
Улс төрийн амьдрал бидний төсөөллөөс өөрөөр, гэнэтийн байдлаар өөрчлөгдлөө. Ерөнхий сайд бууж, шинэ нь томилогдов. Засгийн газрын бүтцийн асуудал яригдаж байна. Дэлхий нийтийн амьдрал хүндхэн, ялангуяа Монгол Улсын эдийн засаг, эрүүл мэндийн салбар хэцүү цаг үетэй тулгарчихаад байхад энэ бүх процесс болж, халдварт өвчин, аюул алга болсон мэт улс даяараа бужигналдаж эхэллээ.
Нэг талаас нь харвал улстөрийн шинэ соёл, дарга нар хариуцлагаа хүлээдэг, огцордог сайн жишиг тогтох эхлэл болсон. Харин нөгөө өнцгөөс нь харвал улс орны амьдрал, хүмүүсийн эрүүл мэнд, амгалан тайван амьдралд халтай үйл явц өрнөж байгаа учраас иргэд хурдан засгийн газраа бүрдүүлэх, шинэ засагт шилдэг боловсон хүчнүүдийг ажиллуулах талаар саналаа дэвшүүлж эхэллээ. Уг нь хамгийн шилдэг хүмүүсээ ажиллуулж байж л бид хүнд цаг үеийг амжилттай давах учиртай.
Сошиал орчинд тэр сайд болох ёстой, энэ чадна гэсэн постууд хөвөрч байна. Тэр дунд С.Даваасүрэн гэсэн нэр тод явна. Аль УИХ-ийн сонгуулийн үеэс эхлээд л иргэд “Энэ хүнийг дэвшүүлээч, дэмжье, төрд хамгийн шилдэг залуус ажиллах хэрэгтэй” гээд хэлээд л байсан. “Үнэн” сонинд МАН-ын ахмадууд 200, 300-гаараа гарын үсгээ зураад нийтлэл хүртэл гаргаж байлаа. Одоо ч иргэд шинэ засгийн газартаа С.Даваасүрэнг оруулж ажиллуулаач гэж бичсээр байна. Ард иргэдийн дунд нэр хүндтэй, эрдэм боловсрол, зарчимч шударга байдлаараа танигдсан энэ хүн хэн бэ?
МАН-ын гишүүн С.Даваасүрэн МУИС-д бакалавр, магистрийн түвшинд суралцаж, Английн Их Британи Умард Ирландийн Манчестерийн их сургуульд эдийн засгийн ухааны магистр, АНУ-ын Нью Хэмпширийн их сургуульд эдийн засгийн ухааны докторын зэрэг хамгаалсан.
Тэрээр ажлын гараагаа МУИС-ийн багшаар эхлүүлж, Дэлхийн банкны “Тогтвортой амьжиргаа төсөл”-ийн ерөнхий зохицуулагч, “Бичил санхүүгийн хөгжил” сангийн захирал, АНУ-ын Хэритэйж Юнайтэд Вэй судалгааны байгууллагад судлаач, Нью Хэмпшир мужийн их сургуульд багш, АНУ-ын Дахин хөрөнгө оруулалтын корпорацид шинжээч, МУИС-ийн Эдийн засгийн сургуульд ахлах багш, дэд профессор, тэнхмийн эрхлэгч, МАН-ын даргын эдийн засгийн бодлогын зөвлөх, Монгол Улсын Санхүүгийн зохицуулах хорооны даргаар ажилласан гээд арвин туршлагатай нэгэн. Тэрээр СЗХ-ны даргаар 40 сар ажиллах хугацаандаа санхүүгийн зах зээлийг 300 хувь өсгөж ажилласан нь сүүлийн 30 жилд гараагүй өсөлт байсныг тоо баримт харуулна.
Ингээд харахаар өндөр боловсрол, ажлын туршлагатай С.Даваасүрэнг яагаад нам нь дэмжихгүй байна вэ гэдэг асуудал их сонин. Энэ нь намын асуудал биш, тодорхой албан тушаалд хүрсэн, тойрон хүрээлэгчдээ толгой муутайхан хүмүүсээр бүрдүүлдэг зарим нэг хүний характертай холбоотой байх магадлалтай. УИХ-ын дарга Г.Занданшатар хэвлэл мэдээллийнхнийг урьдчилан дуудаад, С.Даваасүрэнг ганцааранг нь суулгачихаад, Саарал жагсаалтад орсны гэмийг тохож суусныг ард түмэн харсан, шударга бус л байсан.
Тэрээр УИХ-ийн сонгуульд бие даан нэр дэвшсэн. Тойрог өгсөнгүй гэж нам дотроо хэрүүл, хагарал үүсгээгүй, зүгээр л бусдадаа боломж олгосон. Одоо ч намдаа үнэнч яваа хүн.
Шинэ Засгийн газар бүрдүүлж эхлэхэд ард иргэд С.Даваасүрэнгийн нэрийг дэвшүүлж, сошиалаар давалгаа өрнүүлж буй нь Төрд нэр хүндтэй, боловсролтой, мэргэжлийн хүмүүс хэрэгтэйг харуулж байна шүү. Ер нь МАН олны дэмжлэг, итгэлийг нь авах, хүнд байдлаас гарахын тулд ачаалал дааж сурсан, зөв, үр дүнтэй ажиллах чадвартай хүмүүсээ дэмжих зайлшгүй шаардлага ч байна.
МАН-ын дарга У.Хүрэлсүх ч энэ асуудлыг мэдэрч, хариуцлага, итгэлцлийн тухай хүчтэй ярьж, үлгэрлэж байна. МАН өөрчлөгдөж, цаг үеэ мэдэрч эхэллээ. Өнгө мөнгөөр, найраагаар, бүлэглэлээр шийддэг асуудлууд удахгүй цэглэгдэх буй за. Сайн цаг айсуй гэж найдна.
0 cэтгэгдэлтэй