Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ “Эрүүл мэндээ хамгаалж, эдийн засгаа сэргээх 10 их наядын төлөвлөгөөг” танилцуулах үед “Энэхүү төлөвлөгөөг хэрэгжүүлэхэд чихэр мэт амттай биш, давс мэт шорвог ч зайлшгүй хийх шаардлагатай хүндхэн шийдвэр гаргаж ажиллахаас аргагүй. Энэ төлөвлөгөө бүх хүнд таалагдахгүй, таалагдах ч боломжгүй. Засгийн газрын бодлогын амин сүнс нь халамж биш ажлын байр бий болгоход чиглэнэ. Хамгийн сайн халамж бол баталгаатай, цалин сайтай ажлын байр юм. Төлөвлөгөөний нилээд хэсэг нь ажлын байр олноор бий болгоход чиглэнэ” хэмээн онцоллоо.
Тэрээр Монгол Улсын эдийн засаг 6 хувиар агшиж, ДНБ-ний хэмжээ 12 хувиар доошилсон, Төв банкны үнэт цаасны үлдэгдэл 7.9 их наяд болсон зэрэг тоон мэдээллүүдийг дурдаад“Цар тахал эхэлснээс хойш манай улсад 68.9 мянган ажлын байр шууд байхгүй болжээ. Өнөөдрийн цогц төлөвлөгөөг хэрэгжүүлэхгүй бол 2021 он гэхэд, 130 мянган ажлын байр байхгүй болно” гэдгийг анхааруулав.
“Цар тахалд бууж өгөх биш, хариу үзүүлэх ёстой. Үүнд шинэ бодлого, шинэ эхлэл, шинэ хамтын ажиллагаа хэрэгтэй” гэж Ерөнхий сайд санууллаа. Улмаар Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ энэ сарын 23-наас, хатуу хөл хориог цуцалсны дараа бизнесийн салбаруудаа нээж, вакцинжуулалтыг эхлүүлэхээр төлөвлөж байгаагаа зарлав.
Сангийн сайд Б.Жавхлан “10 их наядын цогц төлөвлөгөө”-ний талаар “Бид бодлогын шилжилт хийж байна. Монгол Улс цар тахал гарснаас хойшхи хугацааны туршид иргэдийнхээ эрүүл мэнд, аюулгүй байдлыг нэгдүгээрт тавьж ирсэн. Одооноос эдийн засгийн асуудлыг зэрэгцүүлж, харилцан уядуулах бодлогын шилжилт хийх шаардлага үүслээ. Бодлого, тактикаа өөрчилж ажиллахгүй бол хоёр, гуравдугаар улирлаас эрүүл мэндийн салбарыг санхүүжүүлж чадахгүйд ч хүрэх эрсдэлтэй. Сүүлийн нэг жилийн хугаацаанд эдийн засаг огцом зогссон. Хүнээр төлөөлүүлж үзвэл цусны эргэлт нь 60-70 хувь удааширсан байна. 2020 оны жилийн эцсийн статистикийн тоон үзүүлэлтийг харахад мөнгөний нийлүүлэлт 15 хувь хүртэл буурсан байна. Үүнийг эдийн засгийн дундаж өсөлттэй жилүүдтэй харьцуулбал 3 дахин буурсан үзүүлэлт. Тэгэхээр эдийн засаг дахь мөнгөний эргэлтийг сайжруулах нь зайлшгүй болж байна. Банкнуудын зээл олголтыг нэмэгдүүлэх, 2021 онд батлагдсан төсөв, хөрөнгө оруулалт зохистой хэрэглэх, гадаадын хөрөнгө оруулалт нэмэх чиглэлээр ажиллахыг цогц хөтөлбөрт тусгасан” гэж мэдэгдэв.
Боловсролын сайд Л.Энх-Амгалан“Улсын хэмжээнд 174 мянган хүүхэд гэрэлгүй, гар утасгүй, теле хичээлээ үзэж чадахгүй байна!!! Нийслэл хотод гэхэд 30 мянга гаран хүүхэд тог цахилгаангүй, зурагтгүй, кабельгүй, утасгүй, компьютергүй орчинд байна. …төрийн сургуульд явдаг хүүхдүүд хичээлийн хоцрогдолд орсон” хэмээн жиргэлээ.
Мэдээллээс үүдсэн дүгнэлт:
Хэдхэн хоногт цувран гарсан мэдээллүүдээс Шинэ Засгийн газар бодлогын эрс шинэчлэлт хийж, эрч хүчтэй ажиллахаар завдаж байгааг мэдэрч, үнэртэж болж байна. Үнэхээр бодлогын шилжилт, том үсрэлт анзаарагдаж байна.
Өмнөх Сангийн сайд бодит байдал, гол тоонуудыг огт дурддаггүй байв. Өрийг өрөөр дарах, санхүүгийн балансыг толгой эргүүлэх байдлаар тайлбарлаж, аргацаахаас өөрийг хийдэггүй байж. Иргэдээ вакцинжуулах зардлыг ч төсөвт суулгаагүй сайд. Хаин шинэ сайд Б.Жавхлан зоригтойгоор тоон үзүүлэлт муудсаныг дурдаад Засгийн газрын бодлого ямар учраас, яагаад, юунд чиглэх гэж байгааг товч, тодорхой, эрс шулуун илэрхийллээ.
Боловсролын шинэ сайд ч бодлогынхоо чиглэл хандлагыг хэдхэн тоогоор тод харуулж, өөртөө дайсан дуудсан ч “айхгүй, ухрахгүй” болохоо хэлээд авч. Төрийн анхаарлаас “орхигдсон” 174 мянган хүүхдийн эрх ашгийг гол болгохоо шулуухан илэрхийлж байгаа нь Шинэ засгийн шинэ төрх гэлтэй.
Ерөнхий сайд ч “давс мэт шорвог хүндхэн шийдвэр гаргахаа, энэ нь бүх хүнд таалагдахгүй, таалагдах ч боломжгүй” болохыг хэлж байна. Энэ бол шинэ Засгийн газарт зориг байгаагийн илэрхийлэл.
Шинэ бодлогын шилжилт нь довтолгоо болохыг тэдний хандлага, шийдлээс харж болно. Цар тахлаас цэрвэж, хорьж, хүлээж суух биш довтлоод, дараад эрчтэй тэмцэх замаар эдийн засгаа сэргээхийг чухалд үзэх нь маш эрүүл сэтгэлгээтэй байгаа гэсэн үг. Эдийн засаг бол бүхний суурь. Эдийн засаг доройтвол эрүүл мэндэд анхаарах боломж шавхагдна. Дэлхий нийтээрээ баримталж байгаа энэ хандлагыг бодлогын шилжилт, тактикын өөрчлөлтөөр хэрэгжүүлэх нь. Оройтсон ч гэсэн оновчтой шийдэл.
Засгийн газар улсын төсөвт баригдаад суухгүйгээ хэллээ. Санхүүгийн боломжит хэрэгсэл, байгаа боломжуудыг дайчлах замаар эдийн засгийн цусны эргэлтийг хангах шийдлээ зарлалаа.
Одоо тэд хэлснээ хийх, зарласнаа чадах эсэхийг харах үлдлээ. Хэлэх нэг хэрэг, хийх нь өөр асуудал. Зоригтой байгаа нь сайхан, эрчтэй байгаа нь ч гоё. Хийж чадахгүй, хэлснээ гүйцэлдүүлэхгүй бол харин … ард түмний нэхэл хатуу байх болно.
0 cэтгэгдэлтэй