Х.Булгантуяа: Ардын нам залуусаа 150 мянган ажлын байраар дэмжинэ

2020-06-11 337 0

Улсын Их Хурлын сонгуулийн 23 дугаар тойрог, Баянзүрх дүүрэгт МАН-аас нэр дэвшиж буй Сангийн Дэд сайд Хүрэлбаатарын Булгантуяа, Гавьяат эмч Жигжидсүрэнгийн Чинбүрэн, НИТХ-ын төлөөлөгч Энхтайваны Бат-Амгалан нар өнөөдөр 2 дугаар хорооны иргэдтэй уулзлаа. Тэд сонгуулийн сурталчилгаа эхэлснээс хойш 10 дахь өдрөө иргэд сонгогчидтойгоо уулзаж, санал бодлоо хуваалцан, МАН-ын мөрийн хөтөлбөрийг танилцуулж байгаа юм. Гурван нэр дэвшигчийн тухайд гурвуулаа өөр, өөр мэргэжилтэй. Тиймдээ ч иргэдтэй уулзахдаа Сангийн Дэд сайд Х.Булгантуяа дүүрэгт хийгдэх бүтээн байгуулалтыг хэрхэн санхүүжилт босгож хийх, эдийн засгийн нөхцөл байдлын өнөөгийн бодит байдал, ирэх жилүүдэд эдийн засаг, төсвийн талаар ямар бодлого баримтлах талаар болон МАН-ын мөрийн хөтөлбөрийг сэдэв бүрээр нь задлан танилцуулж яваа юм.

Харин нэр дэвшигч Ж.Чинбүрэн нийгмийн салбар тэр дундаа эрүүл мэндийн салбарт хийгдэх ажил, томоохон хөтөлбөрүүдийг танилцуулсан бол нэр дэвшигч Э.Бат-Амгалан дүүргийн тулгамдсан асуудал, нийгмийн чиглэлд ямар ажил хийх талаар иргэдэд мэдээлэл өгч байна. Тэд өнгөрсөн хугацаанд нийтдээ 10 гаруй хорооны 10 мянга орчим иргэнтэй уулзжээ. Өнөөдөр болсон уулзалтын үеэр нэр дэвшигч Х.Булгантуяа МАН-ын мөрийн хөтөлбөрт залууст чиглэсэн ямар томоохон асуудлууд багтсан талаар иргэдэд мэдээлэл өгөв.

Тэрбээр, “Өнгөрсөн хугацаанд олон уулзалт хийлээ. Гэхдээ ийм уулзалтуудад залуус цөөхөн ирж байсан. Харин өнөөдрийн уулзалтад маш олон залуус ирснийг харлаа. Залуусын дуу хоолой нийгэмд маш чухал. Бид найм дахь удаагаа сонгууль өгөх гэж байна. Өнөөдөр намайг л сонгочихвол би бүтээх гэж байна, чадна гэсэн худлаа амлалтад залуучууд хууртахгүй болжээ. Монгол төрийн босго өндөр байх ёстой. Хийх юмтай хэлэх үгтэй, ядахдаа нэг салбараа мэддэг хүн төрд орох ёстой юм. Залуус сонгууль болдгоороо л болдог.

Бидний амьдралд ямар өөрчлөлт гарах юм бэ гэж бодож суугаа байх. Эдийн засаг сайн үед ТҮЦ-тэй байсан хүмүүс найман нэрийн барааны дэлгүүртэй болсон. Барилгын бригадтай нь томоохон компанитай болсон. Олон ч залуучууд гаднаас эх орондоо ирж, хийж бүтээхийг хүссэн ч тэдний санаснаар байсангүй. Буцаад л Солонгосын элчингийн гадаа очерлож байгаа. Тэгэхээр бидний сонголт яагаад чухал байдгийг эндээс харж болно. Сайхан ирээдүй, сайхан амьдралын төлөө заавал сонгуулиа өгөөрэй. Энд сууж буй залууст баярлалаа” хэмээлээ. Улмаар, залуу гэр бүл, залуучуудад чиглэсэн мөрийн хөтөлбөрийн цөөхөн заалтыг сонгогчдод танилцуулав.

МАН-ын мөрийн хөтөлбөрт:

-Хороо, дүүргийн сургууль, цэцэрлэгийн хүртээмжийг нэмэгдүүлж, нэг ээлжтэй болгож, мөн өргөтгөнө

-Монгол Улсад хэрэгтэй тэргүүлэх мэргэжлээр суралцаж байгаа, сурлагын амжилт гаргаж буй залууст Засгийн газар 100 хувийн тэтгэлэг олгоно

-Сургалтын тэтгэлгийн зээлийн санг үргэлжлүүлнэ. Жилдээ 10 гаруй мянган оюутанд олгоно

-Нефть боловсруулах үйлдвэр, төмөр зам зэрэг томоохон бүтээн байгуулалтыг эхлүүлснээр 150 мянган ажлын байр бий болгоно

-МСҮТ-үүдийг бодлогоор дэмжиж, оюутан болгонд 200 мянган төгрөгийн тэтгэлэг олгоно

-Нийгмийн даатгалын шимтгэлийг нь урьдчилгаа болгон барьцаалж, 4-6 хувийн хүүтэй ипотекийн зээлээр хямд үнэтэй орон сууцанд оруулна

-Яслийг буцааж сэргээнэ. Цэцэрлэгийн тарах цагийг сунгаж, цэцэрлэгийн багшийн орон тоог хоёр болгож нэмэгдүүлнэ

-“Үдийн цай” хөтөлбөрийг “Үдийн хоол” хөтөлбөр болгоно

-Зээлийн хүүгийн дарамтыг бууруулж, жилийн 1 болон түүнээс бага хүүтэй болгоно

-Баянзүрх дүүрэгт залууст зориулсан соёл, амралт, спортын цогцолбор барина

…Гэх мэтээр маш олон ажлуудыг залуус, шинэ үеийнхний төлөө хийхээр төлөвлөжээ.  Мөрийн хөтөлбөрт багтсан эдгээр ажлууд хэн нэгний санаанаас зохиосон, эсвэл биелэх боломжгүй мөрөөдөл огт биш бөгөөд өнгөрсөн дөрвөн жилийн хугацаанд иргэн нэг бүрээс авсан санал хүсэлтэд тулгуурлаж гаргасан бодитой асуудал гэдгийг Нэр дэвшигч Хүрэлбаатарын Булгантуяа онцоллоо. Тэрбээр, өнөөдөр 18.00 цагаас дүүргийн 1, 3 дугаар хорооны иргэдтэй уулзана.

Холбоотой мэдээ

Хуврагууд 80 гаруй сая төгрөгийн өртөг бүхий өвс тэжээлийг хандивлалаа

Монголын Бурхан шашны төв-Гандантэгчэнлин хийдийн Тэргүүн их хамба, Хамба номун хан, гэвш лхаарамба

2024-02-25

СУРВАЛЖИЛГА: “Амар байна уу”-д хүний хэрэгцээт бараа цөм бүрэн цуглажээ

Нийслэлийн ЗДТГ-аас Жижиг дунд, үйлдвэрлэл эрхлэгчийг дэмжих, хэрэглэгчдийг харин үндэсний үйлдвэрлэ

2024-02-02