Улаанбаатар, 2026 оны гуравдугаар сарын 27 /МОНЦАМЭ/. ЦУОШГ-ын мэдээлснээр, дөрөвдүгээр сарын эхээр нутгийн зүүн хэсгээр хур тунадас орж, олон жилийн дунджаас хүйтэн, говь талын нутгаар салхи шуургатай байх төлөвтэй байна.
Сарын хоёрдугаар 10 хоногийн дунд үе, гуравдугаар 10 хоногийн эхэн, сүүлч үед ихэнх нутгаар цаг агаар муудаж, салхи шуургатай байх магадлал их байна. Агаарын температур эхний 10 хоногийн дунд үеэр ихэнх нутгаар олон жилийн дунджаас 1-6 градусаар, хоёрдугаар 10 хоногийн дунд, гуравдугаар 10 хоногийн эхэн, сүүлчээр ихэнх нутгаар олон жилийн дунджаас 1-3 градус хүйтэн байх бол бусад хугацаанд олон жилийн дунджийн орчим, дунджаас дулаан байх ажээ.
Дөрөвдүгээр сард агаарын температур огцом өөрчлөгдөх төлөвтэй бөгөөд салхи шуурганы давтамж их байх төлөвтэй тул хүчтэй салхи шуурганы аюултай, гамшигт үзэгдлээс урьдчилан сэргийлж, ой хээврийн түймрээс сонор сэрэмжтэй байхыг анхаарууллаа.
Баруун аймгуудын нутгаар. Дөрөвдүгээр сард агаарын дундаж температур Говь-Алтай, Баянхонгорын өмнөд хэсгээр олон жилийн дунджаас дулаан, бусад нутгаар дунджийн орчим байна. Хур тунадас Говь-Алтай, Баянхонгорын өмнөд хэсгээр дунджаас ахиу, бусад нутгаар дунджийн орчим байх төлөвтэй. Нэгдүгээр 10 хоногийн эхэн, сүүлч, хоёр, гуравдугаар 10 хоногийн дунд үед ихэнх нутгаар олон жилийн дунджаас 1-6 градусаар дулаан байх бол нэгдүгээр 10 хоногийн дунд, гуравдугаар 10 хоногийн сүүлчээр ихэнх нутгаар олон жилийн дундджаас 1-4 градусаар хүйтэн байх төлөвтэй. Хур тунадасны хувьд хоёрдугаар 10 хоногийн дунд, гуравдугаар 10 хоногийн эхэн, сүүлч үед ихэнх нутгаар хур тунадас орж, салхи салхи ширүүсэж, шороон шуурга шуурч болзошгүй байна.
Төвийн аймгуудын нутгаар. Агаарын дундаж температур Архангайн ихэнх хэсгээр олон жилийн дунджийн орчим, бусад нутгаар дунджаас дулаан байна. Хур тунадас Төв аймгийн өмнөд, Өвөрхангайн ихэнх хэсгээр олон жилийн дунджаас ахиу, бусад нутгаар дунджийн орчим байх ажээ. Сарын эхээр нутгийн зүүн хэсгээр цас орж, салхины хурд ширүүсэж, хүйтэн байх төлөвтэй. Цаашид хоёрдугаар 10 хоногийн дунд, гуравдугаар 10 хоногийн эхэн, сүүлч үед цаг агаарын муудаж, салхи шуургатай байх магадлалтай. Агаарын температур нэг, хоёрдугаар 10 хоногийн дунд, гуравдугаар 10 хоногийн сүүлчээр ихэнх нутгаар олон жилийн дунджаас хүйтэн, бусад хугацаанд дунджийн орчим, дунджаас дулаан байх төлөвтэй байна.
Зүүн аймгуудын нутгаар. Агаарын дундаж температур олон жилийн дунджаас дулаан, хур тунадас ихэнх нутгаар дунджийн орчим байх төлөвтэй. Сарын эхээр зарим газраар цас орж, ихэнх нутгаар салхи шуургатай хүйтэн байх нь. Цаашид хоёрдугаар 10 хоногийн эхэн, гуравдугаар 10 хоногийн дунд, сүүлч үед цаг агаарын муудаж, салхи шуургатай байх төлөвтэй. Агаарын температур нэг, хоёрдугаар 10 хоногийн дунд үед ихэнх нутгаар олон жилийн дунджаас хүйтэн, бусад хугацаанд дунджийн орчим, дунджаас дулаан байх төлөвтэй байна.
Говийн аймгуудын нутгаар. Агаарын дундаж температур, хур тунадас нийт нутгаар олон жилийн дунджаас дулаан, хур тунадас ахиу байна.Сарын эхээр нутгийн хойд, зүүн хэсгээр хур тунадас орж, ихэнх нутгаар салхи ширүүсэж, цасан болон шороон шуурга шуурч, хүйтэн байх төлөвтэй. Цаашид хоёрдугаар 10 хоногийн эхэн, сүүлч, гуравдугаар 10 хоногийн сүүлч үед ихэнх нутгаар хур тунадас орж, салхины хурд ширүүсэж, шороон шуурга шуурч болзошгүй. Агаарын температур эхний 10 хоногийн дунд, гуравдугаар 10 хоногийн эхэн, сүүлч үед ихэнх нутгаар олон жилийн дунджаас хүйтэн, бусад хугацаанд дунджийн орчим, дунджаас дулаан байх төлөвтэй ажээ.


0 cэтгэгдэлтэй