-2016 онд та бүхнийг Засгийн газар хүлээж авахад эдийн засаг ямар түвшинд байсан бэ. Дампуурлаа зарлахад бэлэн байсан гэж үнэн үү?

-Цар тахлын үеийн эдийн засаг хүнд байгаа, иргэд ч үүнийг ойлгож байна. 2016 онд нөхцөл байдал үнэхээр хүнд байсан. Дөрөвхөн жилийн дотор Монгол Улсын өр дөрөв дахин нэмэгдчихсэн. Монгол Улсын хадгаламж буюу гадаад валютын нөөц ч дөрөв дахин багассан байлаа. Тухайн улс орны өрийн дарамтыг яаж хэмждэг вэ гэхээр нэг улсын бидний ДНБ буюу нэг жилийн дотор хэчнээн их бараа бүтээгдэхүүн үйлдвэрлэж чадах вэ гэдгийг өртэй нь харьцуулдаг. Тэгэхээр нийт үйлдвэрлэсэн бараа бүтээгдэхүүний 78-80 орчим хувьтай тэнцэх өртэй байсан. Энэ зөвхөн Засгийн газрын өр. Нэмээд Оюутолгой, хувийн хэвшлийн өрөө нэмчихвэл 100 хувь гараад явчихсан. Бид дөрвөн жилийн хугацаанд энэ өрийг 55 хувьд авчирлаа. Намайг Сангийн яаманд очиход Монгол Улсын эдийн засаг 25  их наядтай байсныг өнөөдөр 37 их наядад хүргэж, том эдийн засагтай болгож чадлаа. Энэ бол баялаг бүтээгч, татвар төлөгч та бүхний нөр их хөдөлмөр юм.

-Таны Төрийн ордны гадна хүүхдээ хөхүүлээд сууж байгаа зургийг харсан. Өөрт тулгарсан энэ асуудлаас гадна хүүхэд, эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалахын төлөө юу хийж чадах вэ?

-Монгол Улсын түүхэнд сайдаар ажиллаж байгаа эмэгтэй хүн төрсөн анхны тохиолдол гэнэ лээ. Ерөнхий сайд хүртэл “Одоо тэгээд яах уу, Булгаа. Декритээ авах уу” гэж асууж байлаа. Би “Яалаа гэж дээ төр засгийн ажлыг юу гэж цалгардуулах билээ. Хэрэгцээ шаардлага гарвал ажлаа өгөхөд бэлэн. Хүүхэд гаргасан, гаргаагүй төрийн ажил явах ёстой” гэж хэлсэн. Үнэнийг хэлэхэд, тэр үед хэцүү л байлаа. Төрийн ордонд хүүхэд оруулдаггүй. Засгийн газар өдөржин хуралдах шаардлагатай болно. Ганц нэг удаа Төрийн ордны хоёр талын хаалгаар орж, иргэдтэй уулзах уулзалтын өрөө рүү хамгаалагч нараас гуйж хүүхдээ оруулан хөхүүлээд гаргаж байсан үе ч бий. Төрийн тэр том хариуцлагатай ажлыг хийх ёстой гэж бодож ээж, хүү хоёр зүтгэсээр ард нь гарсан. Заримдаа гадаа ч хөхүүлнэ. Одоо та бүхэн хараарай.

Зарим том оффисуудад тамхи татах тусгай өрөө байдаг. Тэгсэн атлаа хүүхэд хөхүүлэх өрөө байдаггүй. Зургаан сар хүртэл хүүхдээ хөхүүл гэдэг хуультай. Амьдрахын эрхэнд залуус хүүхдээ зургаан сар хүргэхгүй ажилдаа ордог. Эмэгтэйчүүдийн эрхийн төлөө би тууштай ажиллана, угаасаа ч энэ чиглэлд олон ажил хийдэг. Нөгөөтээгүүр, эмэгтэйчүүд, хүүхдийн асуудал бол дан ганц эмэгтэй улстөрчийн асуудал биш юм. Эрэгтэй улстөрчдийн ард ч эмэгтэй сонгогч байгаа. Тиймээс эрчүүд ч энэ чиглэлд дуугарах хэрэгтэй. Монголын хүүхэд бол хүн амын нэг сая. Тэдний төлөө эр, эм гэхгүйгээр тэмцэх ёстой юм. Хоёр нэр дэвшигчдээ ч үүнийг уриалж байна.

-Ажлын байраар хангах чиглэлд ямар ажил хийх вэ?

-40-өөс дээш насны эмэгтэйчүүдийг ажилд орох гэхээр ажилд авдаггүй гэдэг асуудал байгаа. МАН-ын мөрийн хөтөлбөрт ирэх дөрвөн жил 150 мянган ажлын байр шинээр бий болгоно гэж тусгасан. Хөгшин, залуу гэхгүй бүх хүнийг ажилтай байлгахад манай намын мөрийн хөтөлбөр чиглэсэн. Ялангуяа манай Баянзүрх дүүрэгт ЖДҮ эрхлэгч эмэгтэйчүүд олон бий. Тэд өрхийн үйлдвэрлэл эрхлэх гэхээр зээлийн хүү өндөр. Үүнийг нэг хувиас доош болгоно. Хоёрдугаарт, тусгай зөвшөөрлийн тоог багасгаж, цахим хэлбэрт шилжүүлнэ. Энэ бүхнийг бид бодлогоор дэмжинэ.