
Сүүлийн үед Монгол улсын Засгийн газраас уул уурхайн салбар дахь эмх замбараагүй байдал, хууль бус үйлдлүүдийг цэгцлэх тал дээр эрс бодлого, шийдвэрүүд гаргаж эхэлсэн.
Энэхүү ажил арга хэмжээний хүрээнд хууль бус үйл ажиллагаа явуулж байсан аж ахуйн нэгж, иргэдэд хариуцлага тооцох, тусгай зөвшөөрлүүдийг цуцлах, олборлолтыг зогсоон, техник хэрэгслүүдийг хураах зэрэг ажлуудыг хэрэгжүүлж эхэлсэн бөгөөд үүний зэрэгцээ Засгийн газрын 2017 оны 151-р “Бичил уурхайгаар ашигт малтмал олборлох журам”-ыг цуцлах асуудал яригдаж эхэлсэн билээ.
Тэгвэл Монголын бичил уурхайн нэгдсэн Дээвэр холбооноос Засгийн газрын бодлого, шийдвэрүүдтэй холбогдуулан бүх гишүүдийн ээлжит бус хурлаа 9-р сарын 14-нд буюу өнгөрсөн Бямба гаригт хийсэн байна.
Тус хурлаар бичил уурхайчид өөрсдийн салбарын юу нь болж, юу юу нь болохгүй байгааг хэлэлцэн дүгнэсэн байна. Тэдний зүгээс үйл ажиллагаа явуулах үндсэн эрх зүйн баримт бичиг болох Засгийн газраас баталсан “Бичил уурхайгаар ашигт малтмал олборлох журам”-ын зорилго зорилт, хэрэгжилтийн сайн жишээнүүдийг яг орон нутгийн хариуцлагатай бичил уурхайчид бус хууль бусаар олборлогчид, бичил уурхайн нэрийг барьсан этгээдүүд харлуулж байна хэмээн үзэж байна. Хариуцлагатайгаар бичил уурхай эрхлэгчид тухайн орон нутгийн иргэдээ зохион байгуулж ажлын байр нэмэгдүүлдэг бөгөөд хууль журмыг хэрэгжүүлж ажилладаг гэдгээ тодотгож байлаа.
Хариуцлагатай бичил уурхайчид Засгийн газраас явуулж буй бодлогуудыг дэмжиж байгаа бөгөөд хууль бус үйлдлүүдтэй хамтран тэмцэх цаашид хариуцлагатай бичил уурхайг төлөвшүүлэхэд хамтарч ажиллах хүсэл сонирхолтой байгаагаа илэрхийлжээ.
Хурлын үеэр төлөөлөгчид тус салбар дахь
– Эрх зүйн зохицуулалтын зөрчил, хууль бус олборлолттой тэмцэх арга зам
– Бичил уурхайгаар жонш олборлоход тулгамдаж буй асуудал шийдвэрлэх арга зам
– Нөхөн сэргээлт, байгаль орчин, хорт бодисын хэрэглээ хариуцлагын асуудал шийдвэрлэх арга зам
– Нийгэм эдийн засагт оруулж буй хувь нэмэр татвар төлөлт, нийгмийн даатгалд хамрагдалт тэдгээрийн баталгаажуулалт
– Олборлолтын газрын талаар тулгамдаж буй асуудал, шийдвэрлэх арга зам
зэрэг сэдвүүдээр хэлэлцүүлэг явуулж тулгамдаж буй асуудлуудад гарц, шийдлүүдийг гаргаж ирсэн байна. Үүнийгээ нэгтгэн дүгнэж, нийт бичил уурхай эрхлэгчиддээ зөвлөмж хэлбэрээр, төр засаг, орон нутгийн байгууллагуудад хамтран ажиллах санал хэлбэрээр хүргүүлэх ажээ.
Хуралд бичил уурхай бүхий 11 аймгийн 110 орчим төлөөлөшчид оролцсон байна.
0 cэтгэгдэлтэй