Д.Амарбаясгалан: Цар тахлаар иргэд амиа алдаж байхад АН эрх мэдлийн төлөө өлсгөлөн зарлахаасаа ичих хэрэгтэй

2021-05-08 244 0

Хоёр хуваагдсан АН-ынхан хоёр нэр  дэвшигч тодруулснаас үүдсэн  дотоодын хэрүүл тэмцэл нь өдгөө өлсгөлөн болон үргэлжилж байна. Гэтэл тэд өөрсдийн энэ хэрүүлийг төрд гаргахаар эрх баригч намруу бурууг чихэж эхэлсэн учраас МАН-ын ерөнхий нарийн бичгийн дарга  Д.Амарбаясгалан, УИХ-ын гишүүн Ч.Хүрэлбаатар нар   Н.Алтанхуяг ба өлсгөлөн зарлагсдад хандан мэдэгдэл хийлээ.  Д.Амарбаясгалан   “Энэ бол Монголын ард түмний асуудал биш, МАН-ын ч асуудал биш. Дотооддоо асуудлаа шийдэж чадахгүй байж төрийн сонгуульд орж өрсөлдөх  тухай ярьж байгаа нь эдгээр  эрхмүүдийг  ичгэвтэр харагдуулж байна. Дарангуйлал тогтох нь гэж  улс төр хийж байгааг  гайхаж байна.   Монгол Улс ардчилсан парламентын засаглалд шилжээд 31 дэх жилдээ орлоо. Төв Азийн цээжинд ардчилсан орон  гэж гайхагдаж яваа Монгол Улс эргээд нэг хүний болон нэг намын дарангуйлалд шилжих ямар ч боломжгүй  гэдгийг өнөөгийн залуучууд, ард иргэд маань илүү сайн ойлгож байгаа гэдэгт итгэлтэй байна. 2012-2016 онд АН, АН-аас сонгогдсон Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж, АН олонхыг бүрдүүлсэн УИХ, УИХ-ын дарга З.Энхболд, Ерөнхий сайд Н.Алтанхуяг нар ажиллаж байсныг Монголын ард түмэн мэднэ. Тэр үеийг дарангуйллын нийгэм гэж үзэх юм уу. Уучлаарай, Н.Алтанхуяг гуай тийм   зүйл байхгүй. Ардчилсан оронд сонгуулиараа цэвэр өрсөлдөөд, ялалт байгуулаад ард иргэдээсээ мандатаа авсан улс төрийн нам бодлогоо хэрэгжүүлж, улс орноо хөгжүүлэх, ард иргэдийнхээ амьдралыг дээшлүүлэхийн  төлөө явдаг юм. 30 жилийн өмнө та бүхэн талбай дээр өлсгөлөн зарлаж байсан шигээ, тэр технологиороо өнөөдөр улс төр хийнэ гэвэл худлаа. Бид ч бас жагсаж, өлсөж чадна  гэдгийг танд хэлье. АН-ын залуучуудад уриалъя. Та бүхэн минь намаа цэвэрлээчээ, АН-ын ахмадууд залуучууддаа зайгаа тавьж өгөөчээ.  Бид шинэ үеийн улс төрчид, шинэ бодлого, арга барилаар өрсөлддөг баймаар байна. Монголд өнөөдөр улс төрийн намын хөгжил, төлөвшил юу юунаас чухал байна. Энэ төлөвшлийг бий болгохын төлөө  МАН манлайлан ажиллаж байна. АН ч гэсэн хөгжиж дэвших ёстой. Залуучууд нь намынхаа эрх мэдлийг авч, шинэ түвшинд гарах  зайлшгүй шаардлага гарсан нь   сүүлийн өдрүүдэд харагдаж  байна.

Өнөөдөр ковидын нөхцөл байдал хүндрэлтэй байна. 150 гаруй иргэн маань алтан амиа алдчихаад байна. Цар тахлыг хяналтад авах, засч  залруулахын төлөө Засгийн газар чадах чинээгээрээ ажиллаж байгааг Монголын ард түмэн харж байна. 26 хоногийн хөл хориог үр дүнгүй болгох ёсгүй. Хэн нэгэн улс төрчийн эрх ашиг үүнээс дээгүүр байж болохгүй. Ард иргэд маань 26 хоног хөл хорионд байж  ард иргэдэд төдийгүй улс оронд ихээхэн хохирол учирсныг та бүхэн мэдэхийн дээдээр  мэдэж байгаа. Ерөнхийлөгч болох та бүхний хүсэл үүнээс дээгүүр байж бололхгүй. Ямар  их хэмжээний хөрөнгө хүч, чадлаа дайчлан ажиллаж байгааг хэн хүнгүй харж байна. Цагдаа, онцгой, эрүүл мэндийн салбарынхан Монголын ард түмнийхээ эрүүл мэндийн төлөө, цар тахлын эсрэг өдөр шөнөгүй ажиллаж байна. Гэтэл та бүхэн эрх мэдлийн төлөө нэг хүнийг албан тушаалд  очуулахын төлөө өлсгөлөн зарлаад хэвтэж байгаагаасаа ичээч. МАН аль ч намаас нэр дэвшээд ирсэн, хэнбугайтай ч өрсөлдөхөд бэлэн байна. Гагцхүү монгол Төрийн тэргүүнийг сонгох сонгууль эрүүл, шударга, орчин үеийн дэвшилтэт сонгууль болох учиртай. МАН үүний төлөө манлайлан ажиллана. Бид төрийн байгууллагад хүндэтгэлтэй  хандана. Монгол Улсынхаа хуулийг хүндэтгэж аижллана гэдгийг хариуцлагатайгаар хэлье. Та бүхэнд хууль, дүрэм журам хамаагүй байж болно. Гэхдээ та бүхэнд нэг ч болов монгол хүний алтан амь хамаатай шүү” гэлээ.

Ч.Хүрэлбаатар: Парламентын засаглалтай улсад дарангуйлал тогтоно гэж байхгүй

Өнөөдөр цар тахал өргөн хүрээнд тархчихсан,  цөөнгүй хүн амь насаа алчихсан, халдварын гаралт буурахгүй байгаа  энэ үед хэвлэлийн хурал хийж буйдаа харамсаж байна. Уг нь Ерөнхийлөгчийн сонгуульд нам, улс төрөөс нэг л хүнийг нэр дэвшүүлэх учиртай. Гэтэл АН хоёр хүнийг нэр дэвшүүлчихээд төрийн байгууллагыг, эсвэл ямар нэгэн улс төрийн  хүчнийг шийдэж өг гэдэг байдлаар асуудалд хандаад байна.  Анхнаасаа хоорондоо  учраа олоод нэг хүнээ л нэр дэвшүүлчих хэрэгтэй  байсан. Тэгвэл өнөөдрийнх шиг талбай дээрээ өлсгөлөн  зарлаад, хорио цээрийнхээ бүх дэглэмийг зөрчиж, халдвар тархах нөхцөлийг бий болгож, асуудал үүсгэхгүй байсан. Тэгэхээр Монгол Улсын Ерөнхийлөгчид нэг л хүнээ нэр дэвшүүл,   хоорондоо учраа олцгоо. Энд хэн нэгэн буруутныг хайгаад байх ямар ч шаардлага байхгүй. Хоорондын маргаанаа бусдаар, тэр дундаа төрийн байгууллагуудаар шийдүүлэх гэж оролдох ямар ч шаардлага байхгүй. Дарангуйллын тухай яриад байна. Харин ч   МАН дарангуйллын  эсрэг явж байгаа нам. Хүссэнээ хуулиас  гадуур  тулгадаг,шаарддаг нөхцөлтэй байсныг бид  сөрж яваа нам.  Монгол Улс хуультай. Түүнийг хүн бүр дагаж хэрэгжүүлэх ёстой.  Тэр тусмаа хууль баталдаг УИХ-ын гишүүд  Монгол Улсын бүх хууль, дүрмийг хүндэтгэж, чанд баримтлах ёстой.

2012-2016 онд УИХ-ын дарга, Ерөнхий сайд, Ерөнхийлөгч  бүгдээрээ л АН байсан шүү дээ. Тэглээ гээд дарангуйлал тогтсон юм уу үгүй шүү дээ. Яагаад тэр вэ,  парламентын засаглалтай улсад дарангуйлал тогтоно гэж байхгүй. Та бүхэн санаж байгаа бол   2012-2016 оны сонгуулийн дараа МАН УИХ-д 27-уулаа байхад бидэнд  бүлэг байгуулж өгөхгүй байсан юм шүү дээ. Би УИХ-ын гишүүн мөртлөө Байнгын хорооны хуралд ороод суухаар АН-ын гишүүд “Юу хийж яваа юм” гэж даапаалдаг байлаа шүү дээ, тэр үеэ мартчихаа юу.

Н.Алтанхуяг УИХ-ын индэр дээрээс “Хууль ямар хамаатай юм бэ” гэж хэлж байсныг ард түмэн  мартаагүй  байх.  Монгол Улсад хууль хэрэгтэй, ягштал мөрдөх ёстой. Монгол Улсад хэн ч хуулиас гадуур байж  хэрхэвч болохгүй. Хууль зөрчих болохоороо бусдыг дарангуйллаа гэж ярьж огтхон ч болохгүй.   Нэг хүнээ л нэр дэвшүүлчих, хэн ялахыг Монголын ард түмэн шийднэ” гэлээ.

Холбоотой мэдээ

“DRONECON-2025” УЛСЫН АВАРГА ШАЛГАРУУЛАХ АНХДУГААР ТЭМЦЭЭН ЗОХИОН БАЙГУУЛАГДАНА

Монгол Улсын Ерөнхийлөгчийн нэрэмжит нисгэгчгүй нисэх төхөөрөмж жолоодлогын улсын аварга шалгаруулах

2025-01-17

ИМАРТ ДРАГОН салбарын нээлтийн урамшуулал зарлагдлаа

  Олон нийтийн дунд томоохон хүлээлт үүсгээд байсан Имарт Драгон салбар энэ Баасан гаригт

2024-12-20

ИМАРТ ДРАГОН салбарын нээлтийн урамшуулал зарлагдлаа

Олон нийтийн дунд томоохон хүлээлт үүсгээд байсан Имарт Драгон салбар энэ Баасан гаригт буюу 12-р са

2024-12-19