“Хүүхдийн байгууллага, ХЭҮК-ынхон “Захирамжийн дагуу хүүхдээ харьяалалд нь авъя” гээд очихоор Загдаа гуай өгдөггүй”

2020-01-08 348 0
Нийслэлийн хүн амын 65 хувийг 35 хүртэлх насны хүүхэд, залуус эзэлдэг. Улс орны ирээдүй болсон хүүхэд, залуус руу чиглэсэн ямар бодлого нийслэлээс баримталж буй талаар болон цаг үеийн асуудлаар Нийслэлийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Н.Мандуултай ярилцлаа.

-Танд шинэ оны мэнд дэвшүүлье. Нийслэлийн хүн амын дийлэнх олонхыг бүрдүүлдэг хүүхэд, залуусын хөгжил, хамгааллын асуудалд  өнгөрсөн 2019 онд ямар ахиц дэвшил гарав гэдгээс яриагаа эхэлье? 

-Нийслэлчүүддээ, хүүхэд багачууд, оюутан залуустаа, нийт гэр бүлүүддээ шинэ оны мэндийг дэвшүүлье. Монгол Улсын Ерөнхийлөгчийн 60 дугаар зарлиг болон Засгийн газрын 210 дугаар тогтоолоор 2019, 2020 оныг “Хүүхэд хамгаалал, хөгжлийн жил” болгон зарласан. Тодруулбал, энэ хоёр жилийн хугацаанд улс орон даяараа хүүхдийг хөгжүүлэх, хамгаалах тал дээр салбар бүрт эрчимтэй ажиллаж, нэлээд ахиц дэвшил гаргахаар томоохон зорилт дэвшүүлсэн.

Хүүхдийн тухайд гурван үндсэн ойлголт байдаг. Нэгдүгээрт, хүүхэд хамгааллын асуудал байна. Хүүхдийг таван орчинд (гэр бүл, сургуулийн орчинд, олон нийтийн газарт гэх мэт), дөрвөн зүйлээс (бие махбодийн, сэтгэл санааны болон эдийн засгийн хүчирхийлэл) хамгаалах асуудлыг Хүүхэд хамгааллын тухай хуульд маш тодорхой заасан байдаг. Хүүхэд хамгааллын асуудал гэдэг бол гэр бүл, багш, анги хамт олон, иргэд олон нийт, төрийн болон төрийн бус байгууллага гээд нийгмийн бүх талын оролцооноос шалтгаалдаг зүйл. Хоёрдугаарт, хүүхдийн оролцоог дэмжих гэж чухал ухагдахуун бий.

Тухайн хүүхдийг яаж хөгжүүлж, яаж  хамгаалах вэ гэдэг бол хүүхдийн өөрийнх нь оролцооноос ихээхэн хамаардаг учраас тэр боломжийг нь хангаж, оролцоог нь дэмжиж өгөхөд анхаардаг. Гуравдугаарт, хүүхдийг хөгжүүлэх асуудал. Өнгөрсөн 2019 онд бид хүүхэд хөгжлийн чиглэлээр нэлээд ахиц дэвшил гаргалаа. Тухайлбал, “Би нар” төслийг алслагдсан дүүрэг, хорооны хүүхдүүдийг хамруулан хэрэгжүүлж, Монголын хүүхдийн ордон, Хүүхдийн урлан бүтээн төвийн төрөл бүрийн дугуйлан секцийг  хичээллүүлсэн нь их үр дүнтэй ажил байсан.

-Нийслэлд хагас сая орчим хүүхэд амьдарч байгаа гэдэг. Манайхан хүүхдийн асуудал гэхээр эрх нь зөрчигдсөн хүүхдүүдийг хамгаалах тухай л түлхүү ярьдаг. Гэтэл цаана нь хүүхдийн оролцоог дэмжих, хүүхдийг хөгжүүлэх гэж хоёр том ойлголт орхигдоод байдаг нь үнэн л дээ…   

-Яг тийм. 2019 оны байдлаар Улаанбаатар хотод 463,000 гаруй хүүхэд амьдарч байгаа. Манай байгууллагын эрсдлийн программд 18,000 хүүхдийн мэдээлэл бий. Алслагдсан дүүрэг, хороонд амьдардаг учраас янз бүрийн дугуйланд явж хөгжих эрх нь механикаар зөрчигдсөн, оролцоог нь хангах боломжгүй, халамж анхаарал шаардлагатай хүүхдүүдийн мэдээлэл. Тэднээс эрх нь зөрчигдсөн, төрийн хараа хяналт, хамгаалал шаардлагатай нь 5,000 гаруй хүүхэд бий. Тэдэн рүү чиглэсэн бодлогыг Засгийн газраас ч, нийслэл хотоос ч авч хэрэгжүүлсээр ирсэн. Үүний хажуугаар нийт хүүхдүүдийнхээ оролцоог хангах, тэднийг хөгжүүлэх талын бодлогын ажил, төсөл хөтөлбөрүүдийг хэрэгжүүлэх зайлшгүй шаардлагатай байна. Өөрөөр хэлбэл, тулгын гурван чулуу гэдэг шиг гурван талтай зүйлээс нэгийг нь онцлоод байж болохгүй биз дээ. Гэвч нийслэлийн ерөнхий боловсролын сургуулиуд энэ жилээс л хоёр ээлжинд шилжлээ. Ийм нөхцөлд сургууль дээр хүүхэд хөгжүүлэх секц дугуйлан хичээллүүлэх анги танхимын хүрэлцээ үнэхээр байдаггүйг хэн хүнгүй мэднэ.

Харин “Би нар” төслийг таван дүүргийн 18 хороонд хэрэгжүүлж эхэлснээр нийслэл хотын хүүхэд багачууд хаана амьдарч байгаагаасаа үл хамааран хүүхэд хөгжүүлэх төрөл бүрийн дугуйлан секцэнд хамрагдах боломжтой болсон. Одоо манайд байгаа хүүхэд хөгжүүлэх мэргэжлийн хамгийн том хоёр байгууллага болох Монголын хүүхдийн ордон, Хүүхдийн урлан бүтээн төвийн дугуйланд өнгөрсөн жил 2,400 гаруй хүүхэд хамрагдлаа. Гэр хорооллын алслагдсан хороодын хүүхдүүдэд хөгжих боломжийг нь олговол нуугдмал авьяас, ур чадвар нь яаж хөгжиж, хэрхэн нээгдэж болдгийг бид ирэх зургадугаар сарын 1-нд Монголын хүүхдийн ордонд тоглолт хийж олон нийтэд бодитоор харуулна.

2020 ондоо бид дээрх дугуйлангуудын үйл ажиллагааг илүү өргөжүүлж, цар хүрээг нь тэлнэ. Үүнээс гадна хүүхэд хөгжүүлэх чиглэлээр төрөл бүрийн үйл ажиллагаа явуулдаг хувийн секц дугуйлангуудыг дэмжиж, хамтран ажиллахаар төлөвлөөд байна. Тухайлбал, тодорхой нэг  агуулга бүхий нэгдсэн хөтөлбөртэй болгоод, түүнийг нь бодлогоор дэмжих юм.

Түүнчлэн хүүхдүүдийнхээ зуны амралтыг үр бүтээлтэй өнгөрүүлж хөгжүүлэх үүднээс хотын ногоон бүсэд үйл ажиллагаа явуулж буй 20 зуслантай бид хамтран өнгөрсөн зунаас “Хүүхдийн зуслангийн хөгжлийн хөтөлбөр”-ийг хэрэгжүүлсэн. Бүх зуслангуудын өөрсдийн боловсруулсан хөтөлбөрийн агуулга дээр нь нэмэлтээр хүүхдийн хөгжлийг дэмжих хөтөлбөрүүдийг оруулаад, түүнд шаардлагатай төсөв хөрөнгийг нь бид шийдэж өгсөн байгаа. Өнгөрсөн зун “Найрамдал”-аас бусад хотын ногоон бүс дэх зуслангуудад 24,450 хүүхэд 10 ээлжээр амарсан нь өмнөх жилтэй харьцуулахад 20 гаруй хувиар өссөн үзүүлэлт юм.

-Та түрүүн хувийн дугуйлан секцүүдийг хөтөлбөрөөр нь дэмжинэ гэсэн. Тухайлбал яаж? 

-Залуу зохион бүтээгчдийн ордон шиг ч юм уу, томоохон цогцолбор нэн даруй байгуулаад ажиллуулах боломж нөхцөл одоохондоо манайд алга. Тиймээс нэгэнт хувь хүмүүс, төрийн бус байгууллага, аж ахуйн нэгжүүд тодорхой тодорхой чиглэлээр үйл ажиллагаа явуулаад, дугуйлан секц нь олонд хүрчихсэн байгаа учраас тэдэнтэй хамтраад, хөтөлбөрийг нь баяжуулах тал дээр анхаарч байна.  Манай газрын Залуучуудын хөгжлийн хэлтэс, Хүүхдийн хөгжил, хамгааллын хэлтсийнхэн тэдгээр клубийн үйл ажиллагаа явуулж байгаа хүмүүстэй хамтарсан ажлын хэсэг гаргаад, яаж дэмжих, хэрхэн хамтарч ажиллах вэ гэдгээ ярилцаж байгаа.

Мөн бид нийслэлийн Боловсролын газартай хамтраад Улаанбаатар хотод үйл ажиллагаа явуулж буй төрийн өмчийн ерөнхий боловсролын сургуулиуд дээр клубүүд ажиллуулах талаар ярилцаж, сургуулиудын захирлуудтай уулзалт хийсэн. Өөрөөр хэлбэл, сургууль болгон дэргэдээ хэд хэдэн чиглэлээр клуб байгуулаад, манай хоёр газраас баталж өгсөн удирдамжийн дагуу үйл ажиллагаа явуулдаг байх юм. Үлгэр жишээ сайн үйл ажиллагаа явуулсан клубүүдийг урамшуулах, алдаршуулах ажлыг манайх хариуцна. Индексийн урамшуулал олгох шалгуур үзүүлэлтүүдийн дунд энэхүү клубүүдийн үйл ажиллагааг хэр дэмжсэн бэ гэдгийг нэг шалгуур болгон оруулж тооцох талаар нийслэлийн Боловсролын газар ажиллаж байгаа.

-Өнөө цагт хүүхдийн хөгжилд гэр бүл, аав, ээжийн үүрэг оролцоо ямар байх ёстой вэ гэдгийг танаас асуулгүй өнгөрч болохгүй байх? 

-Өнгөрсөн жилийн долдугаар сард манай байгууллагаас “Би хариуцлагатай аав, ээж” аяныг хэрэгжүүлж эхэлсэн. Жилийн хугацаатай хэрэгжих энэ аяны гол зорилго нь хүүхдийг хөгжүүлэхэд, хүүхдийг хамгаалахад аав, ээжийнх нь үүрэг хариуцлага, оролцоо хамгийн чухал гэдгийг ойлгуулж ухамсарлуулах. Аав, ээж болгон хариуцлагатай байвал хүүхэд бүр аюулгүй орчинд өсөж торнихоос гадна  илүү сайн хөгжиж төлөвших оролцоо нь хангагдана. “Одоогийн хүүхдүүд нэг л биш ээ” гээд шүүмжлээд суух биш одоогийн аав, ээжүүдийг хариуцлагатай болгох, ирээдүйн аав, ээжүүдийг бэлтгэхэд анхаарах нь манай байгууллагын маш том бодлогын зорилт юм.

Ирээдүйн аав, ээжүүдийг бэлтгэхэд анхаарах нь манай байгууллагын маш том бодлогын зорилт

Тийм ч учраас 2020 онд бид өсвөр үеийнхэн, оюутан залуучууд, залуу гэр бүлүүд рүү чиглэсэн, гэр бүлийн боловсролын талаар нэлээд далайцтай цогц ажлуудыг хийхээр төлөвлөсөн. Улаанбаатар хотод өдөрт дунджаар 5-6 хос гэр бүлээ цуцлуулдаг гэсэн харамсалтай статистик мэдээлэл байна. Өнөөгийн монголчуудын  нийтлэг дүр зургаас харж байхад залуус албан ёсоор гэр бүл болохоосоо өмнө үр хүүхэдтэй болчихдог. Үүнийгээ дагаад хагас өнчин хүүхдүүдийн тоо автоматаар өсдөг.

-Үүнтэй холбогдуулаад нэг зүйл асууя. Сүүлийн үед олон нийтийн сүлжээнд “Зөв амьдрах ухаан” ТББ-ын тэргүүн Г.Загдаа янз бүрийн мэдээлэл түгээх боллоо. Тэнд амьдарч байгаа өнчин ядуу хүүхдүүдийг нийслэл дэмжихгүй, эрх ашгийг нь зөрчөөд байна гэдэг мэдээлэл хэр бодитой юм бэ?

-“Зөв амьдрах ухаан” гээд төрийн бус байгууллага 14 жил үйл ажиллагаа явуулж байгаа. Өнгөрсөн жил энэ байгууллага Хүүхэд хамгааллын хариу үйлчилгээний магадлан итгэмжлэл авсан. Өөрөөр хэлбэл, “Зөв амьдрах ухаан” төрийн бус байгууллага бол хүүхэд хамгааллын чиглэлээр үйл ажиллагаа явуулж болно гэдгийг хүлээн зөвшөөрсөн. Гэхдээ энэ нь асрамжийн газар шиг хүүхдүүдийг байнга байлгана гэсэн үг биш. Энэ бол хоёр тусдаа ойлголт гэдгийг Загдаа гуай мэдсээр байж “Би тусгай зөвшөөрөлтэй байхад та нар боож хаалаа” гээд мэдэн будилаад яваа юм.

Асрамж, халамжийн төвийн тусгай зөвшөөрлийг харьяа яамнаас л олгодог. Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг буюу Хүүхэд, гэр бүл, залуучуудын хөгжлийн газраас хүргүүлсэн саналын дагуу судалж үзээд, ХНХЯ-наас зөвшөөрөл олгоно. Асрамж, халамжийн төвийн тусгай зөвшөөрөл аваагүй л бол төрийн байгууллага байна уу, төрийн бус байгууллага байна уу, хэн ч байсан хүүхдийг байнга байршуулж болдоггүй. Үүнийг хуулиар хориглосон байдаг. Тусгай зөвшөөрөлтэй тохиолдолд асрамж, халамжийн үйлчилгээ үзүүлэх боломжтой.

Өнөөдрийн байдлаар Улаанбаатар хотод 17 байгууллагын 27 асрамж, халамжийн төвд 968 хүүхэд байнгын үйлчилгээ авдаг.

“Зөв амьдрах ухаан” төрийн бус байгууллагын хашаанд одоо 65 хүүхэд, 62 насанд хүрсэн хүн амьдарч байгаа. Насанд хүрсэн хүнийг, тухайлбал архины хамааралтай хүмүүсийг ийм газарт ингэж байршуулж, нөхөн сэргээх эмчилгээ хийсний дараа амьдралд нь гаргана гэх мэт эрх зүйн зохицуулалт Монголд одоогоор байхгүй. Тиймээс тэнд байгаа насанд хүрсэн хүмүүсийн тухайд бид юу ч ярихгүй.

Харин Хүүхэд хамгааллын тухай хууль болон Нийгмийн халамжийн тухай хуульд заасан Асрамж халамжийн төвийн эрхгүй субъект ийм төрлийн үйл ажиллагаа явуулаад байгаа учраас Монгол Улсын хуулийн дагуу зөвшөөрлөө авчихаа гэдэг шаардлагаа л тавьсан. Гэтэл “Хүүхдийн байгууллага нь ажлаа хийхгүй. Би өмнөөс нь ажиллаж байхад намайг ингэлээ” гээд олон нийтэд зориуд буруу мэдээлэл түгээгээд байгааг нь үнэндээ гайхаж байна.

-Тусгай зөвшөөрөлгүй байгууллагад яагаад 65 хүүхэд өдий хүртэл амьдраад байсан юм бол?

-Тус төвийн хашаанд амьдарч байгаа 65 хүүхдээс олонх нь эцэг, эхтэйгээ хамт байдаг юм билээ. Одоо тэнд 16 хүүхэд эцэг, эхгүйгээр амьдарч байгаа. Заримынх нь аав, ээж хүүхдээ тэнд байгааг олж мэдээд авъя гэхээр өгдөггүй. “Чи архины хамааралтай учраас хүүхдийг чинь өгөхгүй” гэдэг. Эсвэл “Чи шоронд суусан учраас хүүхдийг чинь өгөхгүй” гэдэг. Ийм бодит жишээ цөөнгүй байна. Хэн ч алдаж, онодог.

Гэхдээ ямар ч бэрхшээл зовлонгоос өөрийгөө татаж аваад амьдралаа өөд татсан, ажилтай, орлоготой хүмүүсийн хүүхдийг хүртэл өгдөггүй. Шоронд орсон хүн, архи уусан хүн хүүхэдтэйгээ амьдарч болохгүй гэсэн тийм хууль хаана ч байхгүй биз дээ. Тэр байтугай, хэд хэдэн өөр асрамж, халамжийн газарт амьдрах ёстой гээд захирамж нь гарсан хүүхдүүд хүртэл тэнд амьдарч байгаа. Тиймээс хүүхдийн байгууллага, Хүний эрхийн үндэсний комиссынхон “Захирамжийн дагуу хүүхдээ авъя аа” гээд очихоор өгдөггүй.

Хүүхдийг асрамжийн газарт аваачих процесс гэж бий. Эцэг эх, асран хамгаалагчгүй, хараа хяналтгүй, эсвэл эцэг, эх байх эрхээ хасуулсан гэр бүлүүдийн хүүхдийг олж аваад, нөхцөл байдлын үнэлгээ хийсний үндсэн дээр хүүхдийн эрхийн улсын байцаагч дүгнэлтээ гаргадаг. Энэ дүгнэлтийг үндэслэн тухайн харьяалах аймаг, дүүрэг орон нутгийн Засаг дарга захирамж гаргаж, аль асрамжийн төвд байлгахаа шийддэг.

Манай байгууллагын хувьд ийм захирамжийн дагуу Улаанбаатар хотод үйл ажиллагаа явуулдаг 27 асрамж, халамжийн төвд тухайн хүүхдийг хүргэж өгдөг. Энэ 27 дотор “Зөв амьдрах ухаан” төрийн бус байгууллага байхгүй.

-Нэгэнт хууль бус үйл ажиллагаа явуулж байгаа нь үнэн юм бол төр төмөр нүүрээ харуулж болохгүй гэж үү?

-Шууд тэгж ойлгож бас болохгүй юм аа. Тэнд байгаа хүүхдүүдийн тухайд бид тусгай зөвшөөрөл гэдэг зарчмын шаардлага л тавьж байгаа. Харин “Зөв амьдрах ухаан” төрийн бус байгууллага өнгөрсөн хугацаанд нийгмийн сүүдэртэй талд амьдарч байгаа хүмүүст нөхөн сэргээх эмчилгээ үйлчилгээ үзүүлж, амьдрах итгэл, урам зориг өгч ирснийг үгүйсгэж болохгүй.

Архины гүн хамааралтай болсон, амьдрах итгэлээ алдсан хүмүүсийг хүүхэд, гэр бүл дотор нь үе шаттайгаар засан хүмүүжүүлж, ажил хөдөлмөр эрхлээд өөрсдийгөө аваад явах хэмжээнд аваачиж байгаа нь их зөв загвар. Хэдийгээр энэ талын хууль эрх зүйн зохицуулалт, туршлага манайд байхгүй ч иймэрхүү зөв үлгэр дуурайлыг цааш илүү дэлгэрүүлэх шаардлага нийгэмд байна уу гэвэл тийм.

Цагдаагийн байгууллагатай хамтраад бид улирал тутамд “Тэнэмэл”, “Илрүүлэлт” гэдэг нэгдсэн арга хэмжээ зохион байгуулдаг. Хамгийн сүүлийн илрүүлэлтээр гудамжны нөхцөлд амьдарч байгаа 78 хүүхэд байснаас 60 гаруйг нь ар гэрт нь эргэн нэгтгэж, зөвлөмж зөвлөгөө өгсөн. Найман хүүхдийг асрамж, халамжийн төвд шилжүүлсэн. Хөдөө орон нутгийн харьяалалтайг нь нутаг оронд нь хүлээлгэн өгсөн. Үүнтэй адилхан сүүлд зохион байгуулсан арга хэмжээний үеэр гудамжны нөхцөлд аж төрдөг, архины гүн хамааралтай 1,200 гаруй хүн байгааг илрүүлсэн. Эдгээр хүмүүсийг Загдаа гуайн төв шиг гэр бүлийнх нь хамтаар нийгэмшүүлэх арга зүйн дэмжлэг туслалцаа үгүйлэгдэж байна. Үүнийгээ ч Загдаа гуайд хэлсэн.

“Насанд хүрсэн хүмүүстэй ажиллаж байгаа танай байгууллагын загвар туршлагыг өөр газруудад нэвтрүүлэх тал дээр бид дэмжлэг үзүүлэхэд хэзээд бэлэн” гэж. Яагаад гэвэл насанд хүрсэн хүмүүс гэдэг бол хүүхдүүдийн аав, ээжүүд. Энэ хүмүүсийн асуудлыг шийдчихвэл цаана нь байгаа хүүхдүүдийн асуудлыг давхар шийдэх учраас тодорхой хэсгүүдэд газар олгож тэнэмэл иргэдийг төвлөрүүлэн нийгэмшүүлэх байдлаар ажиллуулах гэхчлэн нийслэлийн зүгээс боломжит хувилбаруудаар дэмжинэ гэдгээ хэлж, ойлголцсон байгаа. Угаас энэ байгууллагатай хамтарч ажиллан, үйл ажиллагааг нь дэмжиж ирсэн түүхэн баримтууд Засгийн газар болон нийслэл хотод өчнөөн бий. Ерөнхий сайдаасаа эхлээд харьяалах яам, агентлаг, нийслэлийн ЗДТГ гээд бүх шатандаа дэмжиж ирсэн.

 

Эх сурвалж: Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтэс

Холбоотой мэдээ

Хосбаярын ХОСЦЭЦЭГ: Бусдыг үргэлж сайн сайханд уриалж, үлгэрлэхийг хичээдэг

Та өөрийгөө манай уншигчдад товч танилцуулаач? -Би 1982 онд Улаанбаатар хотод төрсөн. Аав минь Бу

2024-09-30

Өсвөр үеийнхний хөгжил, оролцоог бодитоор дэмжих зорилготой “Өсвөрийн парламент-2023” хөтөлбөрийн нээлт боллоо

“Өсвөрийн парламент 2023” хөтөлбөрийн нээлт өнөөдөр (2023.11.25) Төрийн ордонд боллоо. Хөтөлбөрийг М

2023-11-25

“Өсвөрийн парламент-2023” хөтөлбөрийн бүртгэл үргэлжилж байна

Монгол Улсын Их Хурлын Тамгын газар, НҮБ-ын Хүүхдийн сан, Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газа

2023-11-10