Нийслэлийн Засаг даргын орлогч, Зам тээврийн асуудал хариуцсан төслүүдийн удирдагч Б.Отгонсүхээр ахлуулсан ажлын хэсэг зөвшөөрөлгүй барилга барьсан газруудыг чөлөөлөх ажлын явцтай танилцаж, газар дээр үүрэг чиглэл өгч ажиллалаа. Нийслэлийн 2020 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд нийтдээ 740 төсөл, арга хэмжээг хэрэгжүүлэхээр тусгасан байна. Энэ талаар Нийслэлийн Засаг даргын орлогч, Зам тээврийн асуудал хариуцсан төслүүдийн удирдагч Б.Отгонсүхээс тодрууллаа. Тэрбээр “Нийслэлийн 2020 оны “Нэг хот-Нэг стандарт” зорилтын хүрээнд 9 дүүргээс ажлын хэсэг гарч газар чөлөөлтийн чиглэлээр ажиллаж байна.
Нийслэлд дөрөвдүгээр сарын 1-нээс хөрөнгө оруулалт бүтээн байгуулалтын ажлууд эхэлдэг. Үүнэтэй холбоотойгоор стандарт зөрчсөн, хууль дүрэм зөрчсөн хашаа, орц гарц, явган хүний зам талбай зэрэг газар чөлөөлтийн ажлыг шийдэхийн тулд 9 дүүрэгт ажлын хэсэг ажлаад явж байна. Миний бие өнөөдөр Банягол дүүргийг нутаг дэвсэгт хийгдэж буй газар чөлөөлтийн ажилтай холбоотой хүндрэлтэй байгаа газруудаар холбогдох албаныхны хамт шалган шийдвэрлээд явж байна
Өнөөдөр шалгалтын явцад ямар асуудал гарсан вэ гэхээр хотхон дотор байшин бариад байгаа асуудал байгаа. Үүнийг бид цэгцэлж стандартад оруулах нь чухал. Хотод стандарт шаардлагад нийцсэн барилга, байууламж, бүтээн байгуулалтыг л хийх ёстой гэсэн зарчим барина. Тийм учраас өнөөдрийн ажлын хэсэгт нийслэлийн мэргэжлийн хяналт, стандартын газар, газар зохион байгуулалтын газрын мэргэжлтнүүд бүгд хамт явж байна.
Мөн иргэдийн ая тухтай, аюулгүй амьдрах орчин нөхцөлийг сайжруулах зорилгоор явган болон авто замыг төлөвлөлтийн дагуу гаргуулах, сургууль, цэцэрлэгийн хүртээмж, ногоон байгууламжийн эзлэх хувь хэмжээг нэмэгдүүлэх зэрэг ажлуудыг иргэдийн санал санаачилга, оролцоо, дэмжлэгтэйгээр хариуцах газар зохион байгуулан ажиллаж байна. Энэ хүрээнд БЗД-ийн 14-р хорооны “Өгөөмөр” зах орчмын орц гарцыг чөлөөлж, мөн дүүргийн 18 дугаар хорооны нутаг дэвсгэр ХСҮТ-ийн орц гарцыг чөлөөлөөд байна”гэв.
“Долоон дүүргийн хэмжээнд 150 байршилд 420 объектын зөрчлүүдийг арилгуулсан”
Мөн тэрбээр газар зохион байгуулалтын ажлын талаар хэлэхдээ “Энэ сарын байдлаар газар зохион байгуулалтын төлөвлөгөөний биелэлт 55.4 хувьтай үргэлжилж байна. Зарим ажлаас дурдвал, газар олгох үйл ажиллагааг тэгш, шударга байх зарчмыг ханган цахим биржээр дуудлага худалдааг өнгөрсөн хугацаанд гурван удаа зохион байгуулж 12 байршлын 5.5 га газрыг худалдан нийслэлийн төсөвт 259 сая төгрөгийг төвлөрүүлсэн.
Мөн нэг хүн ногдох ногоон байгууламжийн хэмжээг нэмэгдүүлэх, хотын өнгө төрхийг сайжруулах, нийтээрээ ашиглах зориулалт бүхий газруудын байршлыг НИТХ-ын Тэргүүлэгчдийн хурлаар батлуулан, шинээр 38 байршлын 130 га талбайг нийтийн эдэлбэр газарт бүртгэсэн.
Мөн 2020 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд тусгагдсан сургууль, цэцэрлэг, эмнэлэг, хорооны цогцолбор, олон нийтийн төв зэрэг нийгмийн хангамжийн 12 барилга, байгууламжийн газрыг холбогдох байгууллагад нь эзэмших эрх олгосон.
Улс болон нийслэлийн төсвийн хөрөнгөөр хийж буй бүтээн байгуулалтын ажлуудын нөлөөлөлд өртсөн 175 нэгж талбарын 62.7 га газрыг нөхөн олговортойгоор чөлөөлсөн байна. Түүнчлэн НЗД-ын захирамжийн хүрээнд долоон дүүргийн хэмжээнд 150 байршилд 420 объектын зөрчлий илрүүлэн, зөрчлүүдийг арилгуулсан” гэсэн мэдээлэл өглөө.
0 cэтгэгдэлтэй