ДААН ЧИГ ЯАВ ДАА Б.АМАРХҮҮ МИНЬ

2019-09-20 937 0

Өнгөрсөн шөнө дуучин Б.Амархүү гэрийнхээ гадаа машиндаа хар тамхи хэрэглэж байгаад баригдаж гэнэ. ЦЕГ-ын Хар тамхитай тэмцэх газрынхан гэнэтийн гүйцэтгэх ажиллагаа явуулан түүнийг баривчилж ШШГЕГ-ын харьяа цагдан хорих 461-р ангид саатуулан шалгаж эхэлжээ гэсэн мэдээллүүд өнөө өглөө шуугиан тарьлаа. Ор үндэсгүй мэдээлэл биш гэж сэтгүүлчийн туршлагаасаа мэдрээд байна. Ямар сайндаа л даан чиг яав даа Б.Амархүү минь хэмээн сүүрс алдан сууна.
Монгол улсад хар тамхины хэрэглээ ихсэн аюулын харанга дэлдээд байгааг төр засаг болон нийгэм хүлээн зөвшөөрч эхлээд байна. Урьд нь тэр хэрэглэсэн гэнэ гэсэн сураг төдий байсан хар тамхи өнөөдөр хууль хяналтын байгууллагынхан өөрсдөө хүртэл хэрэглэдэг болчихсон дээрээ тулаад байна. Олсны ургамал татахаас хэтэрдэггүй, түүнээс цааш хар тамхины талаар киноны л мэдлэгтэй байсан үе ард хоцорч 18 хүрээгүй жаахан охин өвс, мөс, экстаси, кокайн гээд хээв нэг ярьдаг болчихсон үед бид амьдарч байна. Үүнтэй хууль хяналтын байгууллагынхан хатуу тэмцэх хэрэгтэй. Хар тамхины хор хөнөөл, аюул уршигийн талаар хэлүүлэлтгүй хэн бүхэн мэдэж байгаа. Ялангуяа Монгол шиг цөөхөн хүн амтай улс хар тамхины тал дээр эрс хатуу бодлого баримтлах ёстой гэж би үздэг ээ.
Саяхан комеди ярьдаг хурган олны танил нэг залуу “өвс татахыг зөвшөөрөө ч” хэмээн олон нийтийн сүлжээнд бичсэн харагдсан. Нэг иймэрхүү ”байдаг л юм”, “гадаадад зөвшөөрсөн л байдаг” гэхчилэн тоомжиргүй ч юм шиг уриалаад байгаа ч юм шиг хандлагыг шууд таслан зогсоох хэрэгтэй. Урлагийн салбар бол нийгэмд, ялангуяа хүүхэд залууст онцгой нөлөөлөл үзүүлдэг салбар. Энэ салбарт ажиллаж амьдарч, олон нийтэд үлгэр дуурайл үзүүлж болохуйц түвшинд хүрсэн хүмүүс хар тамхины тал дээр маш хатуу байр суурьтай байж, эрс татгалзах, хэрэглэхгүй байхыг уриалах зайлшгүй хүлээсэн үүрэгтэй гэж би хувьдаа боддог.
Монголчууд нийтээрээ хайрладаг цөөхөн хүмүүсийн нэг нь дуучин Б.Амархүү. Хүүхдэрхүү гэнэн төрх, сэтгэлд дулаан инээмсэглэл, сайхан хоолой, сайн уран бүтээл, ухаалаг зөв яриа гээд түүнд бусдад таалагдах бүх зүйл бий. Монголчууд түүнийг хайрладаг. Тийм их хайр хүндлэлийн дэргэд мөн бурууг үйлдвэл хүүхэд залуус даган дуурайх өндөр эрсдэл оршино. Иймийн учир би даан чиг яавдаа хэмээн харамсаад байгаа юм.
Цагаан тахал-хар тамхийг огтхон ч бүр огтхон ч хүлээн зөвшөөрч болохгүй. Цаашаа ганц хоёрхон алхахад наашилж эргэж болдоггүйн учир, цагийн зугаа өдрийн хөлчүүрэл биш цаламдсанаа тавьдаггүй насны элийрэл болохоор, цаг ямагт сэтгэлдээ сэрүүлэгтэй явахгүй бол цаглашгүй зовлонг үрсэд минь авчирч мэдэх болохоор цагаан тахал-хар тамхийг огтхон ч бүр огтхон ч хүлээн зөвшөөрч болохгүй.

Э.Оюунболд

Холбоотой мэдээ

Имартын хамт олон ISO 14001:2015, ISO 45001:2018 стандартыг амжилттай нэвтрүүллээ

Скай Хайпермаркет ХХК нь ISO 14001:2015, ISO 45001:2018 стандартыг нэвтрүүлэн баталгаажуулалтын гэ

2024-10-23

Хосбаярын ХОСЦЭЦЭГ: Бусдыг үргэлж сайн сайханд уриалж, үлгэрлэхийг хичээдэг

Та өөрийгөө манай уншигчдад товч танилцуулаач? -Би 1982 онд Улаанбаатар хотод төрсөн. Аав минь Бу

2024-09-30

Олимпын мөнгөн медальт тамирчин Б.Баасанхүүд ‘‘Скай Хайпермаркет’’ ХХК, Скайтел Групп, болон ‘‘Баттүшиг-Цэлмүүн’’ сан хамтран 100,000,000₮ гардууллаа

‘‘Парис-2024’’ зуны олимпын наадамд Жудо бөхийн төрлөөр эмэгтэйчүүдийн -48кг-ийн жинд өрсөлдсөн Үндэ

2024-08-21