Монголчууд 10 жилийн өмнө дэлхийн томоохон улс гүрнүүдийн удирдагч, төлөөллүүд багтсан “АСЕМ”-ийн дээд хэмжээний уулзалтыг хийж, дэлхий дахинд Монгол улсаа сурталчлан таниулж байв. Тэгвэл энэ хурлаас өргөн бүрэлдэхүүнтэй НҮБ-ын томоохон хурал Монгол Улсад болох гэж байна.
COP17 БА МОНГОЛ ЗОХИОН БАЙГУУЛАГЧ БОЛСОН НЬ
НҮБ-ын гишүүн орнуудыг Африк, Ази-Номхон далай, Латин Америк ба Карибын тэнгис, Зүүн Европ, Баруун Европ ба Бусад гэсэн бүсүүдэд хуваадаг. COP хурлыг бүс бүрт ээлжлэн зохион байгуулах зарчимтай. 2022 онд Кот-д’Ивуар улсад болсон COP15 хурлын үеэр Монгол Улс албан ёсоор санал дэвшүүлж, оролцогч улсууд 100 хувийн саналаар дэмжсэнээр COP17-г Улаанбаатар хотод зохион байгуулахаар шийдвэрлэж байв. Монгол Улс 2023 онд UNCCD-ийн Нарийн бичгийн дарга нарын газартай хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зурж, өөрийн улсад 17 дахь хурлыг зохион байгуулах хүсэлтээ удаа дараа илэрхийлсэн, НҮБ-аас 2026 оны “Олон улсын бэлчээр ба нүүдлийн мал аж ахуйн жил” болгон зарласантай холбоотойгоор энэ удаагийн хурлыг Монголд зохион байгуулж буй.
Нүүдлийн соёл, бэлчээрийн мал аж ахуйтай учраас энэ жилийн хурлыг Монголд зохион байгуулах зөв сонголт бөгөөд монголчуудын хувьд том амбиц.
Мөн Монгол Улс цөлжилт ихтэй, хуурай уур амьсгалтай, цөлжилттэй тэмцэж байгаагийн хувьд энэ удаад НҮБ Монголыг онцолсон нь ч учиртай. Монголчууд цөлжилттэй тэмцэхийн тулд “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөнийг эхлүүлж буй Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх НҮБ-ийн индер дээр зарласан нь монголчууд цөлжилттэй тэмцэж байгааг илтгэсэн үйл явдлууд өнгөрсөн жилүүдэд болсон.
МОНГОЛД ХЭН ХЭН ЗОЧЛОХ ВЭ?
Нэгдсэн үндэсний байгууллага /НҮБ/-ын Цөлжилттэй тэмцэх конвенцын 17-р бага хурал Монгол Улсад наймдугаар сарын 17-28-ны өдрүүдэд Улаанбаатар хотод болох гэж байна. Дэлхийн улс орнууд уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг дуу хоолойгоо нэгтгэж, тодорхой асуудал дэвшүүлж, шийдэл гаргахын тулд хоёр жил тутам нэг удаа хуралддаг “Оролцогч талуудын бага хурал /COP17/”-ийн 17 дахь удаагийн хурал Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотод болох гэж байна.
Одоогоор COP17-д дэлхийн 100 гаруй орны Байгаль орчны салбарын сайд нар оролцохоо мэдэгдээд байгаа бол 3000 гаруй гадаад улсын оролцогчид хүсэлтээ ирүүлээд байна.
Мөн сайн дурын 600 ажилтан энэхүү хуралд оролцохоор бүртгүүлж, малчид, хүүхэд залуу гээд салбар бүрийн төлөөлөл 700 хүн сонгогдож, бүсчилсэн сургалтад хамрагджээ.
COP17-ООР ЮУ ХЭЛЭЛЦЭХ ВЭ?
COP 17 хурал хоёр үндсэн хэсэгтэй бөгөөд бага хурал зохион байгуулагдах орчныг цэнхэр, ногоон гэсэн хоёр бүсэд хуваажээ. Цэнхэр бүс нь COP17 хурлын үндсэн талбар бөгөөд албан ёсны хэлэлцээ, дээд түвшний уулзалт, шийдвэр гаргах арга хэмжээ болно. Энэ бүсэд зөвхөн Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын итгэмжлэлтэй байгууллагуудын төлөөлөл нэвтрэх боломжтой. Өөрөөр хэлбэл, зөвхөн хурлын албан ёсны төлөөлөгчид оролцож, хэлэлцээ, шийдвэрүүдээ гаргах бөгөөд COP17 хурал эхлэхээс дуусах хүртэл цэнхэр бүс зөвхөн НҮБ-ын эзэмшил, хамгаалалтад байна. НҮБ-ын төв байранд байдаг албан ёсны хамгаалалтын бүс үүсгэж, НҮБ-ын зөвшөөрлөөр орж, гарах эрх үүснэ гэсэн үг.
Харин ногоон бүс нь иргэд олон нийтэд чиглэсэн дипломат харилцаа, инновацын нээлттэй орон зай юм.
COP 17 ХӨТӨЛБӨР:
- Сангийн сайдууд, хөгжлийн банкууд, хувийн хэвшлийнхэн газрын нөхөн сэргээлтэд шаардлагатай хөрөнгө оруулалтын зөрүүг арилгах, томоохон хөрөнгө оруулалт татах талаар хэлэлцэнэ.
- Ус, ган гачгийн эрсдлийн менежментийг сайжруулах, усны нөөцийн нэгдсэн менежментийн хамтын ажиллагааг бэхжүүлэхэд чиглэнэ.
- Газар ба хүмүүс: Орон нутгийн иргэд, малчид, залуучууд, эмэгтэйчүүд, иргэний нийгмийн байгууллагуудын дуу хоолойг хүргэнэ.
- Хүнсний тогтолцоо ба хөрсний эрүүл мэнд: Хөрсний нөхөн сэргээлт, хүнсний аюулгүй байдал, хөдөө аж ахуйн бүтээмж, тариаланчдын амьжиргааг хэлэлцэнэ.
COP17 БАГА ХУРЛЫН БЭЛТГЭЛ 95 ХУВЬТАЙ БАЙНА
Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын Гүйцэтгэх нарийн бичгийн дарга Ясмин Фуад Монгол Улсад албан томилолтоор ажиллаж COP17 бага хурлын бэлтгэл ажлын явцтай танилцсан байна. Тэрбээр СОР17 хурлын түр байгууламжийн бүтээн байгуулалт, инженерийн дэд бүтэц, хурлын танхим, хэвлэл мэдээллийн төв, төлөөлөгчдийн үйлчилгээ, хамгаалалт, аюулгүй байдал, тээвэр, логистик, зохион байгуулалтын ажлын явцтай танилцжээ. Одоогоор зураг төсөл, инженерийн дэд бүтцийн зураг, хурлын байр, байгууламжийн төлөвлөлт, ус хангамж, ариутгах татуурга, усалгааны систем, цахилгаан хангамж, холбооны шугам сүлжээ зэрэг үндсэн ажлууд 100 хувийн гүйцэтгэлтэй байна.
Мөн хурлын цэнхэр бүсийн түр байгууламжийн угсралт, ногоон байгууламж, зүлэгжүүлэлт, гадна камер, мэдээллийн систем, холбооны угсралт, зөөврийн ариун цэврийн байгууламжийн ажлууд 95 хувийн гүйцэтгэлтэй байна.
Харин авто зам, зогсоолын ажил 90 хувь, хамгаалалтын хашаа, гадна гэрэлтүүлэг, хүлээн авалтын байр, ариун цэврийн байгууламж, харуулын байрны угсралтын ажил 85 хувь, хурлын байрны гадна гэрэлтүүлгийн кабель, хамгаалалтын хоолойн угсралтын ажил 80 хувьтай үргэлжилж байгаа бол түр барилга байгууламжийн дотоод тохижилт, явган зам, талбайн угсралтын ажил 60 хувийн гүйцэтгэлтэйгээр төлөвлөгөөний дагуу хэрэгжиж байна. Ясмин Фуад бэлтгэл ажлын явцтай танилцсаны дараа Монгол Улс COP17 бага хурлыг зохион байгуулах бэлтгэлээ төлөвлөгөөний дагуу эрчимтэй хангаж буйг өндрөөр үнэлж, энэхүү бага хурал нь газрын доройтол, цөлжилт, ган, уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг дэлхийн хамтын ажиллагааг бэхжүүлэх, бодит шийдвэрүүдийг хэлэлцэх чухал индэр болно гэдэгт итгэлтэй байгаагаа илэрхийлжээ.
COP17-ООС МОНГОЛЧУУД ЮУТАЙ ҮЛДЭХ ВЭ?
COP17 хуралд дэлхийн 197 орон, олон улсын байгууллага, шинжлэх ухааны байгууллага, иргэний нийгэм, хувийн хэвшлийн төлөөллийг нэгтгэн цөлжилт, газар доройтол, ган гачиг зэрэг асуудлыг шийдвэрлэх стратеги, хамтын ажиллагааг хэлэлцэнэ. Монгол Улсад энэ хурлыг зохион байгуулснаар конвенцын үндсэн агуулгуудаас гадна манай улсын бэлчээр, усны хомсдол, байгальд ээлтэй дэд бүтэц, зэрлэг амьтан ургамал, хөрс, уламжлалт мэдлэг-шинжлэх ухааны хосолмол байдал дэлхийн анхааралд өртөх юм. Үүний зэрэгцээ олон улсын донор байгууллага, хөгжлийн банкныхан, хөрөнгө оруулагчид Монгол руу ирж, нөхөн сэргээлт, усны менежмент, ойжуулалт, ногоон ажлын байр, сэргээгдэх эрчим хүч зэрэг төсөл хөтөлбөрүүдэд бодит хөрөнгө оруулалт хийх нөхцөл бүрдэнэ. Олон улсыг хамарсан ийм хэмжээний хурал нь гаднын санхүүжилт, хөрөнгө оруулалтын урсгалыг эрс нэмэгдүүлдэг ач холбогдолтой. Монгол Улсын Засгийн газар COP17 хурлаас 1-1.5 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт татахыг зорьж буй.
COP17 үндсэн хурлаас гадна Монголын эдийн засаг, аялал жуулчлал, гадаад сурталчилгаанд ашиг тусаа өгнө гэсэн хүлээлт бий. НҮБ-ын томоохон хурал зохион байгуулахад зочид буудал, тээвэр, арга хэмжээний зохион байгуулалт гээд дурдвал бүх салбарт дунджаар 7000 түр ажлын байр бий болно гэж тооцоолжээ.
Монголчууд COP17-г зохион байгуулагч орон болж, олон орны төлөөлөл, зочдыг хүлээн авснаар дараагийн хурал хүртэл дэлхий нийтийн анхаарлыг энэ асуудалд хандуулах, бодлогыг зангидах чухал үүрэг хүлээж байна. Өөрөөр хэлбэл, хурал зохион байгуулагч орон даргалагч байдаг бөгөөд ирэх хоёр жилийн турш COP17-оор хэлэлцсэн асуудлыг ажил хэрэг болгох, дэвшүүлсэн санал, санаачлагыг хэрэгжүүлэх, хөрөнгө оруулалт татах, дараагийн хурлыг зохион байгуулах зэрэг том үүргийг Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг хариуцан ажиллах юм. Цөлжсөн газар нутгаа сэргээх, цөлжилттэй тэмцэх ажлаа эрчимжүүлэх, уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг тэмцэх, байгаль орчноо хайрлан хамгаалах том амбицыг монголчууд дэлхийн олон улс орон, НҮБ-ын өмнө хүлээсэн хурал 12 хоног үргэлжлэх юм.


0 cэтгэгдэлтэй