тэдний сэтгэлийг өвчлүүлнэ.
Сая АНУ-д байхдаа би нэг зүйлийг их анзаарлаа. Тэндэхийн том баячууд, өндөр албан тушаалын хүмүүс сургуулийн сурагчдыг ерөөсөө гадуурхаж, ялгадаггүй юм байна. Өөрийнх нь хүүхэд насанд хүрээд үеийнхэнтэйгээ нэг нийгэмд амьдарч, ажиллана гэдэг утгаар ядуу айлын хүүхдийг гадуурхдаггүй. Боломж муутай айлын хүүхдүүдийг халамжийн санд хамрууллаа гэхэд түүнийгээ мэдэгдэхгүйгээр, дундаж зэрэглэлийн айл ч хүүхдэдээ авч өгдөггүй үнэтэй хувцас, хичээлийн хэрэглэл бүх зүйлийг нь авч өгөөд, хоолны мөнгийг нь дааж, бүх асуудлыг нь зохицуулдаг юм байна. Биеийн тамирын секц, дугуйланд найзуудтай нь хамт явуулах ч юм уу, багаар нь тэтгэж, хүмүүжүүлдэг. Хүүхдүүд хамтдаа бэрхшээлийг даван туулах, баяр, зовлонгоо хуваалцах гэх мэтээр хамтдаа хөгжиж байна.
Гэтэл манайхан өөрийнхөө хүүхдийг л зүлгээд, тусгаарлаад, их мөнгө цацаж сургадаг. Хүүхэд нь том болоод дороо ажиллах хүмүүсийг үеийнхнээсээ л сонгоно, гадуурхагдаж байсан сэтгэлзүйн шархтай хүнийг авч ажиллуулна. Хэт цойлъё гэвч үеийнхэн нь хойш татна шүү дээ. Хүүхдээ сайн сайхан амьдруулъя гэвэл найз нөхдөд нь ч гэсэн анхаарах, нийтэд нь харах хэрэгтэй юм.
-Хүмүүс бухимдлаа тайлж байна гээд архи уудаг. Та энэ талаар юу хэлэх вэ?
-Энэ бол буруу. Архи буюу этилийн спирт гэдэг хор төв мэдрэлийн системийг хордуулдаг. Архийг уух үед төв мэдрэлийн систем хордоод юу ч мэдэхгүй, санахгүй болж, бухимдал нь гайгүй болсон юм шиг байвч, асуудал сэтгэлд нь яг хэвээрээ байна. Хордсоны дараа тархи урьдных шигээ ажиллаж чадахаа больдог.
-Тэгэхээр архи уудаг хүмүүсийн тархи зогсоо чөлөөгүй муудаж байдаг байх нь ээ?
-Зогсоо чөлөөгүй муудан доройтож байгаа. Түүнээс гадна энэ хор, ууртай, догшин, муу аргатай гэх мэт сэтгэл зүйн сөрөг талыг байнга өдөөнө. Архинаас болоод хүний тархины химийн найрлага өөрчлөгддөг. Түүнийг буцаагаад хэвийн байдалд оруулах хэцүү. Маш урт удаан хугацааны дэглэм, дасгал шаардлагатай. Тийм хүн эргэн тойрондоо айдас, түгшүүр тараадаг. Хүмүүсийн сэтгэлийн айдас түгшүүр удаан арилдаг. Хүүхдийг багаас нь айлгаад, зодоод байвал айдас нь хургасаар яваандаа жинхэнэ сэтгэцийн өвчин болно. Тийм хүүхдэд сэтгэл заслын эмчилгээ хэрэгтэй. Тэр айдас, зодсон хүний дууны өнгө, харц, царайны байдал, далайж байгаа эрчим, суран бүсний чимээ бүгд хүүхдийн сэтгэлд үлдэж өвчлүүлдэг. Тэр хүүхэд хожим шууд хүчирхийлэгч болно. Сэтгэл заслын эмчилгээ хийж, аргадаж маш удаан хугацаанд ажиллаж байж л хүүхдийн сэтгэлийн шархыг багасгана.
Ярилцсан Г.Марал
0 cэтгэгдэлтэй