НОБГ-ын Гамшгаас урьдчилан сэргийлэх хэлтсийн дарга, хурандаа Г.Нэргүй, НБОГ-ын Амьтан, ургамлын асуудал хариуцсан мэргэжилтан Ц.Цолмонбаатар, НМХГ-ын Байгаль орчны хяналтын улсын ахлах байцаагч Д.Батзориг, НЭМГ-ын Нийгмийн Эрүүл мэндийн хэлтсийн ахлах мэргэжилтэн Н.Мэндсайхан нар өнөөдөр цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ.
НОБГ-ын Гамшгаас урьдчилан сэргийлэх хэлтсийн дарга, хурандаа Г.Нэргүй “Өнгөрсөн 14 хоногийн байдлаар гурван удаагийн зөрчлийн мэдээлэл НОБГ-т ирсэн. Тодруулбал, иргэн Д, Б нар тус бүр хоёр ширхэг тарваганы мах худалдаалах гэж байсныг илрүүлж, зөрчлийг арилгуулсан. Мөн нийслэлийн иргэд Туул, Хэрлэн голд амарч зугаалж явах үед усанд осолдох тохиолдол ихээхэн гарч байна. Иймд НОБГ өнгөрсөн зургаадугаар сарын 15-аас аравдугаар сарын 15 хүртэл завьт эргүүлийг ажиллуулж байгаа. Энэ хугацаанд 280 орчим иргэнийг усны ослоос авран хамгаалав. Одоогийн байдлаар усанд нэрвэгдсэн гурван иргэнийг эрэн хайх аврах ажиллагаа явуулж байна. 11 настай хүүхдийг авран хайх ажиллагааг түр зогсоогоод байгаа бөгөөд энэ сарын 25-наас хүч нэмэгдүүлэн эрэн хайх ажиллагааг үргэлжлүүлнэ. Энэ сарын 4-нд 25 настай эмэгтэй Тэрэлжид усанд осолдсон мэдээллийн дагуу 200 орчим хүнтэй эрлийн баг эрэн хайх ажиллагаа явуулж байна. Мөн 25 настай эрэгтэй согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ Туул голд толгойгоо угаах гэж байхдаа ус руу унасан дуудлагын дагуу эрэн хайх ажиллагааг явуулж байна. Завьт эргүүлийн ажилтнууд амарч зугаалж яваа иргэдэд анхаарал болгоомжтой байх, хүүхэд, багачуудад тавих хараа хяналтаа сулруулахгүй байх заавар зөвлөмжийг өгч ажиллаж байна” хэмээлээ.
НМХГ-ын Байгаль орчны хяналтын улсын ахлах байцаагч Д.Батзориг “Малын гоц халдварт өвчин тарваган тахлаас сэргийлэх ажлын хүрээнд дүүрэг, товчоодод нийт 99 улсын байцаагч хяналт шалгалт явуулж байна. Хяналт шалгалтын хүрээнд товчоогоор хоёр тарваганы мах оруулж ирэх гэж байсныг илрүүлж, хуулийн дагуу торгууль ногдуулж ажилласан” гэсэн юм.
НБОГ-ын Амьтан, ургамлын асуудал хариуцсан мэргэжилтэн Ц.Цолмонбаатар “Өнгөрсөн 14 хоногийн байдлаар нийт 21 амьтны дуудлага мэдээлэл ирсэн. Ихэвчлэн бамбай хоншоорт хортой могойн дуудлага ирсэн бөгөөд иргэд могой харсан даруйдаа нийслэлийн Байгаль орчны газар, нийслэлийн Шуурхай удирдлага, зохицуулалтын төвд яаралтай мэдэгдэхийг анхааруулж байна. Сүхбаатар дүүргийн 19 дүгээр хорооны иргэнээс энэ сарын 9-ний өдөр Санзай орчимд хүрэн баавгайн мөр байж болзошгүй гэх дуудлага ирсний дагуу шалгахад хүрэн баавгайн мөр болохыг тогтоосон. Иймд иргэд ой модонд зугаалах, самар, жимс түүж явахдаа анхаарал болгоомжтой байхыг сануулж байна” гэв.
НЭМГ-ын Нийгмийн Эрүүл мэндийн хэлтсийн ахлах мэргэжилтэн Н.Мэндсайхан “Нийслэлийн хэмжээнд гэрийн ажиглалтад нийт 24 иргэн нийслэлийн 140 өрхийн эрүүл мэндийн төвийн хяналтад байна. Нийт 8129 иргэний гэрийн ажиглалтын хяналтын хугацаа дуусч, хяналтаас гаргасан. Гэрийн ажиглалтад орсон иргэдээс түгээмэл гарч байгаа зөрчил бол гар утсаа унтраах, гар утасны дугаараа буруу өгөх, хаягаа солих явдал гарч байна. Иймд гэрийн ажиглалтад байгаа иргэд хүлээсэн үүргээ биелүүлж, аль болох гэртээ байх, эрүүл мэндийн байгууллагын ажилтнуудын ажлыг хүндэтгэн мэдээллээ тогтмол өгч байх хэрэгтэй” хэмээв.
“Ковид-19” цар тахлын энэ үед иргэд, олон нийт амны хаалтаа зүүх хандлага суларсан. Дэлхий дахинд халдварт өвчний аюул намжаагүй, манай улсад эрсдэл өндөр байгаа энэ үед амны хаалтаа тогтмол зүүж хэвших, үйлчилгээний байгууллагууд үйлчлүүлж буй иргэддээ амны хаалтаа зүүх, гараа ариутгах шаардлагыг тогтмол тавих хэрэгтэй хэмээн албаныхан онцоллоо.
Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтэс
0 cэтгэгдэлтэй