Монгол Улсын Ерөнхий сайдын ажлын албаны дэргэдэх “Угаарын хийн эрсдлээс урьдчилан сэргийлэх” ажлын хэсэг өнөөдөр Чингэлтэй, Сүхбаатар дүүргийн гэр хорооллын айл өрхүүдээр явж ажиллалаа. Чингэлтэй дүүргийн 11 дүгээр хорооны иргэн Г.Алтанбаяр, Сүхбаатар дүүргийн 13 дугаар хорооны өндөр настан Л.Пүрэвээ нар“Тавантолгой түлш” компанийн “Хэрэглэгчдэд үйлчлэх алба”-нд яндангаа хөөлүүлэх, пийшин зуухны аюулгүй байдлаа шалгуулах хүсэлт тавьжээ. Албаныхан иргэдийн пийшин зуухны холбоос муу, янданг хөөлөх шаардлагатайгаас гадна угаар мэдрэгчийн батарей дууссан байгааг илэрүүлж, засвар үйлчилгээг үзүүлсэн юм.
Нийслэлийн Онцгой байдлын газрын Гамшгаас урьдчилан сэргийлэх хэлтсийн дарга, хурандаа Г.Нэргүй “Иргэдийн хувьд галлагааны зөвлөмж, сайжруулсан түлшийг зөв хэрэглэж, угаар мэдрэгчийг тогтмол шалгаж байх хэрэгтэй. Ингэснээр угаарын хийн хордлогоос урьдчилан сэргийлэх бүрэн боломжтой. Эрдсэл хаана ч байдаг гэдгийг тооцож иргэд аюулгүй байдлаа хангах хэрэгтэй. Угаар мэдрэгчийнхээ зайг шалгаж үзэх хэрэгтэй. Агааржуулалтын хоолой, пийшин зуухны бүрэн байдлыг сайтар шалгаж байхыг зөвлөмөөр байна” гэв.
Галлагааны улирал эхэлсэнтэй холбогдуулан айл өрхүүдийн пийшин зуухны битүүмжлэл, яндангаа хөөлсөн, агааржуулалт хийж угаар мэдрэгчийг ажиллуулж байгаа зэрэг угаарын хийнээс урьдчилан сэргийлэх зорилгоор ийнхүү гэр хорооллын өрхүүдээр явж хяналт тавьж буй юм.
Угаарын хийнээс урьдчилан сэргийлэх зорилгоор “Тавантолгой түлш” компаниас “Хэрэглэгчдэд үйлчлэх алба”-ыг байгуулсан юм. Тус алба нь яндан зуухны засвар үйлчилгээг үзүүлэхээс гадна 200 өрх тутамыг хариуцсан хяналтын ажилтантай юм.Эдгээр хяналтын ажилтан нь угаарын хийнээс сэрэмжлүүлэх заавар зөвлөмжийг хүргэж бүх дүүрэгт ажиллаж байгаа бөгөөд өөрийн хариуцсан 200 өрхөөр өдөр бүр орж яндан хөөлсөн эсэх, зуух пийшингийн бүрэн бүтэн байдал, угаар мэдрэгчийг ажиллаж буй эсэх зэргийг шалган ажиллаж байгаа юм.
Өнөөдрийн байдлаар нийслэлийн 6 дүүргийн 200 гаруй мянгын өрхийг хариуцсан 920 гаруй хяналтын ажилтан ажиллаж байна. Гэвч иргэдийн хайхрамжгүй байдлаас үүдэж хяналтын ажилтнуудад гэрийн хаяг, утасны дугаараа худал буруу мэдээлэх, гэртээ оруулахгүй байх зэрэг хүндрэлтэй асуудал өдөр бүр тулгардаг талаар Сүхбаатар дүүргийн 8,10 дугаар хэсгийн хариуцсан хяналтын ажилтан В.Баярмагнай учирлалаа.
Тэрбээр өөрийн хариуцсан хэсгийн өрхүүдээр явж угаарын хийнээс урьдчилан сэргийлэх асуумж бөглүүлж судалгаа аваад, засвар үйлчилгээ шаардлагатай өрхүүдийн мэдээллийг “Хэрэглэгчдэд үйлчлэх алба”-нд мэдээллэдэг гэв. Засвар үйлчилгээний ажилтан албан хаагчид иргэдэд үнэ төлбөргүй үйлчилгээ үзүүлэхээс гадна зөв галлагааны зөвлөмжийг хүргэдэг аж.
“Угаарын хийн эрсдлээс урьдчилан сэргийлэх” ажлын хэсэг гэр хорооллын айл өрхүүдээр явж зуух яндангийн бүрэн байдал, агааржуулалтын хоолой, угаар мэдрэгчийг шалгахаас гадна угаарын хийнээс хэрхэн сэргийлэх талаарх мэдээллийг хүргэн ажиллаж байна.
Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтэс
0 cэтгэгдэлтэй