Долоо хоногийн тойм

2020-05-22 278 0
Нийслэлийн Засаг даргын Тамгын газар болон Нийслэлийн харьяа газар, агентлагуудын зүгээс 2020 оны тавдугаар сарын 18-наас тавдугаар сарын 22-н өдрүүдэд Улаанбаатар хотын хэмжээнд хийсэн томоохон ажлууд болон хотын Захирагч С.Амарсайханы оролцсон арга хэмжээ, өгсөн үүрэг даалгавар, бүтээн байгуулалтын ажлуудтай холбоотой мэдээ мэдээллийг тоймлон хүргэж байна.

Хөрсний бохирдлыг бууруулах чиглэлээр тодорхой ажлуудыг хэрэгжүүлнэ

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Амарсайхан долоо хоног бүрийн Даваа гараг бүр мэдээллийн цагаараа иргэд олон нийтэд хандсан мэдээлэл өгч буй. Энэ удаагийн мэдээллээрээ Улаанбаатар хоттой ах дүүгийн найрсаг харилцаатай хотууд хооронд “Ковид-19” цар тахлын цаг үеийн асуудлаар 7 хоног бүр харилцан мэдээлэл солилцож байгаа талаар товч дурдаад, нийслэлийн хэмжээнд урьдчилан сэргийлэх ямар ажлууд хийгдэж байгаа  болон иргэдийн амьдрах орчны аюулгүй байдлыг хангуулахтай холбоотой арга хэмжээ авч ажиллах талаар мэдээлэл өглөө. Агаарын болон хөрсний бохирдлыг бууруулах зорилгоор нийслэлийн удирдлагууд шат дараатай ажлуудыг хэрэгжүүлж байна.Энэ хүрээнд агаарын бохирдлыг 80 хувиар бууруулах төлөвлөгөөтэй ажиллаж байгаа бөгөөд ирэх аравдугаар сарын 01-нээс эхлэн нам даралтын зууханд түүхий нүүрс түлэхийг хориглох аж. Өнөөдрийн байдлаар Улаанбаатар хотод 5000 гаруй нам даралтын зуух байдаг бөгөөд ирэх аравдугаар сараас өмнө цахилгаан дулаанд холбогдож, хийнд шилжих чиглэлийг хотын Захирагч өгчээ. иргэдийн амьдрах орчны аюулгүй байдлыг хангуулахтай холбоотой арга хэмжээ авч ажиллахыг холбогдох албаныханд үүрэг болгож, ажлын хэсэг байгуулсан байна. Энэ дагуу стандартын шаардлага хангахгүй, хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгөд хохирол учруулахуйц, хотын өнгө үзэмжид сөргөөр нөлөөлж буй хашаануудад хяналт тавьж, засаж сайжруулах хугацаатай үүргийг холбогдох албаныханд өгчээ. Харин зөвшөөрөлгүй, зориулалтын дагуу ашигладаггүй хашаануудыг албадан буулгах, ачих, үүнтэй холбоотой гарсан зардлыг тухайн иргэн, аж ахуйн нэгжээс гаргуулж, нийтийн эзэмшлийн зориулалтаар тохижуулах ёстойг хотын Захирагч хэлж байлаа. Хаврын салхи шуургатай энэ үед хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгөд аюул, эрсдэл учруулж мэдэхээр эзэнтэй, эзэнгүй хашаануудад хяналт тавьж, стандартыг хангуулах ажлыг ирэх зургаадугаар сарын 1 гэхэд нийслэлийн 9 дүүрэгт хэрэгжүүлж дуусахыг нийслэлийн Газар зохион байгуулалтын алба, Мэргэжлийн хяналт, Хот байгуулалт хөгжлийн газар болон Хотын стандарт орчны аюулгүй байдал хяналт зохицуулалтын газарт  хотын Захирагч болгожээ.Хотын соёлд нийцсэн өнгө үзэмжтэй, стандартын дагуу нэгдсэн нэг хашаа хороотой байх шаардлагыг иргэн аж ахуйн нэгжүүдэд хүргэж байгаа бөгөөд энэхүү ажлыг дэмжиж хамтран ажиллахыг мөн уриаллаа.

Сайжруулсан шахмал түлшнээс гарах үнсийг дахин боловсруулж ашиглана

Нийслэлийн Засаг даргын зөвлөлийн хуралдаанд Нийслэлийн гэр хорооллын айл өрхүүд болон дулааны цахилгаан станцуудын галлагаанаас гарч буй үнсийг агаар орчны бохирдлыг бууруулах, хөрсний бохирдол үүсэхээс сэргийлэн судалгаа шинжилгээнд оруулах, ангилан ялгах, тээвэрлэх, дахин ашиглах, хэрэглээнд нэвтрүүлэх талаар хэлэлцлээ. Нийслэлийн Засаг даргын 2019 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийн А/1206 тоот захирамжаар энэхүү ажлын хүрээнд ажлын хэсэг байгуулагдсан байна. Ажлын хэсгийн хурал нийт гишүүдийг хамарсан албан байдлаар таван удаа, албан бус цаг үеийн асуудлаар 12 удаа хуралдаж, тухай бүртээ ажлын явц, үр дүн, үүрэг даалгаврын биелэлт, дараагийн авах арга хэмжээнүүдийн талаар хэлэлцэн оролцогч талуудад дэмжлэг үзүүлэн ажиллажээ.Энэ талаар нийслэлийн Агаар, орчны бохирдлын асуудал хариуцсан төслүүдийн удирдагч Д.Мөнхжаргал “Үнсийг барилгын материалын үйлдвэрлэлд нэмэлтээр ашиглах тохиолдолд шатаалтыг бүрэн явуулсан, хог хаягдал шатаагаагүй, стандартын шаардлага хангасан үнс байх шаардлагатай. Дутуу шатсан нүүрсний хэмжээ стандарт үзүүлэлтээс давсан үзүүлэлттэй байгаа тул үнсийг ашиглахын өмнө заавал шигшүүрээр шигшиж, дутуу шатсан нүүрс, хогийг ялгасны дараа дутуу шатсан нүүрсний агуулгыг тодорхойлох хэрэгтэй. “Барилга архитектур корпораци” барилгын материалын сорилт шинжилгээний лабораторитай хамтран энгийн, төслийн, нам даралтын зуухны шатаалтаас гарсан гэх гурван төрлийн үнсний дээжид физик механик үзүүлэлт тодорхойлох сорилт шинжилгээ хийлээ. Сонгинохайрхан дүүргийн 2, 3 дугаар хороо, Чингэлтэй дүүргийн 7, 12 дугаар хорооны 7684 хашааны 11845 өрхийг сонгон туршилтын үнс ангилан тээвэрлэх ажлыг эхлүүлсэн. Гэр хорооллын айл өрхүүдийн сайжруулсан шахмал түлшнээс гарах үнс болон Дулааны цахилгаан станцуудын хаягдал үнсийг дахин боловсруулж ашиглана. Мөн өрхийн түвшинд үнсийг хөргөн, хогийг шигшин ангилан ялгалт хийж үнсийг тээвэрлэлт хийхэд бэлэн байх туршилтыг хийсэн. Айл өрхүүдэд хяналт тавин бүртгэл хөтлөн ангилсан үнсийг тээвэрлэн Нарангийн энгэрийн төвлөрсөн хогийн цэгт цуглуулалт хийж байна” гэсэн мэдээллүүдийг өглөө.Түүнчлэн цахилгаан станцын үнсийг дахин уул уурхайн нөхөн сэргээлтэд ашиглах, авто замын барилгын ажилд дүүргэгчээр ашиглах зэрэг туршилтуудыг хийхээр төлөвлөн ажиллаж байгаа аж.

Стандартын шаардлага хангаагүй барилгын хашааг буулгах, солих ажил хийгдэж байна

Нийслэлийн Засаг даргын Зөвлөлийн 12 дугаар хурлаас өгсөн үүрэг, Хотын Ерөнхий менежерийн баталсан хуваарийн дагуу, Барилгын тухай хууль, Зөрчлийн тухай хууль болон бусад дүрэм журмын зөрчсөн, стандартын шаардлага хангаагүй хашааг буулгах, шинэчлэх ажил нийслэлийн хэмжээнд явагдаж байна.

Нийслэлийн холбогдох мэргэжлийн байгууллагуудаас бүрдсэн ажлын хэсгүүд зөрчил үүсгэсэн ААНБ, хувь хүмүүст шаардлага тавьж, зөвлөмж өгөх ажил хийгдсэн бөгөөд явган хүний зам хаасан, иргэдийн амьдрах орчинд эрсдэлтэй нөхцөл байдал үүсгэсэн газар болон барилгын түр хашааг буулгах, стандартын шаардлагад нийцүүлэх ажлууд хийгдэж байна.Явцын талаар товч дурдвал: БЗД-ийн 19-р хорооны Хамтын хүч констракшн ХХК-ний 60 айлын орон сууцны гадна авто замыг хаасан зөрчилтэй хашааг албадан буулган, авто замын хөдөлгөөнийг нээж хэвийн үйл ажиллагаанд орууллаа.

БЗД-ийн 22-р хорооны Ойн бүргэд ХХК-ийн гүйцэтгэж байгаа үйлчилгээний төвтэй 288 айлын орон сууцны барилгын гадна хашааг албадан буулгаж стандартын шаардлагын дагуу шинээр хийх үүрэг өгч ажлыг эхлүүлээд байна.

БЗД-ийн 5-р хорооны Сэнгүр горхи хотхоны баруун талд шаардлага хангаагүй барилгын түр хашааг буулгаж явган хүний замыг чөлөөлөв.

БГД-ийн 4-р хорооны хойд талд байрлах явган зорчигчийн зам хааж тагласан гражыг тус дүүргийн газрын албатай хамтран буулгав.

БГД-ийн 5-р хорооны Тэмүүлэл хотхоны хойд талын граж яаралтай түргэн тусламжийн тээврийн хэрэгсэл нэвтрэхэд саад учруулж байсан тул буулгав.

БГД-ийн 15-р хороо, 40-р сургуулийн хойно иргэн Лхагвасүрэнгийн барилгын түр хашааг стандартын дагуу болгох зорилгоор буулгах ажлыг тус тус эхлүүллээ.

БГД-ийн 7-р хорооны үйлчилгээний зориулалттай барилгын гадна хашааг буулгаж байна.

Төрийн үйлчилгээг цахимаар авах олон боломжууд нээгдлээ

Иргэд төрийн байгууллагууд руу заавал биечлэн очихоос илүү мэдээллийн технологийн дэвшилтэт системүүдийг ашиглан цаг хугацаа, орон зайнаас үл хамаарч нийслэлээс үзүүлж буй төрийн үйлчилгээг цахимаар олон хувилбараар авах боломжтой болжээ. Тухайлбал, төрийн үйлчилгээг цахим хэлбэрээр хэрхэн авах талаарх зөвлөмж, мэдээллийг “Хотын дарга сонсож байна 1800-1200” лавлагаа, мэдээлийн утсаар ажлын өдрүүдэд 09:00-18:00 цагийн хооронд авч болохоос гадна дээрх тусгай дугаарын утсаар нийслэлийн нутгийн захиргааны байгууллагуудаас иргэн, хуулийн этгээдэд үзүүлж буй төрийн үйлчилгээ, хэрэгжүүлж буй бодлого, үйл ажиллагааны талаарх мэдээллийг авч, төрийн байгууллага, албан тушаалтанд хандан өргөдөл, гомдол гаргаж шийдвэрлүүлэх боломжтой.  Үүнээс гадна “Check my service” гар утасны аппликэйшныг ашиглан нийслэлийн нутгийн захиргааны байгууллага, албан тушаалтанд хандаж өргөдөл, гомдол, санал, хүсэлтийнхээ холбогдох зураг, баримт материалыг хавсарган хэзээ ч, хаанаас ч илгээн богино хугацаанд шийдвэрлүүлэх боломжтой. Гаргасан өргөдөл, гомдлыг зохих ёсны байгууллагууд шийдвэрлэсний дараа тухай иргэнд утасны дугаараар нь холбогдож хариуг өгөх юм.Тээврийн хэрэгслийн нэгдсэн цахим үйлчилгээний https://smartcar.mn/ систем ашиглан автотээврийн болон өөрөө явагч хэрэгслийн албан татвар, агаарын бохирдлын төлбөр, авто зам ашигласны төлбөрийг аль ч банкны онлайн гүйлгээний эрхтэй төлбөрийн карт, QPay үйлчилгээгээр дамжуулан төлбөрөө төлөх бүрэн боломжтой. Мөн үйлчилгээг ухаалаг утасны “Smartcar” аппликейшн болон Татварын ерөнхий газрын  https://e-tax.mta.mn/, https://itax.mta.mn/ цахим хуудас ашиглан авч болно.Нийслэлийн цахим үйлчилгээний нэгдсэн https://eservice.ulaanbaatar.mn/ порталаар нийслэлийн 7 байгууллагын 51 үйлчилгээг цахим хэлбэрээр авч болохоос гадна өргөдөл гомдол гаргах, үйлчилгээний төлбөрийг цахимаар төлөх, үйлчилгээний шийдвэрлэлтийн явцад хяналт тавих, үнэлгээ өгөх, санал хүсэлт өгөхөд үйлчилгээний хоног хугацаа, шат дамжлага багатай зэрэг олон давуу талтай.

Газраа бэлэн орон сууцаар сольсон иргэд түлхүүрээ гардан авлаа

Улаанбаатар хотын агаар, хөрс, орчны бохирдлыг бууруулах, төвлөрлийг сааруулах  ажлын хүрээнд Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Амарсайханы захирамжаар иргэдийн эзэмшил газрыг  орон сууцаар солих ажлыг НОСК-аас өнгөрсөн оны арваннэгдүгээр сард эхлүүлсэн. Энэ нь Улаанбаатар хотод анх удаа хийгдэж байгаа ажил бөгөөд гэр хорооллыг орон сууцжуулах, агаар хөрсний бохирдолыг бууруулах ажилд бодитойгоор түлхэц үзүүлж буйгаараа онцлог юм. Нийслэлийн бүтээн байгуулалтыг дэмжин өмчилж буй газраа орон сууцаар сольж буй Баянзүрх дүүргийн 19 дүгээр хорооны иргэдэд байрных нь түлхүүрийг өнөөдөр нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Амарсайхан, НОСК-ын гүйцэтгэх захирал Б.Сүхбаатар, НИТХ-ын төлөөлөгч Э.Бат-Амгалан нар гардууллаа. Баянзүрх дүүргийн 19 дүгээр хороо Цайз орчмын 79 өрх айл нэгдэн өмчилж буй газраа орон сууцаар солих хүсэлт гаргасны дагуу үнэлгээний ажил хийгдэн өнөөдөр эхний 10 өрх ийнхүү шинэ байрны түлхүүрээ гардан авлаа. Тухайн хэсэгт 4,3 га газар чөлөөлөгдөж 270 гаруй иргэд орон сууцанд хамрагдаж байгаа аж.

Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтэс

Холбоотой мэдээ

Хосбаярын ХОСЦЭЦЭГ: Бусдыг үргэлж сайн сайханд уриалж, үлгэрлэхийг хичээдэг

Та өөрийгөө манай уншигчдад товч танилцуулаач? -Би 1982 онд Улаанбаатар хотод төрсөн. Аав минь Бу

2024-09-30

Хуврагууд 80 гаруй сая төгрөгийн өртөг бүхий өвс тэжээлийг хандивлалаа

Монголын Бурхан шашны төв-Гандантэгчэнлин хийдийн Тэргүүн их хамба, Хамба номун хан, гэвш лхаарамба

2024-02-25