МАН-аас Өвөрхангай аймгийн 10 дугаар тойрогт нэр дэвшиж буй УИХ-ын гишүүн С.Чинзориг, Д.Тогтохсүрэн, аймгийн Засаг дарга Г.Ганболд гурав Сонгуулийн хууль зөрчиж, Бат-Өлзий суманд урлагийн тоглолт зохион байгуулсан гэх асуудал үүссэн. АН-аас тэднийг Сонгуулийн хууль зөрчсөн гэдгийг тогтоосон хэмээн хэвлэлийн бага хурал хийж, мэдэгдсэн билээ.
Тэгвэл МАН-ын НБГ-ын дарга Б.Баярбаатар энэ асуудлаар тайлбар хийлээ. Тэрбээр “Өвархангай аймгийн намын хороотой холбогдож, энэ асуудлыг тодруулсан. МАН-ын гурван нэр дэвшигч үүнд холбогдолгүй гэж мэдээлсэн. Зургадугаар сарын 2-ны өдөр сонгуулийн сурталчилгаа эхэлсэн цагаас өнөөдрийг хүртэл манай намын нэр дэвшигчид Бат-Өлзий суманд очиж, иргэд, сонгогчидтой уулзалт зохион байгуулаагүй. Хуваарийн дагуу энэ сарын 10-ны өдөр тэнд очиж, иргэд, сонгогчидтой уулзалт зохион байгуулах төлөвлөгөөтэй ажиллаж байгаа юм байна.
АН-аас Өвөрхангай аймагт МАН-аас нэр дэвшигчид хууль зөрчсөн нь тогтоогдсон мэтээр олон нийтэд мэдээлсэн. Аль нэг улс төрийн хүчин зөрчил гарсан уу, үгүй юу гэдгийг тогтоохгүй. Хууль хяналтын байгууллага шалгаж үзэж, нотлох баримтад үндэслэж тогтоодог. Өвөрхангай аймгийн МАН-ын хорооноос үнэн, зөвийг тогтооолгохоор цагдаагийн байгууллагад хандсан. Удахгүй үнэн мөн нь тогтоогдох байх. Ер нь энэ танил технологи. 2012 онд иймэрхүү зүйл болсныг Өвөрхангай аймгийн сонгогчид мартаагүй байгаа.
2012 онд манай намын ухуулагчийн хувцсыг насан хүрээгүй хоёр хүүхдэд өмсгөж, араас нь фото зургийг нь авч, олон нийтэд энэ байдлаар мэдээлж байсан. Улмаар хууль хяналтын байгууллагад гомдол гаргасан. Гэтэл Өвөрхангай аймагт болсон асуудлыг Хан-Уул дүүргийн шүүхээр шийдвэрлүүлж, манай намын нэр дэвшигчийн сонгогдох эрхэд, иргэдийн сонгох эрхэд шууд халдсан улстөржсөн үйлдлүүд гарч байсан. Бид ийм үйлдлийг дахин давтах ёсгүй гэж үзэж байгаа. Бусад улс төрийн намуудад сонгуульдаа шударгаар өрсөлдөхийг уриалж байна” хэмээлээ.
0 cэтгэгдэлтэй