Малын гаралтай хог хаягдлыг дахин боловсруулж, органик бордоо үйлдвэрлэж байна

2021-09-15 21 0

Сонгинохайрхан дүүргийн 32 дугаар хороо буюу Эмээлт дэх мал нядалгааны газруудаас малын гаралтай хог хаягдал их хэмжээгээр гарч, ил задгай хаягдан, Эмээлт орчмыг олон жил бохирдуулсан. Малын сэг зэмээс үүдэн махчин шувууд ихээр цугларснаар онгоцны хөөрөх, буух хөдөлгөөнд саад учруулдаг байжээ. Иймээс Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанаас сүүлийн дөрвөн жилийн хугацаанд ил задгай хур хог хаягдлыг цэвэрлэх, мал нядалгаа хийдэг аж ахуй нэгж, байгууллагуудыг зохион байгуулалтад оруулж эхэлсэн юм. Түүнчлэн нэгдсэн хогийн цэгийг шийдэх, хог хаягдлыг тогтмол ачиж, тээвэрлэх зэрэг олон арга хэмжээ авсны үр дүнд малын гаралтай ил задгай хур хог хаягдлыг бүрэн устгаад байна.

Мөн Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанаас санаачлан, хувийн хэвшлийн компаниудтай хамтран мал нядалгааны газруудаас гарч буй хаягдал болон малын өтөг бууцыг ашиглан бордоо хийж байна. Тодруулбал, MCPT, “Эко Тайхи”, “Усан болор хангай” ХХК-тай хамтран ажиллах гэрээ байгуулан, малын гаралтай хог хаягдлаар компост бордоо үйлдвэрлэж эхэллээ. Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанаас тус компаниудад малын гаралтай хог хаягдлыг хүлээн авах, бордоо боловсруулах газрын асуудлыг шийдэж өгсөн юм. Харин бордоо үйлдвэрлэх төслийн хөрөнгө оруулалт, үйл ажиллагааны зардлыг дээрх компаниуд өөрсдөө бүрэн хариуцаж байна.

Компост бордоо гэдэг нь ургамал, амьтны гаралтай органик түүхий эд, хог хаягдлыг ашиглан, тэдгээрийн задралын үр дүнд гаргаж авсан органик бордоог хэлдэг аж. Бусад бордооноос ялзмаг буюу өндөр молекулт органик нэгдлийн агууламж өндөртэй, шим тэжээлээ ургамалд удаан хугацаанд жигд өгдөг онцлогтой. Түүнчлэн хөрсний бүтэц, үржил шимд урт хугацаандаа сайн нөлөө үзүүлдэг давуу талтай юм.

Төсөлд хамтран ажиллаж буй MCPT компани нь жилд 12 мянган тонн бордоо үйлдвэрлэх хүчин чадалтай бөгөөд компост бордоо нь 5-6 сарын хугацаанд бэлэн болж, эцсийн бүтээгдэхүүн болдог тухай тус компанийн ерөнхий менежер Ч.Пүрэв хэлж байв.

Харин “Эко тайхи” ХХК гаргаж авсан бордоогоороо арав гаруй төрлийн ургамал, ногоо тарьж, туршилт хийж байна. Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албаны Хог хаягдлын удирдлага, зохицуулалтын хэлтсийн дарга С.Аригуун “Тус үйлдвэрлэлээс гарах бордоог хотын ногоон байгууламж, хот орчмын газар тариалан, хөрсний бохирдол, доройтолтой газрын нөхөн сэргээлтэд ашиглах боломжтой. Компостлох аргаар дахин боловсруулснаар маш сайн чанарын ялзмаг бүхий бордоо гарч буйг мэргэжлийн хүмүүс хэлж байгаа. Цаашид бордооны чанарыг улам сайжруулахаар компаниуд судалгаа, шинжилгээ хийх болно” хэмээв.

НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС

Холбоотой мэдээ

Төрийн өмчийн бүх музейг хүүхдүүд хэдий ч үнэгүй үзэх боломжтой

Музейн нээлттэй өдрүүд маргааш эхэлнэ Манай улс 0-16 насны бүх хүүхдэд төрийн болон орон нутгийн бү

2024-02-29

Хуврагууд 80 гаруй сая төгрөгийн өртөг бүхий өвс тэжээлийг хандивлалаа

Монголын Бурхан шашны төв-Гандантэгчэнлин хийдийн Тэргүүн их хамба, Хамба номун хан, гэвш лхаарамба

2024-02-25

МЭДЭГДЭЛ

Сүүлийн өдрүүдэд зарим хэвлэл мэдээллийн хэрэгсэл, цахим сүлжээгээр УИХ-ын гишүүн Сүхбаатарын Батб

2024-01-03