ОХУ-ын Якутад гарсан түймрийн утаа нийслэлийг бүрхэж, агаарын бохирдол үүсгэж буй. Үүнтэй холбоотойгоор Нийслэлийн Байгаль орчны газрын Ойн хэлтсийн дарга М.Чинсанаагаас зарим зүйлийг тодрууллаа.
-ОХУ-д гарсан түймрийн нөхцөл байдал ямар байна вэ. Хохирлын хэмжээ гарсан уу?
-Одоогийн байдлаар ОХУ-ын Якутын бүс нутгийн Дунд Сибирт гарсан түймэр унтраагүй бөгөөд орон нутгийн иргэд болоод гал унтраах ангийнхан түймрийг унтраахаар ажиллаж байна. Наймдугаар сарын 7-ны байдлаар нийт 300 гаруй удаа түймэр гарч, 12140 км талбайг хамарсан. Түймрийг унтраахаар 5302 хүн 873 техник, тоног төхөөрөмж, агаарын хяналтын 34 онгоц, гал унтраах устай 11 онгоцтой ажиллаж байгаа мэдээлэл бий.
Хохирлын хэмжээг одоогоор тогтоох боломжгүй. Түймрийг цурамд оруулж, бүр мөсөн унтраасны дараа хохирлын хэмжээг тооцдог. Мэдээж хүрээлэн буй орчин, байгалийн тэнцвэрт байдал маш их алдагдаж байгаа. Ан амьтад дайжиж, ургамлын төрөл зүйлүүд түймэрт өртөж байна. Түүнчлэн тус бүс нутагт гарсан түймрийн утаа Улаанбаатар, Увс, Завхан болон төвийн бүсийн нутгуудыг бүрхсэн.
-Улаанбаатар хотын агаарын бохирдол ямар түвшинд байна вэ. Иргэдэд ямар зөвлөгөө өгөх вэ?
-Агаарын бохирдолд нүдэнд харагдахуйц хэмжээгээр өөрчлөлт орсон. Мөн агаарын давхаргын доогуур тоосжилт их байдаг бөгөөд энэ тоосжилтод хүүхдүүд хамгийн их өртдөг. Энэ нь нүдэнд харагдахгүй. Иймээс иргэдийг бага насны хүүхдийг гадуур дагуулж явахгүй байхыг зөвлөж байна. Мөн хоолойгоо давс, соданы уусмалаар зайлах шаардлагатай. Зайлшгүй тохиолдолд хүүхдээ дагуулж яваа бол амны хаалтыг тогтмол зүүлгэх хэрэгтэй. Иргэд аль болох гэрээсээ гарахгүй байж, гэртээ чийгтэй цэвэрлэгээ хийж, утааны саармагжилт арилтал цонхоо онгойлгохгүй, бүр шаардлагатай бол утаа багассан үед агаар сэлгэлтийг богино хугацаанд хийх хэрэгтэй.
-Түймрийн шалтгаан, нөхцөлийг тогтоосон уу?
-Түймрийн шалтгаан, нөхцөлийг шууд тогтоох боломжгүй. Жишээ нь, монгол орны хувьд түймрийн 90 гаруй хувь нь хүний буруутай үйл ажиллагаанаас үүдэн гардаг. Сибирийн ой бол маш шигүү. Энэ ойд түймэр дэгдсэн нөхцөлд хүний хүчээр унтраахад маш хүндрэлтэй. Бороо орж байж буюу байгалийн хүчээр л түймрийг унтрах боломжтой.
НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС
0 cэтгэгдэлтэй