Дорноговь /МОНЦАМЭ/. Дорноговь аймгийн МСҮТ-ийн захирал Б.Адилбиштэй ярилцлаа.Тус сургууль нь орон нутагт мэргэжилтэй боловсон хүчин бэлтгэдэг сургууль бөгөөд эдүгээ 33 дахь жилдээ үйл ажиллагаагаа явуулж байна.
–МСҮТ-ийн түүхэн замнал, эдүгээ үеийн сургалт үйл ажиллага сонин байх болов уу?
-Дорноговь аймаг дахь Мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төв одоогоос 33 жилийн тэртээ Дорноговь аймгийн АДХГЗ-ны 1986 оны 10 дугаар сарын 30-ны 100 тоот тогтоолоор Дундговь аймгийн барилгын техник мэргэжлийн сургуулийн салбар сургууль болж байгуулагдсан.
Анх 27 сурагчтай үйл ажиллагаагаа явуулж эхэлсэн бөгөөд 1987 онд Улаанбаатар хотын барилгын нэгдүгээр Техник мэргэжлийн дунд сургуулийн салбар сургууль, 1989 оны долдугаар сарын 15-нд АБЯ-ны 189 тоот тушаалаар Барилга хөдөө аж ахуйн техник мэргэжлийн сургууль болон бие дааж, 1992 оноос Мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төв болон өргөжиж үйлдвэрлэл, үйлчилгээ, уул уурхайн чиглэлээр орон нутагтаа мэргэжилтэй ажилтныг бэлтгэж ирсэн түүхтэй.
-Багшлах боловчон хүчин хийгээд анги, танхим, дадлагын байр, оюутны суралцах нөхцөл ямархуу түвшинд байгаа вэ?
-Манай сургууль нийт 70 багш ажилтантай, 420 хүний суудалтай хичээлийн байр, онолын сургалтын 12 кабинет, орчин үеийн шинэ тоног төхөөрөмжөөр тоноглогдсон үйлдвэрлэл сургалтын найман дадлагын газар, таван лаборатори, соёлын танхим, спорт заал, уншлагын танхим болон 4700 гаруй номын фонд бүхий номын сан, 120 ортой шинэ дотуур байртай.
Бид мэргэжлийн боловсрол олгох, мэргэжил эзэмшүүлэх, мэргэжлийн ур чадвар эзэмшүүлэх сургалтыг зохион байгуулж, хөгжлийн 33 жилийн баялаг түүхтэй барилга, техник, үйлдвэрлэл, үйлчилгээ, нийтийн хоолны салбарт олон зуун мэргэжилтэй ажилчдыг бэлтгэн гаргаж, мэргэжлийн боловсрол, сургалтын салбарын нэр хүндтэй сургууль болтлоо хөгжиж ирсэн.
Сургуулийн захиргаанаас түгээмэл мэргэжил болон үндэсний мэргэжилтэй ажилчин бэлтгэх чиглэлээр бодлого барьж, эрэлт хэрэгцээгээ судлан ажилласны үр дүнд 33 жилийн хугацаанд ХАА, барилга, уул уурхай, үйлчилгээний чиглэлийн 20-иод мэргэжлээр 5000 орчим залуусыг мэргэжилтэй ажилтан болгож төгсгөж гаргасан байдаг.
– Мэргэжлийн боловсролын сургууль гэхлээр сурлагаар тааруу хүүхдүүд суралцдаг гэж ойлгоод байдаг үе байсан. Харин сүүлийн үед юм хийж сурч, бүтээх эрмүүн хүсэл тэмүүлэлтэй хүүхдүүд энд сураад байх шиг санагддаг?
Хөдөлмөрийн зах зээлд хамгийн эрэлттэй мэргэжилтнүүд нь МСҮТ төгсөгчид байдаг хэрнээ мэргэжлийн боловсролын сургуулийн нэр хүнд, сурч буй оюутан залуус, багш, ажилтнуудын үнэ цэнэ төдийлөн сайн үнэлэгдэхгүй байгааг үгүйсгэх аргагүй.
Төвлөрсөн төлөвлөгөөт эдийн засгийн үед техник мэргэжлийн сургуулиудад төрөөс үзүүлж байсан хайр халамж тухайн үедээ энэ салбарыг хүндтэй байр суурьтай байлгаж чадаж байсан уу гэдгийг бодох учиртай.
Тухайн үед хангалтгүй суралцдаг сурагчдыг ТМС-т сургадаг байсан нь үр ашгийг тооцох цаг буюу зах зээлийн эдийн засаг руу шилжих үед техник мэргэжлийн салбар нь үргүй зардал гаргадаг, ирээдүйгүй байдал руу орж үүний дүнд олон арван сургууль нийгмийн шилжилтийн үетэй давхцан хаалгаа барьсан.
Тухайн нийгмийн үеийн ард иргэдэд энэ ойлголт өнөөг хүртэл үхширмэл байдлаар зууралдаад яваагийн балаг төдий л хурдтай өөрчлөгдөхгүй байгаад эмзэглэдэг.
-Сүүлийн жилүүдэд мэргэжлийн боловсролын салбар амьдралд хэрэгтэй, шаардлагатай гэдгийг олон нийтэд мэдрүүлж, үнэлэмжээ дээшлүүлсэн бодлогын чанартай маш олон алхмыг төр засгаас хийж хэрэгжүүлж буй үр дүнгээр манай элсэгчдийн тоо жилээс жилд өсөх хандлагатай байгаад баяртай байгаа.
Амьдралд хөл тавьж буй хүүхэд залууст анхны мэргэжлийг нь үнэ төлбөргүй эзэмшүүлэх, чөлөөт зах зээлийн өрсөлдөөнт нийгэмд амьдралаа аваад явах мэргэжлийн боловсролыг эзэмшүүлэх, эмзэг бүлгийг ажилгүйдэл ядуурлаас хамгаалж амьдралын чанарыг нь дээшлүүлэх, хүмүүнлэгийн болон эдийн засгийн бодлого зорилтыг биелүүлэх нь манай салбарын гол зорилго.
Тийм ч учраас элссэн оюутан бүрийг ур чадвартай, зөв хандлагатай, эерэг дадал зуршилтай мэргэжилтэй ажилтан болгоход бүх үйл ажиллагаагаа чиглүүлдэг.Төгссөний дараа ч ажлын байранд зуучлах, төсөл хөтөлбөрт хамруулах зэргээр төгсөгчидтэйгөө байнга эргэх холбоотой байдаг.
Энэ салбарт элссэн суралцагчдад ийм том боломжийг олгодог манай салбарт ажиллагсад маш том буянтнууд гэж бид бахархдаг.
– Танай сургуулийн оюутнуудыг харж байхад сүүлийн үед насанд хүрэгчид, мөн дээд мэргэжилтэй хүмүүс МСҮТ-д сурахыг сонирхдог болжээ?
Их дээд сургууль төгсөгчдийн ‘54.6 хувь нь төрийн өмчийн, 45.4 хувь нь хувийн сургууль төгсдөг” гэсэн судалгаа бий. Нэг үгээр хэлбэл хөдөлмөрийн зах зээлд эрэлтгүй нийлүүлэлт олон жилийн турш явагдсаар ирсний үр дагавар ажлын байрны хомсдол.
Их дээд сургууль төгссөн ч мэргэжлээрээ ажиллах боломжгүй насанд хүрэгсэд манай сургуульд сурснаар өөрт хэрэгтэй, жинхэнэ хэрэгцээтэй, хөдөлмөрийн зах зээлд эрэлттэй мэргэжлээр үнэ төлбөргүй дахин суралцаж, мэргэжлээрээ орлого олж чинээлэг амьдрах боломжийг олж харан суралцах нь түгээмэл болоод байгаа.
Манай сургууль 18-аас дээш насны мэргэжил эзэмшиж амжаагүй хэн бүхэнд үнэ төлбөргүйгээр хүссэн мэргэжлийг нь олгож байгаа.
-Суралцагсад стипент болгож гар дээрээ сар бүр 100 мянган төгрөг авч байна уу?
Энэ оны эхнээс манай сургуулийн насанд хүрэгчдийн ангийн оюутнууд насны ямар нэг хязгааргүйгээр сар бүр 100,000 төгрөгийн тэтгэлэг авах эрх үүссэн. Үүнээс үзэхэд төр засаг манай салбарын үнэ цэнийг нэмэгдүүлэхэд хийж байгаа бодлогын маш том дэмжлэг гэж харж байна.
-Төгсөгчид ажлын байраар хэрхэн хангагдаж байна вэ?
Мэргэжлийн боловсролын тогтолцоо нь өөрөө боловсролын болон хөдөлмөр эрхлэлтийн бодлоготой нягт холбоотой, нийгмийн түншүүдийн идэвхтэй хамтын ажиллагаа шаарддаг онцлогтой тул төгсөгчдийг ажлын байранд зуучлахад нийгмийн түншлэл онцгой ач холбогдолтой.
Манай сургууль энэ зарчмаас гажихгүй түншлэлийн хүрээнд төгсөгчдөө ажлын байртай болгох асуудалд анхаарал тавьдаг.
Уул уурхай, үйлдвэр аж ахуйн газар, үйлчилгээний салбар, иргэдийн хоршоо нөхөрлөл гээд аймагт өөрсдийн чиглэлээр үйл ажиллагаа эрхэлдэг 50 гаруй байгууллагуудтай түншлэлийн харилцаатай.
Нийгмийн түншлэл нь хөдөлмөрийн зах зээлд эрэлттэй мэргэжилтэй ажилтныг нийлүүлэх үндсэн зорилготой. Нийгмийн түншүүдийн хамтын ажиллагааны үр дүнд, байгууллага өөрөө хөдөлмөрийн зах зээлийн талаар тогтмол мэдээлэл авах, сургалтын хөтөлбөрт ажил олгогчдын саналыг тусгах, үйлдвэрлэл үйлчилгээндээ хэрэглэж буй тоног төхөөрөмж дээр оюутныг дадлагажуулах, багш нарыг шинэ техник,технологийн процесстой танилцуулах, суралцагсдын мэргэжлийн зэргийн шалгалтад хөндлөнгийн үнэлгээ хийх боломжийг ажил олгогчид олгох, тодорхой үйлдвэр, уурхай, үйлчилгээний газарт зорилготойгоор ажилтан бэлтгэх, төгсөгчдийн хөдөлмөр эрхлэлтийг дээшлүүлэх, өөрийн үйл ажиллагааны орлогыг нэмэгдүүлэх зэрэг нэмэлт боломжууд гарч ирдэг зэрэг олон талтай.
Сүүлийн таван жилийн байдлаар төгсөгчдийн хөдөлмөр эрхлэлтэд хийсэн мөшгих судалгааны дүнгээр нийт төгсөгчдийн 65 хувь нь ажлын байраар хангагдсан үзүүлэлт гарч байгаа нь манай төгсөгчид эрэлт ихтэй, түншлэгчид үүргээ сайтар ухамсарлаж буйн илрэл болов уу.
Бид ч бүтээгдэхүүнээ борлуулж, ажил олгогч эзэд ч бага зардлаар өөрийн шаардлагад нийцсэн мэргэшсэн чадамжтай ажиллах хүчнээр хангагдаж байна. Тэгэхээр харилцан ашигтай хамтын ажиллагааны үр дүнд төгсөгчид түлхүү хожиж байна гэсэн үг.
-Ажил олгогчдын хэрэгцээ хийгээд нөгөө талд мэргэжлийн боловсролын сургуулийн бодлого уялдаж байж л баталгаатай ажлын байр бий болдог байх?
-Суралцагч сургалтын таатай нөхцөлд баталгаатай мэргэжил эзэмшиж, ажлын байраар хангагдах нь хамгийн чухал.
Техникийн болон мэргэжлийн боловсрол сургалтын салбар олон улсын хандлага руу дөхөж мэдлэг чадвар, хандлага, хувь хүний төлөвшлийн цогц буюу чадамжид суурилсан сургалтад шилжээд чамгүй хугацааг үдээд байгаа.
Чадамжид суурилсан сургалтын тогтолцоонд шилжсэнээр сургалтын хөтөлбөрийг суралцагчид сонирхол, хэрэгцээндээ нийцүүлэн чөлөөтэй сонгох боломжтой төдийгүй техник, технологийн хөгжил, ажил олгогчдын шаардлагаар шинэчлэн сайжруулж болохуйц болж, мэргэжилтэй ажилчид мэргэшлийн түвшингээ дээшлүүлэх боломжийг хангасан байдлаар шинэчлэгдсэн сургалтын хөтөлбөр хэрэгжиж байна.
Өөрөөр хэлбэл мэргэжлийн боловсролын уламжлалт сургалтын хөтөлбөр нь орц талдаа хичээлийн нарийвчилсан сэдэв, тухайн сэдэвт ноогдох цаг зэрэгт илүү анхаардаг байсан бол чадамжид суурилсан сургалт нь гарц талдаа сургалтын эцэст суралцагч юуг хийж сурсан байх вэ гэдэгт голлон анхаардаг нь давуу талтай.
-Ирэх хичээлийн жилд ямар мэргэжлээр шинээр элсэлт авахаар төлөвлөөд байна?
-Жил бүр шинээр элсэлт авах мэргэжил болон элсэлтийн хяналтын тоогоо бид дээд байгууллага буюу ХНХЯ-нд илгээдэг.
Шинэ мэргэжил, хяналтын тоог тогтоодог Мэргэжлийн боловсрол, сургалтын байгууллагын /МБСБ/ Орон нутгийн салбар зөвлөл гэдэг орон тооны бус байгууллага бий. Мэргэжлийн байгууллагын, төрийн, ажил олгогчдын, төгсөгчдийн, хамт олны төлөөллөөс бүрддэг уг зөвлөл хөдөлмөрийн зах зээлийн судалгааны дүн, ажил олгогчдын эрэлтийн санал, төгсөгчдийн хөдөлмөр эрхлэлтийн байдалд хийсэн судалгааны дүн зэрэгт үндэслэж шинжилгээ хийснээр шинэ хичээлийн жилд элсэлт авах мэргэжил, элсэгчдийн хяналтын тоог тогтоодог.
2019-2020 оны хичээлийн шинэ жилд бид үндсэн мэргэжлүүдээс гадна нарийн бичгийн дарга-албан хэргийн хөтлөлт 2.5 жил, бетон арматурчны нэг жилийн насанд хүрэгчдийн ангидаа шинээр элсэлт авахаар болсон.
Сүүлийн хоёр жилийн хугацаанд бид аймгийнхаа нутагт байрладаг цэргийн анги нэгтгэлийн хугацаат цэргийн албан хаагчдад мэргэжлийн боловсролыг үнэ төлбөргүй олгох сургалтын хамтын ажиллагааны гэрээ байгуулж ажилласнаар үр дүнд хүрч байна.
-Танай сургууль төмөр замын анги нээх гэж байгаа тухай сонслоо. Зүүнбаян-Ханги-Мандалын чиглэлд төмөр зам барихтай холбогдуулан төмөр замчны мэргэжлийн эрэлт хэрэгцээ бий болов уу?
-Төмөр замын салбарт гарч байгаа томоохон бүтээн байгуулалттай холбоотойгоор мэргэжилтэй ажилтны хэрэгцээ шаардлагад үндэслэн Улаанбаатар төмөр замын МСҮТ-тэй хамтран шинэ хичээлийн жилд илчит тэрэгний засварчин, замчин гэсэн хоёр мэргэжлээр нэг жилийн насанд хүрэгчдийн анги нээх гэрээ байгуулсан.
Дээрх хоёр ангийн элсэгчдийг тодорхой шалгуурын дагуу мэргэжлийн байгууллагынхан сонгон авч элсүүлэхээр төлөвлөж байгаа бөгөөд төгсөгчид нь ажлын байраар хангагдах чухал нөхцөлтэй гэдгийг холбогдох албаны хүмүүс онцолсон. Манайхаас онолын анги кабинетаар хангах бол багшлах боловсон хүчин нь Улаанбаатар Төмөр замын МСҮТ-ээс томилогдож ажиллах болно.
–СЭЗИС-тай хамтын ажиллагааны гэрээ байгуулсан гэсэн. Ямар чиглэлээр хамтран ажиллахаар тохиролцов?
-Мэдээлэл, холбооны технологийн үсрэнгүй хөгжлийн ололт нь интернэтээр дамжуулан мэдлэг, боловсрол олгох цахим сургалтын хэлбэрийг сурган хүмүүжүүлэх үйл ажиллагаанд өргөн ашиглах болсон.
Цахим сургалт бол өнөө цагт зайн сургалтын (distance learning) үндсэн хэлбэр болоод байна. Хамтын ажиллагааны хүрээнд хэрэгжих цахим сургалт нь манай багш нар болоод орон нутгийн боловсон хүчнүүд ажлын байр дээрээ мэргэжлээ дээшлүүлэх, оюутнуудын хувьд орон зай, цаг хугацаанаас үл хамаарч хүссэн мэргэжлээрээ, чанартай хичээлийг үзэх, ялангуяа хувь хүн бие даан суралцах өргөн боломжийг нээж өгч байна.
Бид энэ боломжийг оюутнууддаа олгохоор тэдний ирээдүйд оюуны хөрөнгө оруулалт хийх эхлэлээ тавьсан. Манай оюутнууд мэргэжил эзэмших явцдаа давхар СЭЗИС-ийн Бизнесийн удирдлага, санхүүгийн удирдлага, нягтлан бодох бүртгэлийн шаталсан виртуал хөтөлбөрийн суурь зургаан хичээлийг төлбөргүй үзэж судална.
Төгсөөд тус сургуулийн II дамжааны оюутан болох эрх нээгдэх төдийгүй үргэлжлүүлэн суралцахдаа мөн л цахимаар боловсролоо дээшлүүлэхийн сацуу орон нутагтаа мэргэжлээрээ ажиллаж хөдөлмөрлөн, орлогоороо сургалтын төлбөрөө шийдэх боломжтой. Бакалавраа амжилттай хамгаалаад магистрын хөтөлбөрийг ч цахим сургалтаараа үргэлжлүүлэн олж авах боломжтой.
–Гадаадын ижил төстэй сургуулиудтай харилцаа холбоо, хамтын ажиллагааг хэрхэн хөгжүүлж байна?
-Сүүлийн хоёр жилийн хугацаанд хөрш зэргэлдээ ӨМӨЗО-ны ажил мэргэжлийн дээд сургуулиудтай аймгийн удирдлагуудын дэмжлэгээр холбоо тогтоосноор багш болон оюутан солилцооны хөтөлбөрийг амжилттай хэрэгжүүлж байна.
Шилийн гол, Хөх хот, Бугат зэрэг хотын ижил төстэй сургуулиуд дээр сургалт аялал, туршлага солилцох үйл ажиллагааг зохион байгуулснаар 65 оюутан, 18 багш дөрвөн удаагийн хөтөлбөрт хамрагдсан.
Мөн Япон Улсад төгсөгчдийг үргэлжлүүлэн сургах, мэргэжлээр нь дадлагажуулах, гадаад харилцааг ѳргѳжүүлэх зорилгоор Японд ижил үйл ажиллагаа явуулж буй сургууль, холбогдох газартай харилцаа тогтооход дэмжүүлэх, өөрийн сургуулийн багш ажилчдыг тус улсад дадлага хийх, мэргэжил дээшлүүлэх, хамтран ажиллах, мэргэжил дээшлүүлэх сонирхолтой суралцагчдад зориулсан богино хугацааны япон хэлний эрчимжүүлсэн сургалтыг сургуулийн байрандаа зохион байгуулсан.
Тусгай шалгалтад тэнцсэн суралцагчдыг цаашид Японд ажиллах газартай гэрээ хэлэлцээр хийхэд нь мэргэжлийн зѳвлѳгѳѳ, туслалцаа, үйлчилгээг авах зорилгоор ‘’MICA MONGOLIA’’ Олон улсын хамтын ажиллагааны нийгэмлэгтэй энэ оны эхнээс хамтран ажиллаж байна.
-Герман зөвлөх ажиллаж байгаа мэдээлэл байсан энэ талаар тодруулга өгөөч?
Өнгөрсөн оны тавдугаар сараас “SES” буюу Германы ахмад мэргэжилтний албатай холбоо тогтоож электрон шуудангаар харилцаж байсан үйл ажиллагаа маань үр дүнд хүрч ХБНГУ-ын иргэн, мэргэжлийн боловсролын салбарын нэр хүндтэй зөвлөх Вольф Штоц гэдэг хүн энэ оны гуравдугаар сарын 21-нээс эхлэн манай сургууль дээр 21 хоногийн томилолттой ажиллаж байна. Олон улсын стандартад дөхсөн сургалтын орчныг хэрхэн бүрдүүлэх тал дээр зөвлөмж авч хамтран ажиллаж буй.
Сургуулийнхаа сүүлийн үеийн ололт амжилтаас сонирхуулах уу?
-Байгууллагынхаа багш, ажилчдын нийгмийн асуудлыг шийдвэрлэх, суралцагчдын сурч хөдөлмөрлөх орчныг сайжруулах, мэдээлэл технологийн хангамжийг орчин үеийн дэвшилтэт үйлчилгээний түвшинд хүргэх, орчин үеийн сургалтын стандартад нийцэхүйц орчин бүрдүүлэх нь бидний гол зорилго. Зорилгодоо хүрэх алхмуудаа хамтаараа зөв хийсний үр дүнд тодорхой амжилтанд хүрч байгаа гэж ойлгодог.
“Нийгмийн даатгалын итгэлтэй түнш”,“Онцлох боловсролын байгууллага”, “Сургалтын шилдэг орчин бүрдүүлсэн сургууль”, “Санхүү эдийн засгийн шилдэг үзүүлэлттэй сургууль”, стандарт хэрэгжүүлэгч байгууллагаар тодорхойлогдож ’’Стандарт-2018 ‘’ цом, өргөмжлөл гардан авсан зэрэг тоочвол олон бий л дээ.
Энэ бүхэнд манай хамт олны итгэл сэтгэл, хичээл зүтгэл шингэсэн хэмээн ойлгож, талархалтай хүлээн авдаг. Ер нь манай сургуулийн өдий зэргийн амжилттай байгаа нь үе үеийн удирдлагууд сургалтын үйл ажиллагааг жигдлэн бүсийн түшиц сургууль болтол нь өргөжүүлэн хөгжүүлж, сургалтын орчныг орчин цагийн нөхцөл шаардлагад нийцүүлэн тохижуулж, суралцагчдын ур чадвар, төлөвшил, зөв хандлагыг дээшлүүлэхийн төлөө бүхий л үйл ажиллагаагаа чиглүүлэн ажиллаж ирсэнтэй холбоотой.
Энэ уламжлалыг үргэлжлүүлэн хадгалж улам дэлгэрүүлэхийн тулд байгаа хүч нөөц, боломж бүхнээ ашиглан хөгжил дэвшил өөд тэмүүлж байна даа.
-Таны ярианаас салбарын хүний нөөц, багшийн хөгжил, нийгмийн олон талт түншлэл гэдэг үг олонтаа давтагдлаа. Цаашдын хөгжлийн гарцыг та нэлээн өргөн хүрээнд харж байх шиг байна?
-Сүүлийн жилүүдэд салбарын хүний нөөц, удирдлага, багшийн хөгжлийг тасралтгүй хангаж чадавхийг бэхжүүлэх, нийгмийн түншлэл, хамтын ажиллагааг өргөжүүлснээр сургуулийн нэр хүндийг өсгөх, удирдлагын чадварт өөрчлөлт гаргахад үйл ажиллагаагаа чиглүүлэн ажиллаж байна.
Чадавх бэхжүүлнэ гэдгийг байгууллагын зөв тогтолцоог хэвшүүлэх, стратегийн удирдлагыг нэвтрүүлэх, өргөн хүрээтэй хамтын ажиллагааг өрнүүлэх, санхүүгийн эх үүсвэрийг бүрдүүлэх замаар байгууллагын тогтвортой байдлыг хангаж хөгжлийн түргэтгэх гэж ойлгож болно.
Удирдлагын баг, хамт олонтойгоо хөгжил дэвшил өөд хариуцлагаа ухамсарлан хамтран зүтгэж байгаадаа туйлаас баяртай байдаг төдийгүй тэднээсээ урам дэм үргэлж авдагаа энэ дашрамд илэрхийлье.
Үнэ цэнэтэй, чадавхжсан мэргэжилтэй ажилтнуудыг бий болгож бэхжүүлэх нь цаашид улс орны хөгжилд ихээхэн эерэг үр дүнг авчирна гэдгийг залуу хүн бүр ухамсарлаасай.
Баялгийг бүтээгчид болж орлогоороо чинээлэг амьдрах хүсэлтэй бүх хүнд манай сургуулийн үүд хаалга нээлттэй байгааг нийт уншигчиддаа хандан хэлэх байна.
0 cэтгэгдэлтэй