Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Амарсайхан тавдугаар сарын 10-ны өдөр тухайн газарт очиж ажиллан, Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд баригдаж байгаа дугуйн замын ажлыг шалгах явцдаа зөвшөөрөлгүй барилга барьж байсан “Хан талст” ХХК-ийн үйл ажиллагааг шалгах Ажлын хэсэг байгуулах шийдвэр гаргасан. Энэ дагуу ажлын хэсэг байгуулагдаж, тухайн газарт хяналт шалгалт хийсэн ажлын хэсгийн үр дүнгээ тавдугаар сарын 21-ны өдрийн Нийслэлийн Засаг даргын зөвлөлийн хуралдаанаар танилцуулсан. Шалгалтаар “Үндэсний цэцэрлэгт хүрээлэн” ОНӨТҮГ-ын эргэн тойрон дахь газруудад зөрчил дутагдал маш ихээр илэрсэн гэдгийг нийслэлийн Өмчийн ашиглалт, удирдлагын газрын орлогч дарга Д.Рэнцэнбямба онцлон хэлж байсан юм.
“Баянзүрх дүүргийн 26 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Маршалын гүүрний зүүн тал, Туул голын эрэгт байх усны халианд өнөөдөр өсвөр насны дөрвөн хүүхэд живж амиа алдсан харамсалтай хэрэг гарлаа. Тухайн газар өмнө нь нийслэлийн Засаг даргын зүгээс болон НЗДТГ-аас удаа дараа хяналт шалгалт хийж, албан шаардлагуудыг хүргүүлэн, зөрчил арилгах хугацаатай мэдэгдэл өгч ажилласан. Энэ мэдэгдлүүдийн шаардлагыг төдийлөн сайн хангаагүй, барилгын шороог авсан хэсэгт үүссэн хөрсний усанд дөрвөн хүүхэд тоглож байгаад харамсалтайгаар амиа алдсан хэрэг гарлаа. Тухайн газарт “Хан Талст” ХХК-ийн тохижилтын ажил хийж байгаа газар. Тус компанийн үйл ажиллагаанд удаа дараа хяналт шалгалт хийсэн. Өнгөрсөн долоо хоногт Хотын дарга өөрийн биеэр очиж, нөхцөл байдалтай танилцан барилгын үйл ажиллагааг нь зогсоосон байсан” гэсэн мэдээллийг нийслэлийн ЗДТГ-ын Хууль, эрх зүйн хэлтсийн дарга А.Даваажаргал өглөө.
Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын дарга Л.Эрдэнэчулуун “Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд анх газар олгох зөвшөөрлийг тухайн үеийн Хотын дарга Э.Бат-Үүл 2014 гаргаж байсан бөгөөд үүний дагуу “Хан Талст” компанид 3.3 га газрыг олгосон. Мөн Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд найман удаа хяналт шалгалт хийж, зөрчлийн хэрэг нээн албан шаардлага хүргүүлсэн. Түүнчлэн “Хан Талст” компанид нийслэлээс хоёр удаа үйл ажиллагааг нь зогсоох мэдэгдэл хүргүүлж байсан. Тус компанид олгосон 3.3 га газар нь хууль бус гэж үзэн АТГ-т албан тушаалын хэргээр хүргүүлж байсан. Зөвшөөрөлгүй үйл ажиллагаа явуулж болохгүй үйл ажиллагаагаа зогсоох шаардлагыг хүргүүлсэн ч үүнийг үл ойшоосон. Бид “Хан Талст” компанид зохих ёсныхон дагуу хяналт шалгалтыг хийж ажил цаашид үргэлжилнэ” гэв.
Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтэс
0 cэтгэгдэлтэй