Д.Сумъяабазар: Түгжрэлийн эсрэг төрийн албаныхан манлайлал үзүүлэх хэрэгтэй байна

2021-08-25 17 0

Засгийн газрын өнгөрсөн долоо хоногийн хуралдаанаар Үндэсний дөрвөн хороо байгуулсны нэг нь Хот хөдөөгийн хөгжлийн тэнцвэрийг хангах, төвлөрлийг сааруулах, авто замын түгжрэлийг бууруулах үндэсний хороо юм. Тэгвэл тус хорооны анхны хурал өнөөдөр боллоо.

Хурлаар Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар “Түгжрэлийн эсрэг төрийн албаныхан манлайлал үзүүлэх хэрэгтэй байна. Холбогдох байгууллагуудад энэ чиглэлээр үүрэг, даалгавар өгсөн. Жилд Улаанбаатар хотын тээврийн хэрэгслийн тоо 70-80 мянгаар нэмэгддэг. Түгжрэлийн асуудлыг 2021-2025 онд цэгцлэхгүй бол, энэ байдал удаан үргэлжилбэл замын хөдөлгөөний хурд зургаан км цаг болж, явган явж байгаагаас ялгаагүй болно. Түүнчлэн хамран сургах тойргийг зөв зохицуулбал түгжрэл тодорхой хэмжээнд буурна. Энэ бол богино хугацаанд хийх ажил” хэмээн ярив.

Хотын дарга Д.Сумъяабазарын яриа: https://youtu.be/g987_CF2zQA

Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан “Цэцэрлэг, ерөнхий боловсролын сургууль, их, дээд сургууль гээд боловсролын гурван байгууллагын түвшинд түгжрэлийг бууруулах судалгааг эхлүүлсэн. Энэ хүрээнд 25 цэцэрлэгт 60 ээлжийн багш ажиллуулахаар боллоо. Мөн цэцэрлэг, сургуулийн эхлэх, тарах цагийг зөв зохицуулах ёстой. Түүнчлэн байгууллагын цэцэрлэгийг дэмжих нь  бага зардлаар том асуудлыг шийдэх шийдэл. Гэр хороололд 2-4 айлын газрыг авч, мөн олон хүн амтай орон сууцны хорооллын нэг давхрыг цэцэрлэг, бага сургууль болгох, цэцэрлэг, сургуулийн стандартыг шинэчлэхээр судалж байна. Сургуулийн автобус явуулах нь үр дүнтэй байгаа. Мөн богино хугацааны шийдэл нь сургуулийн хэв шинжийг өөрчлөх. Өөрөөр хэлбэл, нийслэлд 5000-аас олон хүүхэдтэй төрийн өмчийн 10 сургууль бий. Түгжрэл үүсгэж байгаа энэ 10 сургуулийг ойролцоо ачаалал багатай сургуулиудтай нэгтгэж, бага, дунд, ахлах сургуулийн цогцолбор байдлаар хөгжүүлэх боломж байна. Түүнчлэн их, дээд сургуулийн цагийн хуваарийг өөрчлөх хувилбарыг судалж байна” гэв.

Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалангийн яриа: https://youtu.be/n2kalo_UHt8

Энэ үеэр мөн Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ хэд хэдэн асуудлыг судалж, танилцуулах үүрэг өглөө. Тодруулбал,

  • Эхний ээлжид богино хугацааны шийдэлд анхаарах,
  • Төрийн алба хаагчдын тээврийн хэрэгслийн тоо бүртгэлийг гаргах,
  • Орон нутгаас ирж байгаа тээврийн хэрэгслийн зорилгыг тодорхойлох,
  • Түгжрэлийн эсрэг үйл ажиллагааг төсвийн бодлогоор дэмжих арга замуудыг судлах,
  • Хотын төвд барилга барихыг дэмжихгүй, харин хотын захад барилга баривал төсвөөс дэмждэг болох,
  • Хотоос нүүх шийдвэр гаргасан их, дээд сургуулиудад төсвийн дэмжлэг үзүүлэх,
  • Хотын төвөөс ажлын байраа нүүлгэвэл төсвийн дэмжлэг үзүүлдэг болох,
  • Хотоос хөдөө рүү нүүсэн иргэдэд дэмжлэг үзүүлдэг болох,
  • Нийтийн тээврийн асуудлыг хувийн хэвшилтэй хамтарч шийдэх боломжийг судлах,
  • Алхах болон дугуй унахад ээлтэй нөхцөлийг бүрдүүлэх боломжийг судлах,
  • Буруу талдаа жолооны хүрдтэй тээврийн хэрэгслийн импортыг хязгаарлах асуудлыг судлах, цаг хугацааны хувьд хэзээнээс хэрэгжүүлэх боломжтой, үр дүнтэй эсэхийг судлах,
  • Зөрчил гаргасан тээврийн хэрэгслийг замын хөдөлгөөнд оролцуулахыг байх арга үр дүнтэй эсэхийг судлах,
  • Хотын төвийн хэсэгт автомашин гадаа огт зогсдоггүй болгох,
  • Сургуулийн автобусыг түрээслэх аргаар шийдвэрлэх боломжийг судлах,
  • Хотын төвд баригдах барилгуудад зогсоолын стандарт тогтоох,
  • Төрийн алба хаагчдыг ажлын нэг өдөрт цахимаар ажиллуулбал үр дүнтэй эсэхийг судлах,
  • Хотын төвийн гол замуудыг нэг урсгалтай болгох,
  • Түгжрэлийн эсрэг санаачилга гаргасан иргэн, аж ахуйн нэгжийг урамшуулдаг тогтолцоог судлах,
  • 1-р эгнээнд орхисон машины торгууль, шийтгэврийн орлогыг түгжрэлтэй холбоотой ажилд зарцуулдаг болох талаар судлах,
  • Худалдааны төвүүдийн цагийг зөрүүлэх,
  • Хувийн болон төрийн байгууллагын ажлын цагийг зөрүүлэх гэх зэрэг саналууд боломж, үр дүнтэй эсэхийг судалж тогтоох үүргийг Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ холбогдох албан тушаалтнуудад өгөв. Түүнчлэн богино хугацааны шийдлээ энэ баасан гарагт, дунд хугацааны шийдлээ ирэх долоо хоногийн даваа гарагт танилцуулахыг үүрэг болголоо.

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн яриа: https://youtu.be/_I5K8-cZjU8

НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС

Холбоотой мэдээ

Төрийн өмчийн бүх музейг хүүхдүүд хэдий ч үнэгүй үзэх боломжтой

Музейн нээлттэй өдрүүд маргааш эхэлнэ Манай улс 0-16 насны бүх хүүхдэд төрийн болон орон нутгийн бү

2024-02-29

Хуврагууд 80 гаруй сая төгрөгийн өртөг бүхий өвс тэжээлийг хандивлалаа

Монголын Бурхан шашны төв-Гандантэгчэнлин хийдийн Тэргүүн их хамба, Хамба номун хан, гэвш лхаарамба

2024-02-25

МЭДЭГДЭЛ

Сүүлийн өдрүүдэд зарим хэвлэл мэдээллийн хэрэгсэл, цахим сүлжээгээр УИХ-ын гишүүн Сүхбаатарын Батб

2024-01-03