Э.Билгүүн: Монголд өмнө нь тавигдаж байгаагүй “саунд драм”-д 30 яруу найрагчийн бүтээлийг эш татна

2026-03-27 8 0

 -Дэлхийн театрын өдөрт-

Улаанбаатар, 2026 оны гуравдугаар сарын 27 /МОНЦАМЭ/.  Өнөөдөр тохиож буй Дэлхийн театрын өдрөөр УДЭТ болон ҮУИТ мэргэжлийн урлагийн ууган байгууллагын хувьд 21 аймгийн театр, чуулгын болон хувийн театр, урлагийн салбарын мэргэжил нэгтнүүдээ урьж театрынхаа баярыг хамтдаа тэмдэглэнэ. Хоёр театрын хамтарсан “Театрын сургуулилалт” баярын тоглолтод эртний Грекийн Хомероос эхлээд дэлхийн яруу найргийн бүх үеийг төлөөлөх 30 гаруй яруу найрагчийн бүтээлийг дээжлэн толилуулах юм. Тоглолтын найруулагчаар ажиллаж буй УДЭТ-ын найруулагч Э.Билгүүнтэй ярилцлаа.

-Дэлхийн театрын өдрийг тохиолдуулан анхны уран бүтээлээ үзэгчдэд хүргэх гэж буйд баяр хүргэе. Энэ онцгой өдөртэй давхцуулан толилуулж буй уран бүтээлийнхээ онцлог, уран сайхны шийдлийн талаар хуваалцана уу?

-Юуны өмнө театр урлагт дуртай, эх орныхоо гоо зүй, соёлыг тээж явдаг театрын уран бүтээлчийн хувьд Дэлхийн театрын өдрийн мэндийг нийт үзэгчид, уран бүтээлчиддээ хүргэе.

Миний хувьд УДЭТ-т ажиллаад гурван сар болж байна. Энэ хугацаанд Дэлхийн театрын өдрийг зохион байгуулах комиссын хэсгийн ахлагчаар ажиллаж байна. Энэ жилийн Дэлхийн театрын үйл ажиллагаа хэд хэдэн хэсгээс бүрдэж байгаа. Эхний хэсэгт хөдөлгөөн, мэдрэмжид тулгуурласан богино хэмжээний уур амьсгал бүрдүүлэх тоглолт болно. Үүний дараа манай уран бүтээлчдийн цаашдын төлөвлөгөө, төслүүдийг танилцуулна. Харин төгсгөлд нь нэг цагийн перформанс жүжгийг толилуулна.

Ер нь манайд Дэлхийн театрын өдрөөр хүндэтгэлийн тоглолтын хэлбэр давамгайлж ирсэн. Хөтлөгч дуу, шүлэг ээлжлэн толилуулдаг хэвшмэл хэлбэрийг энэ удаа бид өөрчлөхийг зорьсон. Драмын театрын тайзнаа заавал жүжиг амилж байх ёстой гэж үзсэн учраас перформанс жүжиг сонгосон юм.

Миний найруулж буй энэхүү бүтээл нь Монголд өмнө нь тавигдаж байгаагүй онцлог жанр болох “саунд драм” юм. Энэ нь Оросын театрын орчинд үүсэж хөгжсөн, миний багшийн бий болгосон урсгал. Би энэ чиглэлээр дөрвөн жил суралцсан учраас энэ төрлөөр ажиллах боломж бүрдсэн.

-“Саунд драм” төрлийг товч тайлбарлавал?

-Энэ нь хөгжимт драм гэсэн утгатай ч бидний ойлгодог мюзикл, дуурьтай адил биш. Гол ялгаа нь хөгжим ба драм хоёрын тэнцвэрт харилцаанд оршдог. Өөрөөр хэлбэл, хөгжим нь зөвхөн арын фон, уур амьсгал бүрдүүлэгч биш, харин жүжгийн бие даасан дүр болж оролцдог. Жүжигчний үг яриатай зэрэгцэн хөгжим өөрийн “үг”-ийг хэлж, харилцан үйлчлэл үүсгэдэг.

Иймээс энэ бүтээлд, хөгжимд ч мөн адил жүжигчний адил ач холбогдол өгч ажиллаж байна. Манай үзэгчдийн мэддэг мюзикл бол ихэвчлэн дуу давамгайлсан хэлбэр, харин дуурь бол бүхэлдээ дуугаар илэрхийлэгддэг. Харин саунд драмд эдгээр элемент тэнцвэртэй, харилцан шүтэлцээтэй оршдогоороо онцлогтой.

Тиймээс энэ удаагийн уран бүтээл маань хэлэх гэсэн санаагаа нэг цагийн дотор цэгцтэй, мэдрэмжтэй илэрхийлэх, хэлбэрийн хувьд шинэ туршилт болсон онцгой ажил гэж үзэж байна.

-Шинэ найруулагчийн хувьд анхны уран бүтээлээ Монголын тайзнаа толилуулах гэж байна. Энэ бүтээлээрээ дамжуулан үзэгчдэд ямар санаа, мэдрэмж, мессеж хүргэхийг зорьж байгаа вэ?

-Хамгийн түрүүнд өөрийгөө таниулах, уран бүтээлчийн байр сууриа илэрхийлэхийг хүссэн. Гэхдээ гоё, уран цэцэн үг хэрэглэхээс илүүтэй бодит үнэнийг тайзан дээр гаргахыг зорьсон.

Өнөөдөр театр урлагийг зорьж очиж үздэг үзэгчдийн тоо багассан нь нууц биш. Ялангуяа залуусын хувьд утас, цахим орчин бүхнийг орлож, кино, контентыг гэрээсээ үзэх боломжтой болсон. Иймээс амьд урлагийн үнэ цэн бага багаар мартагдаж эхэлж байна. Хүмүүсийн хоорондын амьд харилцаа алдагдаж, нүүр нүүрээ харан сэтгэлээ илэрхийлэхээс илүүтэй мессеж бичдэг, видео дуудлагаар ярьдаг болжээ. Бодит мэдрэмж, амьд харилцаа үгүйлэгдэж байгаа энэ цаг үеийг бүтээлдээ тусгахыг зорьсон.

Мөн манай уран бүтээлчид “театрыг музей болгож болохгүй” гэдэг санаа дэвшүүлж байгаа.

Хуучныг дурсах, өв соёлоо хадгалах нь чухал ч түүгээр хязгаарлагдах ёсгүй. Театр бол амьд урлаг учраас нийгмээсээ нэг алхмын өмнө явж, цаг үеийнхээ хэлээр ярьж байх ёстой. Харин өнөөдөр зарим тохиолдолд театрын орчин, барилга, чимэглэл нь өөрөө үзмэр болж, хүмүүс жүжиг үзэхээс илүү зураг авах, сошиалд пост оруулах зорилготой ирэх нь нэмэгдсэн байна. Энэ нь уран бүтээлийн жинхэнэ үнэ цэнийг бүдгэрүүлж байна. Тиймээс бид энэ удаагийн бүтээлээрээ “гол нь барилга биш, бүтээл өөрөө чухал” гэдгийг харуулахыг зорьж байгаа. Театр амьд хэвээр байх ёстой, харин уран бүтээл нь үзэгчдийн сэтгэлд хүрч, юм бодогдуулж байх ёстой гэдгийг илэрхийлэхийг хүссэн.

Шинэ зүйл бүтээхийг зорьж буй залуу уран бүтээлчдийг ахмад, туршлагатай уран бүтээлчид дэмжиж, чиглүүлэн хамтдаа ярилцаж, бүтээлийг нь баяжуулж байх нь маш чухал гэж боддог. Манай УДЭТ ч энэ зарчмыг баримталж, шинэлэг санаа, шинэ өнгө аясыг дэмждэг.

Саяхан манай театрт ОХУ-д төгссөн нэгэн шинэ туслах найруулагч ирсэн. Бид “театраа музей болохыг хүсэхгүй, шинэчлэл хэрэгтэй” гэсэн зорилгод нэгдэн ажиллаж байна. Театр маань ийм шинэ санааг хүлээн авч, дэмжиж байгаад би хувьдаа их баяртай байгаа.

-Таны уран бүтээлийн үзэл баримтлал, гол онцлог юу вэ. Үзэгчдийн хүлээлтийг хэрхэн мэдэрч, даван туулах вэ?

-Энэ бүтээл театрын мөн чанарын тухай өгүүлнэ. Онцлог нь гэвэл уламжлалт утгаар дуу хуурт түшиглээгүй, харин яруу найргийн хэлээр илэрхийлж буй драм юм.

Нийт 30 орчим яруу найрагчийн бүтээлээс эш татан, тэдгээрийг хооронд нь уялдуулж, нэгэн цогц драматик урсгал болгон шийдсэн. Эдгээр нь зөвхөн нэг шүлгийн эмхэтгэл биш, харин өөр өөр зохиогчийн мөрүүдийг сүлэлдүүлэн, шинэ утга, шинэ мэдрэмж төрүүлэхээр найруулсан.

Мэдэх хүмүүс нь сонсоод аль зохиолчийн ямар мөр байгааг анзаарах боломжтой. Мөн тэдгээрийг нийлүүлэхэд ямар гүн утга, гоо зүй бий болдгийг мэдрэх болно.

Ер нь яруу найраг, драм хоёр салшгүй холбоотой. Жишээлбэл, “Ромео Жульетта хоёр”-ыг бичсэн В.Шекспир өөрөө яруу найргийн хэлбэрээр туурвидаг байсан. Мөн Хомер ч туульсаа шүлэгчилсэн хэлбэрээр бичиж байсан нь драмын үндэс яруу найрагтай хэрхэн холбогддогийг харуулдаг.

Миний хувьд ОХУ-д суралцаж байх хугацаандаа ч жүжиг найруулж, туршлага хуримтлуулсан. Ер нь өмнө нь Монголын театрын урлаг Оросын сургуулийн нөлөөгөөр хөгжиж ирсэн. Константин Станиславскийн системийг судалж, түүний үндсэн дээр манай театрын суурь тавигдсан түүхтэй.

-Монголын орчин үеийн театрын урлаг Оросын театрын нөлөөнөөс хэрхэн хөгжиж, өөрийн гэсэн өнгө төрхийг бий болгож байна вэ. Монголын театрын жүжигчид, найруулагчид Оросын театраас юуг илүүтэй суралцдаг, мөн юугаараа ялгарч чаддаг гэж та үздэг вэ?

-Өнөөдөр нэг сонирхолтой үзэгдэл ажиглагдаж байна. ОХУ-д, тэр дундаа Санкт-Петербург хотод сурч төгссөн залуу найруулагчид эх орондоо ирж, уран бүтээлээ туурвиж эхэлж байна. Энэ нь нэг талаараа театрын урлагт шинэ сэргэлт авчрахыг эрхэмлэж байна. Магадгүй бидэнд үндэс сууриа эргэн санах, зөв чиглэлээ тодорхойлох хэрэгцээ бий болсон ч байж болох юм. Иймээс цаашид Монголын театрын урлаг ямар чиглэлд хөгжих ёстой вэ гэдгийг уран бүтээлчид бид өөрсдөө тодорхойлж, зөв замыг зааж, шинэ үеэ чиглүүлэх нь чухал байна.

Бид бүгд өөр өөр сургуулиас ирсэн учраас суурь бэлтгэл, арга барил маань харилцан адилгүй. Багш бүр өөрийн гэсэн заах арга зүйтэй, анги бүр өөр системээр явдаг, курс бүрийн хөтөлбөр ч ялгаатай. Үүний нөлөөгөөр бидний бүтээлүүд хүртэл өөр өөр өнгө, хэлбэртэй гарч ирж байна. Гэхдээ энэ ялгаа бол сул тал биш, харин ч туршиж үзэх, эрэл хайгуул хийх боломж гэж боддог. Эцсийн дүндээ бид нийгэм дээр нэгдэх ёстой.

Театрын урлаг хаашаа чиглэх вэ гэвэл, миний хувьд шинийг илэрхийлсэн, амьд харилцаагаа хадгалсан урлаг байх ёстой гэж хариулна. Үзэгч жүжиг үзээд халуун дулаан энерги мэдэрч, уйлж, инээж, сэтгэлийн гүнээс огшиж, бүр “шар үс босмоор” мэдрэмж авах тийм л бүтээл хийх хэрэгтэй.

Өөрөөр хэлбэл, хүний зүрх сэтгэль оюун бодолд зэрэг хүрдэг урлаг байх ёстой. Зөвхөн өнгө хэлбэр хөөсөн хиймэл бүтээл хангалтгүй. Өнөөдөр бидний хийж байгаа бүтээлүүд гаднаа өнгөлөг, орчин үеийн хэлбэртэй байж болох ч дотроо хэлэх гэсэн санаа нь илүү чухал. Жишээлбэл, манай жүжигчид яруу найргийг уншиж байгаад гэнэт дүрээсээ гарч, өөрсдийнхөөрөө шууд ярьж эхэлдэг хэсгүүд бий. Жүжигчин Ж.Оюундарь, Ц.Баясгалан нарын тоглолтоос сая та бүхэн харсан байх. Миний бодлоор орчин үеийн театрт ийм “амьд” мөч зайлшгүй байх ёстой. Жүжигчин дүрээ тайлаад, үзэгчтэй шууд холбогдож байгаа тэр агшин.

Харин Монголын театрын өнөөгийн чиг хандлагыг Оросынхтой харьцуулахад, мэдээж ялгаатай. Орос улс маш олон театртай, тэр хэрээр өрсөлдөөн өндөр, төрөл жанр ч өргөн. Зөвхөн Москва хотод гэхэд хэдэн зуун театр ажиллаж, тус бүр өөрийн өнгө төрх, хэлбэрийг хөгжүүлж байна. Харин Монголд энэ зах зээл дөнгөж бүрэлдэж эхэлж байна. Сүүлийн жилүүдэд шинэ театрууд байгуулагдаж, уран бүтээлчид өөрсдийн бүтээлээ туурвиж эхэлж байгаа нь сайшаалтай.

Гэхдээ энэ бүхний хажуугаар бид үндэс сууриа хүндэтгэх ёстой гэсэн чухал зүйлийг мартаж болохгүй. Монгол Улсын Драмын Эрдмийн Театр бол 95 жилийн түүхтэй, олон уран бүтээлч, урлагийн байгууллагын эх ундарга болсон газар. Тиймээс бид өндөр соёлтой, зарчимтай байх хэрэгтэй. Бусад театраа хүндэлж, дэмжиж, хамтдаа хөгжих нь чухал. Ингэж байж Монголын театрын урлаг илүү өргөжин, чанаржиж чадна.

-Дэлхийн театрын өдрийг танай хамт олон энэ жил хэрхэн тэмдэглэж байна вэ?

-Дэлхийн театрын өдөр бол бидний баяр. Гэхдээ энэ баярыг зөвхөн баярлаж өнгөрөөх биш, хамтдаа нэгдэж, салбарынхаа болж байгаа, болохгүй байгаа бүхнийг илэн далангүй ярилцаж, нэг өдрийг утга учиртай өнгөрүүлэх ёстой гэж бид үзэж байна. Тиймээс манай хамт олон маш их хичээж ажиллаж байна. Маркетингийн алба, захиргаа, удирдлагын баг гээд бүх шатандаа хамтран ажиллаж, улс орон даяарх театруудыг нэгтгэхийг зорьж байна.

Ингэхдээ 21 аймгийн театрууд, Улаанбаатар хотын 25-26 соёлын байгууллагыг хамруулахыг зорьсон. Сүүлийн үед ийм өргөн хүрээтэй нэгдэж байсан тохиолдол бараг байгаагүй болов уу.

Бүгд төрөлх театртаа цугларч, уран бүтээлээ үзэж, санал бодлоо солилцоход уур амьсгал нь өөр болно. Тоглолтоо үзээд, дараа нь ярилцаж, шүүмжилж, дүгнэх нь өөрөө маш үнэ цэнтэй.

-Найруулагчийн хувьд цаашид ямар уран бүтээлд өөрийгөө сорихыг хүсэж байна вэ?

-Миний эхний уран бүтээл бол бүрэн төгс болсон зүйл биш. Одоохондоо би үзэгчдэд “ийм боломж, ийм хэлбэр байна шүү” гэдгийг л мэдрүүлэхийг зорьж байна. Ялангуяа “саунд драм” төрлийг жинхэнэ утгаар нь гаргаж ирэхийн тулд жүжигчид, тайзны баг, хөгжим, дуу, гэрэл гээд бүхэл бүтэн багийг урт хугацаанд бэлтгэх шаардлагатай. Тиймээс энэ удаад би тэр төгс хэлбэрийг биш, харин эхний “мэдрэмж”-ийг л хүргэж байгаа гэж хэлж болно. Үүнийг халуун усанд гараа дүрэхтэй зүйрлэж болно. Шууд гүнзгий орох биш, эхлээд бага багаар мэдэрч, дасаж ордог шиг. Яг л тийм шатандаа явж байна.

Нөгөө талаас манай үзэгчид шинэ хэлбэрийн уран бүтээлд бага зэрэг болгоомжтой, удаан дасдаг онцлогтой. Тийм учраас шууд хүчтэй “туршилт” хийхээс илүү, эхлээд бага багаар танилцуулж байна.

Мэдээж энэ уран бүтээлийг үзээд янз бүрийн санал, шүүмжлэл ирнэ. “Яагаад зүгээр хүндэтгэлийн тоглолт хийсэнгүй вэ?”, “Яагаад ийм хэлбэрийн жүжиг сонгов?” гэх мэт асуулт ч гарч магадгүй. Гэхдээ энэ бүх яриа өөрөө хөгжлийн нэг хэсэг гэж бодож байна.

Цаашдаа би энэ чиглэлээ улам гүнзгийрүүлж, илүү боловсронгуй уран бүтээл хийхийг зорьж байна. Би одоо өөрийнхөө уран бүтээл дээр ажиллаж байгаа. Нэрийг нь одоохондоо хэлэхгүй ч онцлог нь гэвэл олон соёл, олон зохиолчийг нэг дор нэгтгэнэ. Монголынхоо зохиолчдын бүтээлээс авна, гэр бүлийнхээ уран бүтээлийн уур амьсгалыг ч шингээнэ, мөн Оросын зохиолчдын сэтгэлгээ, арга барилаас ч ашиглана.

Гэхдээ энэ бүхэн зүгээр нийлсэн зүйл биш нэг л гол утга, нэг л мэдрэмжээр хоорондоо холбогдоно. Тэр нь “саунд драм” буюу дуу, хөгжим, дотоод хэмнэлээр дамжиж үзэгчидтэй холбогдох юм.

Миний зорьж байгаа зүйл бол хүмүүсийг дотогш нь өнгийлгөхийг хүсэж байна. Хүн бүрийн дотор халуун дулаан энерги байдаг, түүнийгээ битгий мартаарай гэдэг санааг өгмөөр байна. Тиймээс би зохиолуудаа сонгохдоо яг энэ мэдрэмжийг дамжуулж чадах бүтээлүүдийг л авна гэж бодож байгаа.

Холбоотой мэдээ

Э.Билгүүн: Монголд өмнө нь тавигдаж байгаагүй “саунд драм”-д 30 яруу найрагчийн бүтээлийг эш татна

 -Дэлхийн театрын өдөрт- Улаанбаатар, 2026 оны гуравдугаар сарын 27 /МОНЦАМЭ/.  Өнөөдөр тохиож буй

2026-03-27

Имартын хамт олон ISO 14001:2015, ISO 45001:2018 стандартыг амжилттай нэвтрүүллээ

Скай Хайпермаркет ХХК нь ISO 14001:2015, ISO 45001:2018 стандартыг нэвтрүүлэн баталгаажуулалтын гэ

2024-10-23

Хосбаярын ХОСЦЭЦЭГ: Бусдыг үргэлж сайн сайханд уриалж, үлгэрлэхийг хичээдэг

Та өөрийгөө манай уншигчдад товч танилцуулаач? -Би 1982 онд Улаанбаатар хотод төрсөн. Аав минь Бу

2024-09-30