Мэргэжилийг зөвхөн их дээд сургуулиас олж авна гэсэн ташаа ойлголтоос салах хэрэгтэй

2019-11-19 38 0

Ажил, мэргэжил гэх үгүүдийг тус тусад нь авч үзвэл хоёр өөр тайлбар гарна. Харин цугт нь авч үзвэл тогтолцоотой эзэмшсэн мэдлэг гэх ойлголт гарч ирнэ. Улмаар түүнийгээ амьдралаа авч явах хэрэгсэл болговол тэр нь ур чадвар болдог онцлогтой. Тийм учраас ахмадууд “юухан ч сурсан эрдэм” гэж сургаж иржээ. Мэргэжлийг зөвхөн дээд сургуулиар олж авна гэсэн ташаарал нийгэмд амь бөхтэй зууралдаж байна. Түүнийг ерөнхий боловсролын бүрэн дунд сургууль (ЕББДС)-ийн 12 дугаар анги төгсөгчдийн 80 хувь нь их, дээд сургуульд жил бүр элсэн ордгоос харж болно. Одоо их, дээд сургуулиуд мэргэжилтэн бус ажилгүйчүүдийг “үйлдвэрлэгч” гол цэг нь болоод байгаа билээ. Бодит байдлыг нөгөө талаас нь авч үзвэл нийгмийн гажиг болон хувирсан гэлтэй. Дээд сургууль төгсдөг, дараа нь “лааз хөшиглөнө”. Гэхдээ дээд сургуулийг хүнд боловсрол олгож байгаа талыг нь үгүйсгээгүй. Зөвхөн нарийн мэргэжил олгож чадахгүй байгаа талаас нь хэлж байгаа хэрэг. Тэгээд ч дээд сургууль, төгсөгчдийнхөө амьжиргааных нь эх үүсвэр болж чадахгүй байгаад олон нийт эргэлзэх нь ажиглагдах боллоо.

Тэгвэл амьжиргааны эх үүсвэр болох мэргэжлийг залуус хаана эзэмшиж болох вэ? Энэ асуултад Мэргэжил сургалт үйлдвэрлэлийн төв (МСҮТ) гэж шууд хариулж болно. МСҮТ-үүд (81 сургууль, төв2019-2020 оны хичээлийн жилд 202 мэргэжлээр 28 мянган суралцагч элссэн гэнэ. Үүнээс техникийн чиглэлээр 5000, мэргэжлийн боловсролд 23 мянган суралцагч элссэн юм байх.

Тус төвүүдэд өнгөрсөн 2018-2019 оны хичээлийн жилд 231   мэргэжлээр залуус суралцжээ. Тэдний 7,8 хувь нь тогооч, 6.1 хувь нь автомашины засварчин, 5.5 хувь нь гагнуурчин, 4.5 хувь нь барилгын засал-чимэглэлчин, 4.4 хувь нь оёдолчин, 4.2 хувь нь барилгын цахилгаанчин, 3.4 хувь нь үсчин мэргэжлээр суралцжээ. Ер нь МСҮТ-ийн  нийт суралцагчдын 59.1 хувь нь 21 мэргэжлээр суралцдаг аж.

Мэргэжил олгох МСҮТ гэдэг нэр томьёо шинэ зуунд шинээр гарч ирсэн юм. Харин өнгөрсөн зууны хоёрдугаар хагаст техник мэргэжлийн сургууль (ТМС)-иар мэргэжилтэй ажилчин бэлтгэж байв. Гэхдээ их болхи суманд 8-р анги төгссөн эрэгтэй хүүхдүүдийн олонх нь тракторын жолооч, хот суурин газрын хүүхдүүд барилгачин болох жишээний. Яах вэ мэргэжилтэй ажилчин боллоо ч авдаг цалин амьдралд хүрэлцэж байгаагүй гэх юм билээ. Тийм учраас эзэмшсэн мэргэжлээ солих нь ердийн үзэгдэл байсан. Нөгөө талаар тухайн үед ТМС-д сурлага, сахилга бат тааруу хүүхэд ордог гэсэн түгээмэл ойлголт нийгэмд хүчээ авч байжээ. Бүр дунд сургуулийн багш нар “чамайг амбаарын ТМС-д” явуулна гэж загинах нь наад захынх болсон байжээ. Эндээс мэргэжил олгох ТМС-ийн нэр хүнд газарт унасан хэрэг. Тэр байдал өнөөдөр ч хэвээрээ хадгалагдаж байгаа гэж хэлж болно. Түүнээс улбаалан МСҮТ-д хүүхдээ оруулах талаар аав, ээжүүд маш их болгоомжилдог. Энэ болгоомжлол өнөөдөр бий болсон гэхээс илүүтэй өнгөрсөн зуунд, өнгөрсөн нийгэмд бий болсон ойлголт амь бөхтэй зууралдаж байна гэж мэргэжилтнүүд хэлэх юм. Энэ үнэн биз. “Муу нэрийг хусавч арилахгүй, сайн нэрийг хүсэвч олдохгүй” гэж энэ.

МСҮТ-д суралцагчдад  тэтгэлэг олгодог (стипент). Тэтгэлэг ирэх оны нэгдүгээр сарын 1-ээс 200 мянган төгрөг болж өснө. Гэвч элсэгчдийн тоо эрчимтэй нэмэгдэхгүй байна. Хөдөлмөрийн зах зээлд ойрын жилүүдэд 69 мянган ажлын байр бий болно гэсэн урьдчилсан таамаглал дэвшүүлжээ. Тэнд сайн мэргэжилтэн эрэлт хэрэгцээтэй байх нь ойлгомжтой. Зах зээлд эрэлттэй мэргэжилтэн бэлтгэх нь МСҮТ-үүдийн үндсэн үүрэг. Мэргэжлийг танхимаар олно гэхээс илүүтэй ажлын байран дээр гарч олж авдаг гэх юм билээ. Энэ өнцгөөс харвал бэлтгэгдсэн мэргэжилтэнг хүлээн авах ажил олгогчид ( компаниуд)-ын сэтгэл зүйн бэлтгэл ямар түвшинд байгаа нь тодорхой бус байна. Энэ бол сөхөх сэдэв мөн.

Аж ахуйн нэгжүүд залууст эзэмшсэн мэргэжил, ур чадварт нь тохирсон цалин өгч чадах уу гэсэн асуулт гарч ирнэ. Энэ мэт олон талаас нь авч үзвэл МСҮТ-үүд, тэнд бэлтгэсэн мэргэжилтнүүдийг угтан авах нийгмийн сэтгэл зүй бүрэн бүрдээгүй байх магадлалтай. Ийм ажлыг уг нь төрийн байгууллага, албан тушаалтан иргэд, тэр дундаа залуусын өмнө хүлээх үүрэгтэй. Гэтэл төрийн байгууллага албан тушаалтан залууст мэргэжил олгох ажлыг мөнгөөр шийдэх гэсэн явцуу бодлого барих чиг хандлага гаргах юм. Түүнийг МСҮТ-д суралцагчдад олгох тэтгэлэг нэмэх бодлогоос харж болно. Уг нь мэргэжил эзэмшээд гарч ирж байгаа залууст суралцах хугацааны тэтгэлгээс илүүтэй ажил дээр гараад амьдралаа авч явах хэмжээний цалинтай, ажлын байр чухал юм билээ. Гэтэл мэргэжилтэй ажилтны цалин хөлсийг өсгөхийг зах зээл өөрөө зохицуулна гэж сүүлийн 30 жил төр орхисон.

Хүрэлцээтэй цалин хөлстэй ажлын байр бэлэн байвал сайн мэргэжилтэн төрөх нь тодорхой. Гэвч тэр нь дэндүү хомс юм. Барилгын политехник коллеж салбарын мэргэжилтэн бэлтгэх сургалтдаа герман хэл зааж эхэлсэн байна. Суралцах хугацаандаа энэ хэлийг хэрэглээний түвшинд эзэмшсэнээр төгсөгчид тус улсад ажиллах боломж нээгдэх сайн талтай болжээ. Хэлтэй бол хөлтэй гэдэг. Энэ бол олон шийдлийн нэг нь. Мэргэжилтэн бэлтгэдэг сургалтын байгууллагууд өөр өөрийн гарцтай болох хэрэгтэй болжээ. Тэгэж байж мэргэжлийн, мэргэжилтний нэр хүнд өснө. Мэргэжил эзэмших, мэргэжилтэн болох хоёр нь тус тусдаа ойлголт юм байна. Залууст мэргэжил эзэмшүүлэхээс эхлээд мэргэжилтэн болоход  нь би, чи, та яаж тус хүргэх вэ? 

Холбоотой мэдээ

Авто замын бутарч унасан бродюрыг солих асуудлаар гүйцэтгэгч компаниудтай уулзалт хийлээ

Баянзүрх дүүргийн Засаг даргын орлогч Д.Даваасамбуу авто замын зарим төслүүдэд ажиллах үеэр ав

2024-08-31

​Баянзүрхийн Хурлын дарга А.Баярын санаачилгаар “Өнөр бүл” хүүхдийн төвийн нэг хүүхэд сургалтын төлбөрийн тэтгэлэг авахаар боллоо

Баянзүрхийн Хурлын дарга А.Баярын санаачилгаар "Өнөр бүл" хүүхдийн төвийн нэг хүүхэд Солонгос улсын

2024-07-18

​‘‘Скай Хайпермаркет ХХК’’ болон ‘‘Драгон Холдинг ХХК’’ нь хамтын ажиллагааны гэрээ байгууллаа

Имарт хайпермаркет болон ‘‘Драгон Холдинг ХХК’’-ийн хамтран ажиллах гэрээнд гарын үсэг зурах ёслолын

2024-05-24