Өнгөрсөн долоо хоногийн тойм

2020-08-14 11 0

Нийслэлийн Засаг даргын Тамгын газар болон Нийслэлийн харьяа газар, агентлагуудын зүгээс 2020 оны наймдугаар сарын 10-наас 26-ны өдрүүдэд Улаанбаатар хотын хэмжээнд хийсэн томоохон ажлууд болон хотын Захирагчийн үүрэг гүйцэтгэгч Ж.Батбаясгалан оролцсон арга хэмжээ, өгсөн үүрэг даалгавар, бүтээн байгуулалтын ажлуудтай холбоотой мэдээ мэдээллийг тоймлон хүргэж байна.

Нийтийн биеийн тамираар хичээллэх боломж нөхцөлийг бүх шатанд бүрдүүлж ажиллана

Нийслэлийн Засаг даргын үүрэг гүйцэтгэгч Ж.Батбаясгалан, НЗДТГ-ын Нийгмийн бодлогын хэлтсийн дарга С.Мягмаржав, нийслэлийн Спортын хорооны дарга Ж.Ганболд, нийслэлийн Соёл, урлагийн газрын дарга Ч.Бат-Эрдэнэ нар Биеийн тамир, спортын газрын дарга, МУГТ Ц.Шаравжамц болон холбогдох албаны төлөөллийг хүлээн авч уулзлаа.

Уулзалтын эхэнд нийслэлийн Засаг даргын үүрэг гүйцэтгэгч Ж.Батбаясгалан “Ковид-19” цар тахлын энэ үед иргэдийг идэвхтэй дасгал хөдөлгөөнөөр хичээллэх нөхцөл боломжоор хангах, нийтийн биеийн тамирыг хөгжүүлэх, дүүрэг бүрийн нийтийн эзэмшлийн талбайг ашиглах уриалгыг гаргасан. Нийслэлийн зүгээс Биеийн тамир, спортын газартай хамтарч ажиллах саналыг гаргаж байгаа юм. Түүнчлэн төрийн бус байгууллага, клуб, иргэдийн оролцоо ч үүнд чухал. Иргэд зөвхөн Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд цуглах бус дүүрэг бүрдээ нийтийн эзэмшлийн талбайдаа идэвхтэй хөдөлгөөн хийх нөхцөл боломжийг нь бүрдүүлж ажиллах хэрэгтэй юм. Үүний нэг бол дугуйн замыг шинээр байгуулж байгаа явдал. Иргэд дугуй болон гүйлтийн замыг ашиглан өөрсдийгөө эрүүлжүүлэн чийрэгжүүлэх боломжтой” хэмээлээ.

Уулзалтын төгсгөлд нийслэлийн Засаг даргын үүрэг гүйцэтгэгч Ж.Батбаясгалан, Биеийн тамир, спортын газрын удирдлагуудтай хамтран ажлын хэсэг байгуулан ажиллахаар боллоо. Энэхүү ажлын хэсэгт дүүргүүдийн удирдлага, нийслэлийн Байгаль орчны газар, Аялал жуулчлалын газар, төрийн бус байгууллага, сонирхлын клубуудыг татан оролцуулна гэдгийг нийслэлийн Засаг даргын үүрэг гүйцэтгэгч хэллээ.

ЗАСГИЙН ГАЗРЫН ГИШҮҮД ХОТЫН УДИРДЛАГУУДТАЙ САЛБАР ХООРОНДЫН ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ УЯЛДАА ХОЛБООГ САЙЖРУУЛАХ ТАЛААР ХЭЛЭЛЦЛЭЭ

Засгийн газрын зарим гишүүн нийслэлд ажиллаж, салбар хоорондын үйл ажиллагааны уялдаа холбоог сайжруулах чиглэлээр зөвшилцөх уулзалт хийлээ. Уулзалтад УИХ-ын гишүүн Э.Бат-Амгалан, Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайхан, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд А.Ариунзаяа, Боловсрол, Шинжлэх ухааны сайд Л.Цэдэвсүрэн, Эрүүл мэндийн дэд сайд Ш.Анхмаа, Хөдөлмөр нийгмийн хамгааллын дэд сайд С.Зулпхар, НИТХ-ын дарга Р.Дагва, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчийн үүрэг гүйцэтгэгч Ж.Батбаясгалан болон нийслэлийн холбогдох албаныхан оролцсон юм. Уулзалтын эхэнд Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчийн үүрэг гүйцэтгэгч Ж.Батбаясгалан нийслэлийн эдийн засгийн өнөөгийн байдал, тулгамдаж буй асуудал, цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээний талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгсөн юм. Мөн 2016-2020 онд  боловсрол, эрүүл мэнд, хөдөлмөр хамгааллын чиглэлээр нийслэлд  хэрэгжүүлсэн хөрөнгө оруулалтыг мэдээллэхийн сацуу тулгамдаж буй зарим асуудлыг ч хөндөж байв. Тэрбээр салбарын яамдтай нягт хамтарч ажиллах саналтай байгаагаа дуулгаад, цаашид улс нийслэлийн хөрөнгө оруулалтаар хийгдэх бүтээн байгуулалтын төлөвлөгөөг гаргах хамтарсан ажлын хэсэг ажиллах нь чухал байгааг онцлон хэлэв.

ӨВӨЛЖИЛТИЙН БЭЛТГЭЛ ХАНГАХ НЭГ САРЫН АЯН ӨРНҮҮЛНЭ

Нийслэлийн Засаг Даргын Тамгын Газар, Агаарын бохирдолтой тэмцэх газартай хамтран  2020-2021 оны өвөлжилтийн бэлтгэл хангах зорилгоор мэдээлэл заавар зөвлөгөө өгөх сургалт, семенарыг өнөөдөр зохион байгуулж байна. Тус сургалтыг гэр хорооллын айл өрхийн иргэдийн ханан пийшин, зуухны бүрэн бүтэн байдлыг хангах, угаарын хийн хордлого болон болзошгүй эрсдлээс урьдчилан сэргийлэх зорилгоор зохион байгуулав.  Нийслэлийн засаг даргын захирамжийн дагуу 2020-2021 оны өвөлжилтийн бэлтгэлийг эрчимжүүлэх, эрсдлүүдийг бууруулах чиглэлээр энэ  сарын 15-ны өдрөөс ирэх сарын 15-ны өдөр хүртэл нэг сарын аян өрнүүлж, өнгөрсөн жилийн алдаа дутагдлыг давтахгүйгээр хүчээ нэгтгэн ажиллахыг Нийслэлийн Агаар, орчны бохирдлын асуудал хариуцсан төслүүдийн удирдагч Д.Мөнхжаргал уриалсан юм. Тус сургалтаар нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын Агаарын чанарын хэлтсийн дарга Н.Шинэ-Оргил “Угаарын хийн хордлогоос урьдчилан сэргийлэх, аюулгүй байдлыг хангах болон зуухны стандартыг хангах” нийслэлийн Онцгой байдлын газрын Гамшгийн шуурхай удирдлагын хэлтсийн дарга Э.Эрдэнэбаатар “Угаарын хийн хордлогоос урьдчилан сэргийлэх, галын аюулгүй байдлын талаар жишээнд суурилсан зөвлөгөө өгөх” гэх зэрэг сэдвээр илтгэл тавилаа.

ЗАСАГ ДАРГА НАРЫН ЭРХ, ҮҮРГИЙН ДАВХЦЛЫГ АРИЛГАНА

Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийн талаарх хэлэлцүүлэг Төрийн ордонд боллоо. Хуулийн шинэчилсэн найруулгын төсөлд засаг, захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж тус бүрийн чиг үүргийг тодорхой болгон заагласан нь чиг үүрэг хоорондоо давхцдаг байдлыг арилгах нөхцөлийг бүрдүүлж байна. Мөн онцлох нэг заалт бол Ерөнхий сайд өөрийн багт ажиллах Засаг даргыг аймаг, нийслэлийн Иргэдийн төлөөлөгчдийн хуралд санал болгох, Аймгийн Засаг дарга сумын Засаг даргыг тухайн сумын Иргэдийн төлөөлөгчдийн хуралд санал болгох зарчмаар томилох зохицуулалтыг тусгажээ. Орон нутагт зарим татварын орлогын тодорхой хувийг үлдээхээр зохицуулсан бөгөөд тодорхой төрлийн татварын хувь хэмжээг орон нутаг өөрөө тогтоох, аймаг, сум, нийслэл, дүүрэг бие даасан төсөвтэй байх зохицуулалтыг хийж өгч байгаа юм. Энэ сарын 17-ны өдөр эхлэх УИХ-ын ээлжит бус чуулганаар Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг хэлэлцэх юм.

ЖАЙКА ОЛОН УЛСЫН БАЙГУУЛЛАГААС ХАЛДВАР ХАМГААЛЛЫН ХЭРЭГСЭЛ ХАНДИВЛАВ

Улаанбаатар хотын Ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны дарга Т.Гантөмөр өнөөдөр  Жайка олон улсын байгууллагын Монгол дахь суурин төлөөлөгчийн газрын дарга Тамүра Эриког хүлээн авч уулзлаа. элхий нийтэд тархаад буй “Ковид-19” цар тахлаас урьдчилан сэргийлэх зорилгоор Жайка олон улсын байгууллагын зүгээс тохижилт үйлчилгээний албан хаагчдад ариутгал халдваргүйжүүлэлтийн төхөөрөмж, ариутгагч бодис болон халдвар хамгааллын хэрэглэлийг гардуулан өгсөн юм. Японы Олон Улсын Хамтын Ажиллагааны байгууллага болон Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албатай хамтран тохижилт үйлчилгээний компанийн ажилтан, албан хаагчдын мэдлэг, ур чадварыг бэхжүүлэх, цар тахлаас хамгаалах, халдваргүйжүүлэлтийг хийх зэрэг заавар зөвлөмжийг хүргэх зорилгоор сургалт зохион байгуулах саналтай байгаагаа Жайка олон улсын байгууллагын Монгол дахь суурин төлөөлөгчийн газрын дарга Тамүра Эрико дуулгав. Талууд тохижилт үйлчилгээний ажилтан албан хаагчдад зориулсан сургалтыг хамтран зохион байгуулахаар тогтлоо.

Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтэс

Холбоотой мэдээ

Төрийн өмчийн бүх музейг хүүхдүүд хэдий ч үнэгүй үзэх боломжтой

Музейн нээлттэй өдрүүд маргааш эхэлнэ Манай улс 0-16 насны бүх хүүхдэд төрийн болон орон нутгийн бү

2024-02-29

Хуврагууд 80 гаруй сая төгрөгийн өртөг бүхий өвс тэжээлийг хандивлалаа

Монголын Бурхан шашны төв-Гандантэгчэнлин хийдийн Тэргүүн их хамба, Хамба номун хан, гэвш лхаарамба

2024-02-25

МЭДЭГДЭЛ

Сүүлийн өдрүүдэд зарим хэвлэл мэдээллийн хэрэгсэл, цахим сүлжээгээр УИХ-ын гишүүн Сүхбаатарын Батб

2024-01-03