Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх Үндэсний төв номын сангийн барилга угсралтын ажлын явцтай танилцах үеэр Сүхбаатар дүүргийн долдугаар хорооны 12а, 12б байрны 240 гаруй өрхийн 1000 гаруй оршин суугчийн төлөөлөлтэй уулзсан юм. Үндэсний төв номын сангийн барилга, болон дээрхи 12а, 12б орон сууцны байрны дунд 16 давхар бүхий орон сууцны барилгыг өнгөрсөн долдугаар сараас барьж, дөрөвдүгээр давхар хүртэл угсралт хийж байгаа талаар иргэдийн төлөөлөл гомдол гаргасан юм.
Номын сан болон орон сууцны байруудаас 7 метр хүртэлх зайтай, орох гарах гарц хаасан, байгалийн гэрэл тусах боломжгүй, үзэгдэх орчин хязгаарласан, хүүхдийн тоглоомын талбай, автозогсоол байгуулах боломжгүй нөхцөл үүссэн зэрэг олон сөрөг талууд бий болжээ. Ерөнхий сайд нөхцөл байдалтай газар дээр нь танилцаад орон сууцны барилгын норм, стандарт зөрчсөн байж болзошгүй байдлын талаар судалж, шийдвэрлэх гарц олохыг Ерөнхии сайд нийслэлийн удирдлагуудад үүрэг болгосон юм. Ерөнхий сайдын өгсөн үүргийн дагуу өнөөдөр нийслэлийн Хууль эрх зүйн хэлтсийн дарга А.Даваажаргал, Хот байгуулалт хөгжлийн газрын дарга Ц.Тулга, Газар зохион байгуулалтын албаны дарга А.Энхманлай нар газар дээр нь ажиллаж барилгын үйл ажиллагааг зогсоох шийдвэрийг танилцууллаа.
Нийслэлийн Хууль эрх зүйн хэлтсийн дарга А.Даваажаргал “Нийслэлд баригдаж буй зөрчилтэй барилгуудын ажлын хэсэг өнөөдөр хуралдлаа. Танай барилгын газар 2004 онд дүүргээс олгогдсон, Шат шатныхаа сунгалтуудаа хийлгээд өдийг хүрсэн боловч барилгаа Ерөнхий төлөвлөгөөний газраас баталж өгсөн архитектур төлөвлөлтийн даалгаврын дагуу бариагүй ноцтой зөрчил илэрлээ. Барилга нэг тал руугаа 10 метр гүйсэн хэлбэртэйгээр баригдсан нь оршин суугчдын эсэргүүцэлтэй тулгарсан мөн норм, дүрэм стандартыг зөрчсөн байгааг хотын Стандарт, орчны аюулгүй байдлын хяналт зохицуулалтын газраас тогтоосон. Манай архетиктур энэ барилгын 0 цэг хаана байсан, одоо баригдсан барилга хэрхэн зөрчигдөж байгааг тайлбарлаж өгнө. Барилгын норм стандартыг мөрдөөгүй учраас барилгын үйл ажиллагааг өнөөдрөөс зогсоож байна. Мөн танай барилгын эзэмшил газрыг цуцлах болсныг мэдэгдэж байна” хэмээв.
Тус барилгын гүйцэтгэгч “Сант хаан” компанийн захирал Д.Зоригт тайлбар өгөхдөө “Манай барилгын Архитектур төлөвлөлтийн даалгавар гарсны дараа СБД-ийн барилга баригдаж, тэндээс гарах бохирын шугамыг холбогдох байгууллагуудын ямар ч зөвшөөрөлгүйгээр манай газар дээгүүр тавьчихсан. Тиймээс барилгаа зүүн нь болгоод барьсан. Сонсголыг хүлээж авлаа холбогдох тайлбарыг хүргүүлнэ” гэв.
Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтэс
0 cэтгэгдэлтэй