Монгол Улсад Тогтвортой хөгжлийн зорилгын хэрэгжилтийг эрчимжүүлэхэд Монгол Улсын Засгийн Газарт дэмжлэг үзүүлэх, мөн Тогтвортой Хөгжлийн Үндэсний Зөвлөлийг бэхжүүлэх зорилгоор Монгол Улсын Их Хурлаас Тогтвортой хөгжлийн олон талт зөвлөлийг байгуулж байна. Тус Зөвлөлийн нээлтийн хуралдаан өнөөдөр (2022.03.23) Төрийн ордонд боллоо.
Нээлтийн хуралдаанд Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар, Улсын Их Хурлын Тогтвортой хөгжлийн зорилгын дэд хорооны дарга, гишүүд, Монгол Улсын Засгийн газар, НҮБ, түүний төрөлжсөн болон олон улсын байгууллагын суурин төлөөлөгчийн газрууд, мөн хувийн хэвшил, иргэний нийгэм, боловсролын байгууллагын төлөөлөл оролцов.
Тогтвортой хөгжлийн олон талт зөвлөлийн нээлтийн хуралдааныг нээж Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар хэлсэн үгэндээ Тогтвортой хөгжлийн зорилгын хэрэгжилтийг хангахад хууль тогтоох байгууллагын түвшинд хийж буй ажлын талаар мэдээлж, шат шатны институцийн цаашид анхаарч ажиллах шаардлагатай зургаан үндсэн асуудлыг тэмдэглэв. Мөн Монгол Улсын Их Хурлаас байгуулж буй Тогтвортой хөгжлийн олон талт зөвлөл нь Тогтвортой хөгжлийн зорилгын хэрэгжилтэд хяналт тавьж, дүн шинжилгээ хийх, төлөвлөлт, санхүүжилтийн талаар санал, зөвлөмж хүргүүлэх, олон талт хамтын ажиллагааны хүчин чармайлтыг нэмэгдүүлэх зорилготойг тэмдэглэсэн.
Нээлтийн хуралдааны үеэр Улсын Их Хурлын гишүүн, Улсын Их Хурлын Тогтвортой хөгжлийн зорилгын дэд хорооны дарга Х.Булгантуяа “Тогтвортой хөгжлийн зорилгын хэрэгжилтийг Монгол Улсад эрчимжүүлэх нь” сэдвээр танилцуулга хийсэн. Уг танилцуулгад, Тогтвортой хөгжлийн зорилгыг 2015 оны есдүгээр сард НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 70 дугаар чуулганаар баталсан, 2016 оны нэгдүгээр сарын 1-нээс албан ёсоор дэлхийн нийтээр хэрэгжиж эхэлсэн. Дэлхийн улс орнууд 2030 он хүртэл уг зорилгыг “Хөгжлийн гадна хэнийг ч үлдээхгүй” уриан дор хэрэгжүүлж байна.
Монгол Улс “Тогтвортой хөгжил-2030” хөтөлбөрийг үндэсний хөгжлийн бодлогодоо тусгасан анхдагч улсуудын нэг болсон. 2016 онд “Монгол Улсын 2016-2030 оны тогтвортой хөгжлийн үзэл баримтлал” баталсан. 2019 онд Монгол Улсын Тогтвортой хөгжлийн зорилгын хэрэгжилтийн талаарх үндэсний сайн дурын илтгэлийг танилцуулсан гэж дурьдаад, уг зорилгын хэрэгжилтийг хангахад тулгарч буй хүндрэл бэрхшээлийн талаар танилцууллаа.
Тогтвортой хөгжлийн олон талт зөвлөл нь:
1)Тогтвортой хөгжлийн зорилгыг дэмжсэн хууль, тогтоомжийг боловсруулах, шинэчлэх, батлахад парламентад дэмжлэг үзүүлэх;
2)Тогтвортой хөгжлийн зорилгод үзүүлэх улсын төсвийн нөлөөллийг үнэлэхэд парламентад туслах;
3)Тогтвортой хөгжлийн зорилгод чиглэсэн хууль, хөтөлбөрийн хэрэгжилтэд тавих парламентын үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлэх;
4)Тогтвортой хөгжлийн зорилгод тулгарах хөгжлийн сорилт, бэрхшээлийг шийдвэрлэх асуудлаар парламентад туслах;
5)Тогтвортой хөгжлийн зорилгод хүрэхийн тулд боловсруулсан хууль тогтоомжид иргэдийн үзэл бодол, ашиг сонирхлыг тусгах асуудлаар зөвлөгөө өгөх;
6)Тогтвортой хөгжлийн зорилгын талаар олон нийтэд хамтран мэдээлж, олон нийтийн оролцоог дэмжих;
7)Тогтвортой хөгжлийн зорилгын хэрэгжилтийн талаар салбар хоорондын болон үндэсний хэмжээнд туршлага солилцох форумыг зохион байгуулж, оролцогч талууд тогтвортой хөгжлийн талаарх олон нийтийн хэлэлцүүлгийг өрнүүлж, санал, санаачилгыг уламжлах, холбогдох асуудлаар эрдэмтэн судлаачид, мэргэжлийн байгууллага, мэргэжилтнүүдийг татан оролцуулах зэрэг стратегийн чиглэлд хяналт тавих, удирдах, чиглүүлэх үүргийг нарийвчлан гүйцэтгэх юм байна.
Нээлтийн хуралдааны чиглүүлэгчээр ажилласан Улсын Их Хурлын Тамгын газрын Парламентын судалгааны хүрээлэнгийн захирал Ц.Цогзолмаа Тогтвортой хөгжлийн олон талт зөвлөлийн гишүүдийг танилцуулахдаа Зөвлөлийн бүрэлдэхүүнд төрийн болон олон улсын хэрэгжүүлэгч байгууллага, хувийн хэвшил, иргэний нийгэм, боловсролын салбарын төлөөллийг оролцуулсныг тэмдэглэв.
Тогтвортой хөгжлийн олон талт зөвлөлийн гишүүд:
УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.
0 cэтгэгдэлтэй